"Халдвар авсан бол архаг хууч өвчнийг нь хамт эмчлэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

COVID-19

"Халдвар авсан бол архаг хууч өвчнийг нь хамт эмчлэх хэрэгтэй"

"Халдвар авсан бол архаг хууч өвчнийг нь хамт эмчлэх хэрэгтэй"

Цар тахлын улмаас хүмүүс өвчилж, өдөрт хэдэн мянгаараа эдгэрч байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өчигдөр /2021.09.26/ гэхэд 3919 хүн эдгэрч, 17 хүн нас барав. Хэдийгээр эдгэрч, эмнэлгээс гарч буй иргэдийн тоо олон байгаа ч нөхөн сэргээх эмчилгээнд анхаарч байгаа нь цөөн.

Цар тахлын хувьд хоруу чанар ихтэй, эдгэрсэн ч шинж тэмдэг дахин илэрч, бие хямарч, архаг хууч өвчин сэдрэх эрсдэлтэйг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Улсын эмнэлгүүдийн хувьд халдвартай иргэдээ хүлээн авч дийлэхгүй, хэт ачаалалтай ажиллаж байгаа учраас эдгэрсэн иргэд хувийн эмнэлэг, сувилалд ихээр хандах болжээ. Ингээд цар тахлын дараах эрсдэл, нөхөн сэргээх эмчилгээний талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


"ЦАР ТАХЛЫН ДАРАА УУШГИ ЭДГЭХДЭЭ СОРВИЖИЖ, ЭНГИЙН УУШГИНЫ ЭД УРГАХ БОЛОМЖГҮЙ"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын хэлтсийн дарга Ж.НАРАНГЭРЭЛ:

-Цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ маш чухал. Яагаад гэхээр цар тахлын дараах үлдэц тухайн хүнд ужиг явцтайгаар эдгэрэх тохиолдол байна. Мөн уушги, зүрх, хоол боловсруулах эрхтний тогтолцоо болон сэтгэлзүйд үлдэц үлдээх асуудал гарч байна. Энэ бүхэнд нөхөн сэргээх эмчилгээ маш чухал. Салбар яамнаас зарим эмнэлгүүдэд бодлогоор нөхөн сэргээх эмчилгээний тасаг нээх байдлаар ажиллана. Жишээлбэл, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээний төслийг хийж байна. Гэхдээ хувь, хувьсгалын эмнэлгүүд гэлтгүй цар тахлын дараах өвчтөн авах амбулатори, хэвтүүлж эмчлэх болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байгаа.

Одоо Covid-19-ийн идэвхтэй халдвар өндөр байгаа ч өмнө нь халдвар авч, эдгэрсэн хүмүүс эргээд эмнэлэгт хандаж эхэллээ. Тийм болохоор нөхөн сэргээх эмчилгээг нэг чиглэлээ болгож анхаарахаас өөр аргагүй. Тухайн өвчтөний биеийн байдал, архаг хууч өвчнөөс шалтгаалж өөр өөр нөхөн сэргээх эмчилгээг хийнэ. Нийт батлагдсан тохиолдлын тодорхой хувийг хүнд, нэн хүнд хүмүүс эзэлж буй. Эдгээрт уушгины хэдий хэмжээний талбайг тухайн цар тахлын вирусийн шалтгаант хатгалгаа эзэлсэн байна гэдгээр нь хэмжиж байгаа. Ингээд их талбайг хамарсан уушги эдгэхдээ сорвижиж, буцаад энгийн уушгины эд ургах боломжгүй болж байна. Тиймээс энэ явцыг нь удаашруулах, амьсгалын дасгал тогтмол хийх, сэтгэлзүйн хувьд зөвлөгөө авах, зүрх судасны өвчин, хоол боловсруулах тогтолцоо гээд бүх эрхтний тогтолцоонд гарч буй эмгэгийг удаан хугацаанд засах асуудал гарч байна.

"БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ОНОШИЛГООГ ЗӨВ ХИЙЖ БАЙГАА ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА"

Дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.БАТБААТАР:

-Хүмүүс нэг удаа халдвар авсан л бол байнга Covid-19 цар тахлын вирус тээгч байна гэж үзэхгүй . Хоёрдугаарт, цар тахлын вирус нь хүний биед вирус нь маш удаан хугацаагаар байж бусдад тараагаад, голомт болох эрсдэл харьцангуй бага. Одоо хамгийн гол нь халдварын батлагдсан тохиолдлын оношилгоогоо зөв хийж байна уу гэдэгт эргэлзэж байна.

Вирусийн халдвар нэг биеэс нөгөө биед халдана гэдэг нь зөрөөд өнгөрөхөд халдвар авч байгаа асуудал биш. Тухайн хүний дархлааны тогтолцооны чадамж, вирусийн тоо хэмжээнээс шууд хамаарна.

Хүний биед бага хэмжээгээр вирус орвол шууд устгаж байгаа. Хэрвээ вирусийн эсрэг хамгаалах чадвараас давсан тохиолдолд хүн өвчилнө. Монгол Улсын эрүүл мэндийн салбар яг энэ зүй тогтлыг орхиж, нэг, хоёрдугаар хавьтагч гэж утгагүй, шинжлэх ухаанч бус байдлаар хандаж байна.

"ХАЛДВАР АВСАН БОЛ АРХАГ ХУУЧ ӨВЧНИЙГ НЬ ХАМТ ЭМЧЛЭХ ХЭРЭГТЭЙ"

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч Д.ЖАВЗАН-ОРЛОМ:

-Цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ чухал. Гэхдээ хүн бүхэнд эмчилгээ хийх шаардлагагүй. Хүнд хүмүүс эдгэрсэний дараа цаашдын эмчилгээг нь зөвлөж, 14 хоногийн дараа эмнэлгээс гарахыг зөвлөж байгаа. Эмнэлгийн эрчимт эмчилгээнд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд амьсгалын нөхөн сэргээх үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж, булчин суларсан байдаг. Тийм учраас хэвийн байдалд орохын тулд нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй.

Харин хөнгөн халдвар авсан хүмүүс агаар салхинд гарч, амралтаа сайтар зохицуулж, амьсгалын дасгалаа сайн хийхэд болно.

Тухайн хүнд архаг хууч өвчний сэдрэл байна уу. Жишээлбэл, чихрийн шижин, зүрхний суурь эмгэгтэй, зүрхний хэм алдагдалтай, бөөрний дутагдалтай, элэгний хатууралтай, уушгины архаг бөглөрөл өвчтэй хүмүүс Covid-19 халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр байна. Тийм учраас архаг хууч өвчнийг нь хамтад нь эмчлэх хэрэгтэй. Нас ахих тусам 2-3 хавсарсан өвчинтэй байх жишээтэй. Тиймээс цар тахлын дараах хяналтын эмчилгээг нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулах нь зүйтэй.

"ЦАР ТАХЛЫН ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНД ДААТГАЛААС САНХҮҮЖИЛТ ОЛГОДОГГҮЙ"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.ХИШИГЖАРГАЛ:

-Манай эмнэлэгт цар тахлын дараах зовиуртай хүмүүс хандах болсон. Тиймээс нэг мэргэжлийн эмчээ томилж, цар тахлын дараах амбулатори нээх гэсэн боловч энэ чиглэлээр эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодоггүй юм байна. Тэгэхээр бид нэг эмчээ уушгиныхаа кабинетад давхар ажиллуулж байгаа. Ер нь цар тахлын дараа бүхий л эрхтэн системд зовиур илэрч байна.

Цаашдаа хор уршиг нь удаан хугацаанд л гарч ирэх байх. Одоо бол эдгэрсэн хүмүүсийн уушги сорвижиж, өөрчлөлт орох, архаг хууч өвчин нь сэдрэх тохиолдол олон байна. Халдвар авсны улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн сахар нь ихсэх, элэг, бөөрний үйл ажиллагаа нь алдагдах гэх мэт энгийн үедээ арайхийн аргалж байсан өвчтөнүүд хүндрэх шат руугаа шилжиж байна. Хамгийн гол нь хүний уушги ихээр гэмтэж, цус бүлэгнэлтийн эмгэг илэрч буй.

Уушги хамгаалах гормоны эмчилгээ хийх нь бусад сахартай, даралт өндөртэй хүмүүст эсрэгээрээ харшлах асуудал ч гарч байна.

"ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭХ ЮМ БОЛ ЭМЧИЙН ХЯНАЛТАД ОРЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ"

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ц.ЧИНБАЯР:

-Тухайн хүн хэр хүнд өвдсөн, ямар  хүндрэлтэй байсан гэдгээс шалтгаалан цар тахлын дараах эмчилгээг хийнэ. Шууд ингэж эмчилнэ гэж хэлэх боломжгүй. Цар тахлын дараа шаардлагатай гэж үзэх юм бол эмчийн хяналтад орж, тухайн хүн болгонд тохирсон эмчилгээг хийдэг юм. Манайх эмнэлгийн тусламж нэн шаардлагатай байгаа хүнд хүмүүсээ бүрэн хүлээж авч чадахгүй байна. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээг хийх боломжгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж