Шатахууны хомсдол арилсан ч банкаа дүүргэх "боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдол арилсан ч банкаа дүүргэх "боломжгүй"

Шатахууны хомсдол арилсан ч банкаа дүүргэх "боломжгүй"

Шатахууны нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болж байна. Иргэдийн хувьд шатахуун авахын тулд станцын үүдэнд дугаарлаж, түгээгчийн гарыг цайлгаж, мах хүртэл худалдан авах шаардлагагүй болох нь. Энэ нь хоёр хөршид "гацсан" шатахууныг нийлүүлж эхэлсэнтэй холбоотой. Эхний ээлжид ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1210 тонн бүхий 20 вагон АИ-92  шатахууныг өчигдөр татан авсан. Мөн өдөр БНХАУ-аас  2750 тонн  шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд ирэв. Иймд шатахуун импортлогчид автобензиний борлуулалтаа хэвийн горимд шилжүүлэхээр болсноо ч мэдэгдлээ.

Гэхдээ сургаар  хэн дуртай нь өмнөх шигээ дуртай үедээ хүссэн хэмжээгээрээ шатахуун авч нөөцөлнө гэсэн үг биш. Ийм боломж ч байхгүй. Хил залгаа хоёр улсаас хараат бидний хувьд эхний ээлжид татан авсан шатахуун бол ердөө л “амь тариа” гэсэн үг.

Учир нь, ОХУ-аас нийлүүлсэн 1210 тонн бүхий 20 вагон АИ-92  шатахуун бол хоёр хоногийн хэрэглээ ч хүрэхгүй. Монгол Улс хоногт 1000 орчим тонн шатахууныг ердийн хэрэглээнд хэрэглэдэг бол сард 38-40 мянган тонн шаардлагатай.

Шатахууны хомсдолыг шийдвэрлэхэд төр анхаарч, ирэх сарын 1 гэхэд эл асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөснийг холбогдох албаныхан мэдээлсэн. Энэ асуудалд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, шатахуун импортлогчид ажиллаж буй.  Ийм боловч хоёр хөрш наашаа толгой дохихоос нааш бид тогоон дотроо асуудлаа мянга хэлэлцэж гарц хайгаад ч  нэмэргүй биз ээ. Бидний хувьд хойд хөршөөс А92 шатахууны 90 гаруй хувийг татан авдаг. Энэ ч үүднээс “Роснефть” компани ирэх сард 51 мянган тонныг нийлүүлэхээр болсон. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогчдын төлөөлөл тус компанитай  энэ сарын 23-нд уулзах үеэр ийм шийдвэрт хүрсэн билээ.

Тус компани есдүгээр сард ачигдаагүй үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сард ачигдах 44 мянган тонн шатахуун дээр нэмж тооцохоор болсон нь энэ юм. Учир нь ОХУ 28 мянган тонн шатахуун нийлүүлэхээр байсан ч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байгаа бөгөөд 17 мянган тонныг нийлүүлсэн гэх.

Монгол Улсын хувьд  ОХУ-аас 51 мянган тонн А92 шатахуун ирэх сард татан авах өөдрөг төсөөлөлтэй байгаа. Гэвч  хойд хөрш “хүсэхгүй” бол  дахин “үйлдвэр засвартай” гэх шалтгаанаар цоргоо хаахыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талд, Монгол Улсын худалдааны гол түнш Хятад улс ирэх сараас долоо хоногоор хилээ хаахаар болов.

Энэ нь монголчуудын хувьд хүндхэн цохилт болж байна. Ирэх сарын 1-7 хүртэл тээвэр зогсох нь зөвхөн нүүрс, зэсийн баяжмал төдийгүй шатахууны асуудал ч хөндөгдөж байгаа юм. Тус улсаас 1037  вагон буюу 50 гаруй мянган тонн АИ-92 бензиний мөнгө төлсөн ч эхний ээлжид ердөө 2750 тонныг л татан аваад байгаа нь энэ. Саяхныг хүртэл монголчууд шатахууны үнэ өсөх бүрт бухимддаг байсан бол одоо хомсдол дахин үүсэх вий гэх болгоомжлол ч бий боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж