Засгийн газар 2022 онд халамжид 3 их наяд төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар 2022 онд халамжид 3 их наяд төгрөг зарцуулна

Засгийн газар ирэх 2022 онд халамжид 3 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө байх нь. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, ирэх оны эхний сараас эхлэн хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгох юм байна. Харин тэнцүү хоёр хуваах эсэхийг эцэслэн тогтоогүй байгаа аж.

Гүйцэтгэх засаглал 0-5 хүртэл насны хүүхдүүдэд сар бүр 100 төгрөг өгч, 5-аас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх зэргээр насаар нь зааглах хувилбарыг судалж эхэлжээ. Судалгаагаар 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг тогтоосон байна.

Засгийн газар өмнө нь хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг олгодог халамжийг шууд зогсоохгүйгээ мэдэгдсэн. Судалгаагаар халамжийн бодлогыг үргэлжлүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарчээ.

Сангийн яам 2022 оны төсвийн төслөө боловсруулж дуусчээ. Улмаар Засгийн газрын ирэх Лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын даргад өргөн барих юм байна.

Ирэх оны улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байна. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эдгээрийн үнийн өсөлтөд найдаагүйгээ Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн шинжээч, сэтгүүлдийн клубынхантай уулзахдаа онцолсон юм. Гэхдээ нүүрсний экспортыг 36 сая тонн буюу энэ оныхоос (15.9 сая тонн) хоёр дахин өсгөж, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тонноос 9.5 сая тонн болгохоор зорьж байгаа аж. Монголбанк алтны экспортыг энэ оныхтой ижил буюу 20 тонн байна гэж үзжээ.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Ирэх онд хийх шилжих хөрөнгө оруулалт нийт 1.5 их наяд төгрөг байх нь. Тээвэр логистикийн бэрхшээлийн улмаас энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийх олон ажил хойшилсон. Бараа материалын үнэ өссөн тул тендерт шалгарсан зарим ААН тендерийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгджээ. Иймд шилжих буюу энэ  онд эхэлж, ирэх онд үргэлжлэх хөрөнгө оруулалтын ажлууд буурсан үзүүлэлттэй байна.

Статистик мэдээлээс харахад, 2021 оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8,579.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1,849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсчээ. Экспорт импортоос давамгайлж 903.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Нийт экспорт оны эхний долоон сарын байдлаар 4,741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өсчээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж