Антиамериканизм-Цагаач хов

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

Антиамериканизм-Цагаач хов

Антиамериканизм-Цагаач хов

“Америк дэлхийн харгис жандарам” , “Янкууд үхэж барагдаасай”, “Америкгүйгээр л амьдрах минь”, “Афган ах дүүсийг алан хядаж байсан америкууд өшөө олноороо живэж үхээсэй”, "fuck тивтэйгээ живээсэй”, “Америк сөнөхийн цондон нь ирж байна”, "Орос  Хятад хоёр байсан цагт Америк бидэнд хэрэггүй”, “Америк манай байгалийн баялагт шунаж байна”, "Америкийн золбин ардчилал Монголыг сөнөөх гэж байна,  "Короновирус  Америкийн зэвсэг”, "Америк агуу их Хятадын гарт сөнөнө”, "Зөнөг Байден зайл”, “Энэ америк авгай юу хийж тэнэж яваа юм бэ? Манайхаас зайл” гэх мэт бол Монголын нийтийн цахим сүлжээнд Америктай холбогдон гарч байдаг түм буман зүхэл хараалын хэдхэн жишээ.

Хараагчид Америк гэсэн үгийг дуулангуутаа л нүдэнд нь цус хуран, шүдээ хавиран, гүрээнийхээ судсыг гүрийлгээд  л харааж зүхэж, хоолойгоо сөөтөл, хошногоо түмбийтэл орилолдож  гарна.

Янк гэдэг чинь юү гэсэн үг вэ? гэвэл тэд мэдэхгүй дээ, аягүй бол.  Шөнө хонь үргэхэд, гэрийн хатавч руу бөгсөө нааж, цавиндаа хошуугаа шаачихаад таг дуугүй хэвтэж байснаа эзнээ гараад ирвэл хоточ нохой болох гэж, ухас хийснээ холдож чадахгүй эргэн харж хоргодон боргодог тэжээвэр гөлөг лүгээ төстэй. Гайхалтай нь эд тийм ч цөөхөн биш. Хэвлэл,мэдээлэл хийгээд цахим орчинд Америкийг  үзэн муулагчид зэгсэн олон.

Тэдний хэнээс нь ч: "Чи юун учир Америкийг ингэж зүхэж байдаг юм бэ?” гэж асуувал сөөм ч хариу байхгүй. Тэгэх шалтгаан учир байдаг үгүйг ч олоод мэдчих ухааны сиймхий тэдэнд байхгүй. Тэд зүгээр л ингэж бархирч байх далд учир байдаг бололтой юм билээ…

    Улигт энэ антиамериканизм өдгөө зарим албан тушаатан нараар дөрөөлөн Монгол төрийн бодлогод нөлөөлөх гэж дээш асаж байгаа нь нэн ноцтой.

Уг нь үзэж уншдаг хүнд гэхүл, Р. Болд, Б.Батбаяр (Баабар), Ц. Батбаяр, Д. Ёндон,   Хангины Гомбожав, Оуэн Лотимор, Роберт Рупин, Рой Чепман Эндрюс тэргүүтэн  бичгийн цөөн бус хүн Монгол-Америкийн харилцааны учирт бичсэн түүхийн бузгай арвин сурвалж ном судар бий л дээ. Тэдгээрийн дотроос Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Равдангийн Болд Америкийн архивийн баримтыг, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Дарамын Ёндон хэрэг явдалд биечлэн оролцож мэдсэн барим тавам баримт сэлтээ, дор бүрнээ дэлгэрэнгүй ашигласнаараа үнэмшилтэй хийгээд нэн сонирхолтой хоёр ном бичсэн байдаг аа.

Мөхөс хүмүүн би мөнөх тэжээвэр хөлөг дүртэн нарын хэрхэн боргохыг үзээд, худал хуурмагийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй илүү зандаа хөтлөгдөн нэг юм бичдэг юм билүү гэж бодоод, өмнө дурдсан бичиг номыг гүймэг зэрвэсхэн уншиж асан хийгээд Монгол- Америкийн харилцааны хэрэг үйлсэд зүтгэл оролцож явсан дипломат албаны Ванчиндорж, Нямдоо, Эрэндоо, Ёндон мэтэс эрхэм хүмүүстэй уулзаж учирч, ярьж хөөрч явсанаа уйтан ухаандаа нэхэн санаж үзвээс, Хорьдугаар зууныг гартал Монгол Америзийн харилцаа гэмээр юм ер байсангүй аж л. Тийн ахуй нь ч аргагүй юм даа.

Монгол дахь шарын шашны тэргүүн лам-Анхдгаар Богд тэргүүлсэн Халхын ноёд Арван хоёрдугаар жарны Цагаагчин хонин жилд Долооннуурын газарт доншиж, Хятадын манж хааны өдмийд бөхийж гарын үсэг зуралцан дагаар бууж, лавтай яа арван хоёрдугаар зууны эхэн цагт төгөлдөр төрөө төвхнүүлэн тусаар туурга бүхүй Тэнгэрлэг оршиж ирсэн Монгол Улсыг устгаж, нүгэлт хэргийг үйлдэснээс даруй наян таван жилийн хожим Нарт Ертөнцөд үүсэн гарч ирсэн Америк улс нэгэнт мөхөж алга болсон Монгол Улс лугаа хэрхэн харилцаж ярилцах ч билээ дээ.

Тийн бээр, Арван тавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвөл Монгол нурсан туургаа сэргээн засаж, мөхсөн Төрийнхөө  голомтыг сэхээн асааж, Тусаар улс болов хэмээхүй зар зангийг сонордоод Америк гүрэн “Энэ юун буй” гэж гайхаж анзаарсан бололтой байдаг.

Энэхүү эрэн ахул, нас бие тэгширч алдаж явсан цэл залуу Амеркийн хувьд Дорнын агуудам дайдад Далай алхан очоод арилжаа наймаа,ашиг оролгын үүдийг цэлийтэл нээгээд асан цаг нь байжихуй. Саахь үйлсээ Америк бээр,далгай дэлгэр Хятад орноор дамжин бүтээж асан аж. Хятад орон нь харин, угийн баахан бүрхэг  харанхуй,бүдүүлэг ядмаг дээрээ, Их Британи толгойтой Европын хэдэн гүрний өдөөсөн Хар тамхины хоёрын хоёр дайнд сүйрэхийн сацуу, “Дайны хажууд дажин” гэгчээр, өөрийнхөө “Нударган зодоочид”-ын самуунд нэмэж нэрвэгдээд дордох доройтохын туйлд хүрч, ёстой л эцэж сульдсан илжиг лүгээ адил болоод байж л, хөөрхий.

Цагийн буулга ийм байхуй дур, эр чадал нь аагсан идэр залуу Америк бээр, Хятад газарт шунасан ханиад лугаа адил  шигдсэн хөгшин Европынхныг булчинлаг тохойгоороо ярсхийгээд Дорно дахинаа арилжаа наймаа, аж ахуйн хэрэг үйлсээ бүтээж эхлэжихүй. Энэхүү зориг санаагаа бүтэмж сайн  гүйцэлдүүлэхүйд нь, хоосон ядуугийн гачланд гасалж,хар тамхины хоронд мансуурсан ч гэлээ найман зуун сая ам, нэгэн тэрбум зургаан зуун сая гар бүхүй Хятад орон чухам л олз омгийн орон газар мөнөөсөө мөн байжихуй. Тийн учирт, Хятад улсыг дайн дажин үгүй, самуун сүйтгэл үгүй айвуу тайвуу,бүтэн бүрэн байлгах нэн ч чухаг байв ажгуу. Америк тэгж, өөрт ашигтай,өрөөлд тустай байж чадаж байлаа. Энэхүү зуур, Манж хаант засаг мөхөж, ардчиллын загварт Бүгд Найрамдах ёсон тогтоод Хятад газар бүр ч таатай болоод ирвэй…

Чингэж атал нарлаг цэлмэг өдөр тэнгэр дуугарах лугаа адил, Ар Монгол гэгч нэгэн өчүүхэн үндэстэн мөнөөх бүхэл хамгаараа ихэд хэрэгтэй Хятадаас нь туурга тусгаарлан салж одов гэх жигтэй хачин занги сураг чих дэлджихүй.

Хятадад дахиад л самуун дэгдэх ахул арилжааны нь хэрэг зорилгод хор тотгор болж магадгүйн чухам учирт Америкийн Ерөнхийлөгч В.Вильсон бээр Ар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэгэнтээ дуугарсан байдаг үнэн ч, хүмүүний зориг эрмэзлэлийг ямар ч цааз хуулиас давуутайд үзэж, дарлагдсан буурай ард түмнийг асран тэтгэх хийгээд үндэстний өөртөө засан тохинох эрхийг дэмжих ёстой Америкийн тулгуур зарчим тэргүүтэнг  давтан илэрхийлсэн “Энх таймны гэрээ” гэгчээ тунхаласнаасаа хойш Монгол улсын тухайтад урвуу үг дахиж хэлээгүй, тэр тусмаа тийм үйл хийгээгүй бололтой байдаг аа. Ер нь, тэрнээс хойшид Америкийн аль ч ерөнхийлөгч  ямар ч засаг  Монголын учир муу санаа бодлого гаргасан  баримт нэгээхэн ч байдаггүй юм билээ.

Америкийн цаг цагийн удирдагчид буурай энэ Монгол эзэн гүрнээсээ туурга тусаарлаад улс байгуулж тохинуулан авч явах оюуны хийгээд аж ахуйн чадвартай юм уу, үгүй юү? Хятад Орос хоёр энэнд хэрхэн хандах тэргүүтнийг  ажиглаж, азнан хүлээж бага бус цагийг зарсан нь харин үнэн юм билээ л. Эгүүнийг нут болгох баримт сэлт бузгай арвин байдгаас цөөхнийг иш болгон дурьдсу.

Ар Монгол Богт Хаант улсаа даяар дэлхийд зарлан тунхагласан даруйдаа Их Мэй улсын гадаад хэргийн эрхэм сайдын мутарт бариулах Монгол улсын засгийн газрын захиа бичгийг өвөртлүүлэн нэгэн сайдаа зарсан ажгуу. Саяхь захиа бичигтээ “ Бидний монголчууд…Чин улсаас салж бүрэн эрхт тусгаар тогтносон Улсыг байгуулав…Энэхүү мэдээллийг гадаад орнуудын засгийн газарт хүргэхийг хичээнгүүлэн хүснэ…Үүнийг хүлээн авмагц Таныг засгийн газраасаа биднийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулан, найрамдлыг зузаатган худалдаа хийх хүсэлтийг уламжлахыг хүснэ” гэх мэтчилэн Америк гүрэн лүгээ харилцаа үүтгэх эрмэлзлээ нутлан илэрхийлсэн байжихуй. Тусаар туургаа сэргээсэн Монгол улс бээр гадгаад ертөнц дур хандсан анхны энэхүү дахиа бичгийг өвөртлөн очсон Монгол төрийн сайдыг Харбинд сууж байсан, Оросын консул саатуулан зогсоож чанагш үл гаргасанд мөн тэнд агч, Америкийн консул Мейнард бээр Хятад, Оросын консул нараас далдуур саахь монгол сайд лугаа шөнө дөлөөр нууц учиран хөөрөлдөөд мөнөөх эрхэм чухаг захиа бичгийг нь гардан авч Төрийн департментдаа илгээж, учир явдлыг уламжилсан байх аж. Энэ явдал үйл  Монгол Америк хоёрын төрийн харилцааны эхэн үүдийг нээсэн буюу.

Энэхүү эрхэм захиа бичгийг өвөртлөн одож, Америкийн консул лугаа учран золгож, амар мэндийн хөөрөг анх зөрүүлсэн, Монгол төрийн төлөөний хүмүүн аваас Манж хаант Хятадын эзэгнэлээс улс гэр,угсаатан түмнээ чөлөөлөн авч,тусаар туургат төр улсаа сэргээн байгуулах их үйлсийг санаачлагчийн нэгэн, тэгүүний төлөө тэмцэлийг манлайлан тэргүүлэгч, эрдэм номд хэвтэрсэн сэц мэргэн ухаантан, Хаант Монгол улсын шадар сайд, ерөнхийлөн захирах сайд, Дотоод хэргийг бүгд шийтгэн захирах яамны тэргүүн сайдын албыг дараалан хашсан, Ар Монгол, Өмнөд Монгол, Буриад Монгол, Урианхайн Хязгаарыг нийлүүлэн хамсгаж, Нэгдмэл Монгол Улсыг тохиноон төвхнүүлэх хамаг монгол үзэлтэн, хожим нь чухам энэ эрхэм үзлийнхээ төлөө Оросын занал хорсолын золиос болж зандалчны нь гарт амиа алдсан, төрийн Чин ван, шашны Да лам давхар алдартан Гомбын Цэрэнчимэд авай.

Чухам эндээс л Америк улс Монголыг анхааран үзэж, ажиглан судалж эхэлсэн байдаг аа. Төр нийгмийн хийгээд эрдэм судалгааны цөөн бус хүнийг инагш илгээж асан баримт сэлт ч бий. Америкийн арилжаа наймааны хэрэг ч бага сагаар оршин байж. Энэ цагт Монгол улсад Америйн арван долоон дүүс арилжаа хийж байсан гэх занги мэдээ байдаг. Монголын засаг албныхан ч,эгэл түмэн олон ч Америк, Оросын наймаач арижаачдад нийлэмж сайн, ний самс асан ажгуу.

Бээжингээс, Америкийн худалдааны нэгэн төлөөлөгч Засгийн газартаа Монгол хүмүүс америкийн худалдаачдад тун элгэмсэг ,харин Япон, Орос хоёроос жаахан болгоомжилдог, хятадуудад их дургүй гээд улмаар “Хүрээнд Консул суулгавал улс төр, худалдааны нөлөө үзүүлж, энэхүү гайхалтай орны хөгжилд тус дөхөм үзүүлэх хүчин зүйл болохсон” хэмээн бичиж байжээ. Бээжинд сууж байсан, Америкийн элчин сайд Рейнш ч Монголд Консул-төлөөлөгчийн газар байгуулахыг санал болгожээ.

Бээжинд байсан, Америкийн албаны хүмүүс Хятадын засаг захиргаа хийгээд хятад хань үндэстэн Монголд ёс бус ханддагийг дуулган бичиж байсан олон баримт байдаг. Жишээ нь: Америкийн элчингийн нэгэн ажилтан Филоун Хүрээнд очиж ирээд “ Хүрээн дахь Хятадын яаманд Монголын Хан, Гүн найман удирдах хүнийг ямар ч шалтгаангүйгээр баривчилан хорьж, та нар Бээжин дахь, Америкийн элчин сайдад захиа бичиж, хүсэлт тавьсан гэнэ. Тэр захиандаа юү бичсэнээ хэл гэж тэд нарыг шөнө болгон харгис хэрцгийгээр зодож тамалсан байна. Ар Монголд америк бизнес саад тотгоргүй сайн байна. Харин Хүрээнд суудаг Хятадын тушаалтан нар гадаадын иргэдийг хавчин боож,Хүрээнээс цахилгаан мэдээ явуулахыг хүртэл хорьж байна. Тийм учраас Америк улс Хаалган, Хүрээ хоёрт аль алинд нь консул суулгах нь зүйтэй гэсэн санал тавьж байжээ.

Америкийн албаны хүмүүс хожим нь, Хятад улс Ар Монголын тургаар тогнолыг цуцлав хэмээн олонтаа бичсэн нь ч Америк улс Богд хаант Монгол улсыг Хятадаас тусдаа оршиж байна гэж үзэж байсныг гэрчлэнэ гэж доктор Р.Болд бичсэн байдаг.

Монгол улсыг Америк далд чанадаа хэрхэн үнэлж асан нь Ар Монголын тусгаар тогтнол Хятад Орос хоёрын хооронд хамгийн хурц гарч ирсэн 1945 оны зун бүр ил болсон ажгуу. Бүгд Найрамдах Хятад улс Зөвлөлт Холбоот улс хоёр найрамдлын гэрээ хийхээр Хятадын Ерөнхий сайд Сун Зывень Москва хотод ирж мөнөөх гэрээгээ ярьж хэлэлцжихүй. Чингэтэл Оросын талын гаргасан төсөлд гэрээ байгуулагч хоёр тал Ар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гээд биччихсэн байх нь тэр ээ. Эгүүнийг үзэнгүүтээ ноён Сун Зывень аянганд нэргүүлэх лүгээ адил болсныг таахуй бэрх бус аа. Балмагдан сочиж,бахардан сандарсан саяхь бээр өврийн хүргэн ах эрхэм Ерөнхийлөгч Чан Кайши дур үтэр зуур төмөр утас зохиж, цахилгаан утас шидэж,сүйд майд бололгүй яах вэ,хөөрхий.

Хадам ахаасаа ч бүр илүү тээдэж тэвдсэн Чан Кайши хатуу хахир Сталины “шунаг муу санааг” мохоон торгоох арга чаргыг сүвэгчилэн эрэхүйдээ цорын ганц нөмөр нөөлөг, түшиг тохой хэмээн горьдогч Америк гүрэнд л хандахаас өөр яахсан билээ. Тийн бээр,богино цагийн зуур Америкийн төрийн Депортамент, төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчид хүртэл олон олонтаа утас цохиж, элч зарж, захиа бичиж, Америк, Их Британи, ЗХУ-ын Ялтад хийсэн хэлэлцээрт Ар Монголын Статус-квог хэвээр хадгалана гэж тогтсон атал Зөвлөлтийн удирдагч Сталин энэхүү хэлэлцээрийг зөрчиж Ар Монголын Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэж тулган шаардаж байна. Иймд, Ар Монголын статус-кво гэж юуг чухам хэлэлцэн тохирсноо тайлбарлаж өгөөч гэх мэтээр ээрч хоргоож эхэлсэн байх.

Ингэж нэхэх учир Хятадад бас ч байсан ажгуу. Юун гэвээс Социалист ЗХУ хөрөнгөтний БНХУ хоёр 1924 онд Монгол Улсын ар хударгаар өвөр зуураа нууц гэрээ хийж, Монголыг Хятадын нэг муж гэж тохиролцож, 1915 онд Монгол Улсын тусаар туургыг хавсайдан хөнөөсөн зүдэг хуйвалдаанаа давтан баталсан байсан нь Хятадад өгөөш болсон хэрэг. Ялтын хэлэлцээрээр  АНУ, ЗХУ, Их Британи Ар Монголын статус-квог хэвээр хадгалана гэсэн нь чухамдаа Зөвлөлт Хятад хоёр 1924 онд хийсэн гэрээний заалт мөн гэж Хятад зүтгэх нь олон улсын гэрээ эрхийн ёсоор үзэхүл "Үгүй" гэхэд бас ч хэцүү байсан хэрэг. Тийм ч учраас Америк ялтын хэлэцээрийн заалтыг манайх тайлбарлахгүй гэж цааргалсан хэрэг болов уу? Хятад улс, тэгвэл Зөвлөлт манай хоёрын энэ хэлэлцээрт Америк, Англи хоёр оролцож өгөөч гэж гуйсан аж. Энэ нь Ялтын хэлэлцээрт оролцсон ондоо хоёр хөрөнгөтөн гүрнийг оролцуулаад ЗХУ-ыг ганцаардуулан шахах гэсэн санаа байв. Америк мөн л танай хоёр улсын хэлэлцээрт Англи манайх хоёр оролцохгүй хэмээжихүй.

Ийн бээр, ёстой л “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болох нь тэр ээ. Мөнөөх Америк нь өмөөрч хамгаалах нь атугай “Санаа буруулж салж одсон өчүүхэн Монголыг өмгөөлөх янзыг үзүүлдэг байгаа. Чухам гэвээс Америкийн удирдлага Ялтын хэлэцээрийг Америк тайлбарлахгүй. Бичсэнээр нь ойлгоно хэмээн бултаж, Чан Кайшийн засгийн газарт тухайлсан тэр хэргээр тус дэмийг үзүүлэхээс татгалзжихуй…

Ялдар хэлвээс, манай мөнөөх ахан дүүгийн халуун элгэн найрамдалт ЗХУ маань биднээсээ нууц хэлэлцээр хийж,тусаар туургат Монгол Улсыг дахин Хятадад эрээ цээргүй худалдсан 1924 оны гэрээг манай тэр цагийн юм мэддэг сэхээтэн нар, гарын үсэг зурсан сайдынх нь нэрээр “Харханы хар гэрээ” хэмээн хочилдог байсан юм гэнэ билээ.

…Шунасан ханиад шиг салахгүй шалсан Хятадын засгийн газрын төвөг яршигт залхасан АНУ-ын Төрийн Дипортамент “Ар Монгол, Манжуурын талаархи Хятадын хүлээн авч болох заалт буюу Ялтын хэлэлцээрийн талаархи АНУ-ын тайлбар” хэмээх баримт бичгийг шийтгэн гаргаж,түүндээ: Манай дэд ерөнхийлөгч Уоллес Улаанбаатарт зочилоход БНМАУ нь хөрш орнуудаасаа ялгарах онцлогтой харагдаж байсан хийгээд ард түмэн өөртөө засан тохинох зарчимыг баримталбаас  Монголын ард түмэн Хятад улсаас салж, тусгаар тогтносон улс болох нь лавтай. Удаан оршин тогтносон бодтой нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхийг Хятадын засгийн газарт зөвлөмж болгохын сацуу, БНМАУ тусгаар тогтнох нь Америкийн ашиг сонирхолд харшлахгүй хэмээн Монголын тусгаар тогтнолыг ил бад,түс тас дэмжсэн ажгуу. Чингэснээрээ Америк улс Ялтын хэлэлцээрийг санаачлан байгуулсан нэг гүрний хувьд “Ар Монголын статус-кво”  гэдэг аваас зөвхөн ч де-юрыг төдий бус Монгол Улс бодтоор оршин тогтнож байгаа де-фактог ч хэлж буй хэрэг мөн хэмээн, ЗХУ, БНХУ хоёр 1924 онд Ар Монголыг Хятадын нэгэн муж мөн гэж Монголоос нууж  байгуулсан луйврын гэрээг гул барих гэсэн хятадуудын заль мэх-маргаант ойлголтыг нэг тийш болгон хайм хагалсан хэрэг агаад Монгол Улсад үзүүлсэн томоохон дэмжлэг яах аргагүй мөн бөлгөө…

Дэлхийн хоёрдугаар дайны холбоотон хоёр том гүрэн ЗХУ, АНУ-ын хам шахаанд автаж аргагүйдсэн БНХУ-ын засгийн газар 1945 оны 7 сарын 6-ны шөнө дөл хуралдаад уйлж унжин байж, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурахыг тэр цагт Москоов хотод хүлээж байсан Ерөнхий сайд Сун Зывендээ соёрхсон  ажгуу.

Ийнхүү, умард өмнөд хоёр хөрш маань олон жил далд булаалдаж, ил наймаалцсан Монголоо арай гэж нэг юм “Улс мөн” гэж харилцан зөвшиж, Загалмайтны он тооллын нэгэн мянга есөн зуун дөчин тавдугаар оны долоодугаар сарын арванд гарын үсэг зурсан байдаг бөлгөө.

Ялдар сонин болговоос, Америкийн ерөнхийлөгч вээр, танайхаас Сун Зывен л Зөвлөлт холбоот улстай энэ гэрээг хийж чадна. Тэрнийг л явуул гэж Чан Кайшид тулган ятгаад бүр тусгай онгоц гарган хөлөглүүлж Сун Зывенг Москоов тийш мордуулангуутаа “Сун өнөөдөр гарлаа шүү” гэсэн тусгай цахилгаан утсыг Сталинд илгээсэн байдаг нь далд чанадаа учир начиртай байсан бололтой. Юун хэмээвээс, саяхь Сун Зывен ахул Америкийн нэгэн томоохон үйл хэрэгт бизнес хийн оролцож, мөнгө зоос, хөрөнгө зөөрийн ихээхэн ашиг завшааныг олж, хөлжин бэлжиж, Хятадын тэргүүн баяны зиндаанд хүрсэн учиртаа Америкийн үгнээс гарахгүй нэгэн байжихуй.

Монгол-Америкийн харицааны хамгийн сонирхол бүхүй бас нэгэн хэрэг явдал гэхүл  энэ Дэлхийн хамаг улс орон хуран чуулдаг их асар өргөө бологч Нэгдсэн үндэстний байгууллага(НҮБ)-д тусаар туургат Монгол Улс элсэн орж, бусад хамаг улс лугаа суудал зэрэгцэхийг эрмэлзэхэд Аврага том Америк гүрэн хэрхэсэн нь байдаг. Энэ учирт энд богино зуур хэдхэн баримт сэлтийг өчсүгэй хэмээвсээс ийн ажгуу:

Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө, лут хөрш ЗХУ, БНХУ хоёр манайхыг улс мөн хэмээн зөвшөөрөн тооцож гэрээнд гарын үсэг зурны маргааш жил буюу 1946 онд өргөн барьсан аж. Чухам тэр 1946 онд АНУ НҮБ-д өргөдөл өгсөн бүх улсыг тус тусад шүүн хэлэлцэн шилж сонгож элдэв шалтгаанаар алаг үзэлгүй, хам багцаар нь санал хурааж бүртгэн авч байх. Чингэж санал хураахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд хориг тавьдаггүй байх журам тогтооё хэмээсэн нэгэн сонин саналыг гаргаж хэлэлцүүлэхүй дур НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрх дарх бүхүй байнгын таван гишүүний нэгэн,манай “Ахан дүүгмйн найрамдалт”  ЗХУ тас няс хийтэл татгалзаж хориг тависны учирт Монгол Улс Итали, Австри, Португаль, Финлянд тэргүүтэн бас бус хэдэн улс лугаа хамт НҮБ-ын хаалганы гадаа үлдсэн түүхтэй. Хожим нь эдгээр улсын олонх нь манайхаас түрүүлээд НҮБ-д элсчихсэн байдаг нь ЗХУ хориг тавиагүй л гэсэн үг бизээ.

Тэрнээс хойш Хятад л НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хориг тавих эрхэндээ дулдуйдан зуудаг нохой шиг архиран боргож, Монголыг энэ эрхэм байгууллагын босгыг алхуулахгүй хорисоор хорьдугаар зууны жараад оны нүүрийг үзсэн байх. Энэ учирт хачин гайхалтай нь мөнөөх  маний ганц мэддэг, "Манай заналт дайсан, дэлхийн дахины харгис цагдаа, дэвшилтэд хүмүүн төрлөхтөнийг халуун цөмийн дайны галд түймэрдэн хөнөөхийг тэсгэл алдан горьлогч, империолист Америк" харин өөртэйгөө дипломат харилцаа тогоохоос зугатаагч социалист Монголыг НҮБ-ын хаяа хатавчнаас хазаж хайрч,хасаж хөөх нь үгүйгээр үл барам бүр дэм тусыг үзүүлэх янз бүхүй байжихуй.

Хорьдугаар зууны жараад он бол дөчин таван оноос эрс ялгаатай, Америк Зөвлөлт хоёрын, дайны холбоотны сайн харилцаа хуучирч, үзэл суртлын тэмцэл нь хурцдаж,”Карибын хямрал” гээч, дэлхийг халуун цөмийн дайны сүйрлийн эрмэг дээр аваачсан нэн овилгогүй, тун аюултай хэрэг явдал хүртэл гарч байсан цаг болохоор Монгол НҮБ-д элсэх нь Зөвлөлтийн талд л нэг санал нэмэж өгөх хортой, хэнд ч ашиггүй хэрэг гэж үзэж магадгүй байжихуй. Гэтэл Америк ашгүй тэгж үзээгүй нь бүлэглэлийн цаг зуурын ашиг сонирхолд баригдалгүй, дэлхий нийтийн чанадын хэргийг илүүд тооцсон алсын хараатай хандлага байсныг дэлхий дахины өнөөгийн янз байдлаас ч харж болох мэт ээ.

Бүр тавиад оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч  Д.Эйзенхауэр Хятадын ерөнхийлөгч Чан Кайшид хандан Монголыг НҮБ-д элсүүлэх асуудал яригдвал хориг тавихгүй байвал дээрсэн гэж ятган сануулж байсан архивын баримт бий аж.

Чингээд жаран оны эхээр НҮБ-д Монголын гишүүнчлэлийн асуудал дахин босож ирэхэд Америк энэ хэрэгт тохиолдох цорын ганц саад тотгор мөнөөх гайт Хятадын хоригийг тавиулахгүй байх гэж эрчимтэй ажиллаж эхэлсэн байдаг. Америкийн дипломат алба, Төрийн дипертамент(Засгийн газар) болон Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч хүртэл биечлэн энэ хэрэгт идэвхийлэн оролцсон байх. Жишээ нь: Ерөнхийлөгч Ж.Кеннеди 1961 онд Хятадын ерөнхийлөгч Чан Кайшид гурвантаа захиа бичиж, Монголыг НҮБ-д элсүүлэх асуудлаар санал хураахад хориг тавихгүй байхыг ятгасан баримт байх. Ондоо ч олон шугамаар ярьж хөөрч,ятгаж хүссэн аж.

Тийн атал Чан Кайшийн засгийн газар тэр бүрд нь тас хөндлөн зөрж, Ар Монгол бол тусгаар тогтнолын ямар ч шинж тэмдэггүй, нэг ч чөлөөт улстай дипломат харилцаагүй, Оросын халаасан дахь тоглоомын нутаг. Тийм учраас манайх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хориг тавих эрхээ эдлэх хүртэл хууль ёсны бүх эрх мэдлээ ашиглан Монголыг НҮБ-д оруулахгүй гэж мугуйдлан зүтгэсэн байх. Энэ бол Монголын хувьд ноцтой заналхийлэл байжихуй. Чан Кайшийн засгийн газрын төлөөлөгч хориг тавилаа бол Монгол дахиад л НҮБ-ын гадаа үлдэх байв.

Энүүн лүгээ холбоотой гарч ирсэн бас нэгэн эгзэгтэй хэрэг явдал гэвээс, Америкийн Конгресс дахь Бүгд Найрамдах намынхан Ази тив дахь,Америкийн гол түнш Хятадын, Монголын эсрэг саналыг дэмжих ёстой гэсэн байр суурь байв. Энэхүү явдал ахул Америкийн төрийн бодлогод Монголын талаар үзэгдсэн цорын ганц таагүй явдлын баримт байх аа. Тийн авч, Ерөнхийлөгч Ж,Кеннеди,  Конгресс дахь Ардчилсан намынхан энэнд авталгүй, Монголыг дэмжих бодлогоо тууштай баримталсан байдаг.

Нөхцөл байдал ингэж эргэж байгааг Америкийн засаг захиргаа бодтоор үнэлэн цэгнээд,Төрийн нарийн бичгийн дарга Раск: Тайвань Америкийн дэмжлэгээр л оршин тогтож байгаа атлаа манай саналыг үл ойшоон увайгүй аашилж байна. Монголын талаар өнгөрч улирсантайгаа улиг болон зууралдаж байна. Зөвлөлт улстай 1945 онд хийсэн гэрээнд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө Тайвань 1953 онд цуцалсан нь ч олон улсын гэрээ эрхийн үүднээс авч үзвэл ихээхэн эргэлзээтэй. Монголд Тайвань хориг тавьсан ч энэ улсыг хүлээн зөвшөөрөх манай шийдийг өөрчлөхгүй хэмээн хатуухан мэдэгдэл хийсэн байдаг. Тэрчлэн Америкийн төрийн департамент, хэрэв Монгол тусгаар тогтносон улс гэдгээ батлаж чадваас, Америк улс НҮБ-д эдсэхэд нь дэмжээд зогсохгүй, элсүүлэх НҮБ-ын тогтоолын хамтарсан зохиогчоор ч оролцоход бэлэн байна гэж шуудхан заралсан ажгуу.

Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч Ж.Кеннеди Тайваний Хятадын дэд ерөнийлөгчид, Монголыг элсүүлэх асуудлаар НҮБ-д санал хураахад танайх хориг тавибал НҮБ-д Хятадыг хэн төлөөлөх вэ гэсэн асуудал гарч хэлэлцвэл энэ байгууллага дахь танай суудал ч цөвтөж мэдэх юм шүү хэмээсэн, Америкийн дипломат ёсонд тун ховор тохиолддог, далайлгах аястай нэн хатуу үгийг  хүртэл  хэлсэн гэх лавтай мэдээ байдаг.

Энэ бүхний үр дүнд, мөнөөх1945 оных шигээ Америкийн шахаанд автаж аргагүйдсэн Чан Кайшийн засгийн газар коммунист Хятадыг НҮБ-д оруулахгүй байхыг Америкаас нууцхан гуйгаад Монголд хориг тавихгүй гэсэн ам өгсөн ажгуу.

Чингээд, загалмайтны он тооллын нэгэн мянга есөн зуун жаран нэгдүгээр оны аравдугаар сарын хорин таванд Монгол улс НҮБ-д элсэж,1946 онд Оросын мөнөөх нэгэн улигт хоригийн золиос болж алдсан НҮБ-ын гишүүний бүрэн эрхээ чилийсэн арван таван жилийн хойно олж авсан анам.

Энэнийг бичиж байтал хөгийн гэмээр нэгэн явдал санаанд орлоо. Юун хэмээвээс: Монгол НҮБ-д орж орон даяар баяр хөөр болж байх цагт өчүүхэн би вээр хорин гуравхан настай шавилхан нэгэн дэслэгч байлаа. Нэг өдөр манай цэргийн ангид МОНЦАМЭ-гийн тоймч гэх эрхэм ирж, Монгол НҮБ-д элссэн сэдвээр ном тавилаа. Мөнөөх эрхэм,ярианыхаа бөгсөнд, Монголын талаар НҮБ-ын чуулганд санал хураахад империолист Америк дайсагнах бодлогоо баримталж, Чан Кайшийн тоглоомын засгийн газрын төлөөлөгч гэдэс нь гүйлгэж, жорлонд чацга алдаж байгаад хориг тавьж чадаагүй гэнэ гэж дооглон хэлэхэд бид нар даган нэрхийтэл хөхрөлдөж байж билээ л. Хожим мэдвээс, Америк ч дайсагнан татгалзаж хориг тавиагүй,Хятадыг аргалах гэж тохиролцсоноороо л түтгэлзэж, Хятадын төлөөлөгч ч жорлонд чацга таягдаж суугаагүй, дургүйцэн санал хураахад оролцохгүй хурал орхин гарсан л юмсанж…

Энэ учирт, Монголын нэгэн дипломат, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,түүхийн шинжлэх ухууны доктор, Равдангийн Болд вээр “ Монголын тусгаар тогтнол ба Америкийн Нэгдсэн Улс” номдоо: ”Америкийн тал БНМАУ-ыг Чан Кайшигээр зөвшөөрүүлж Тайваний хоригийг зайлуулав. ..энэ нь БНМАУ-ын тусгаар тогнтол,бүрэн эрхт байдлыг олон улсын хэмжээнд баталгаажуулах эхлэлийг тавьж өгсөн юм” гэж Америкийн дэмжлэгийн учир холбогдлыг үнэлэн бичсэн байдаг лугаа өчүүхэн бичээч би бээр санал нийлдэг бөлгөө.

Монгол-Америкийн харилцаанд тохиолдсон нэгэн бодохул баахан гунигтай, нөгөө санахуй жаахан инээдтэй гэмээр өөр нэгэн явдал бол дипломат харилцаа тогтоох хэрэг явдал байдаг аж. Энэнийг би уг хрэгт гар бие оролцож явсан нэгэн эрхэмээс дуулж мэдсэн. Энэ хүн хэн буй гэвээс, Дарамын Ёндон гэгч нэгэн.

Ерээд оны эхэн үе. Чухам хэдэн он билээ,мартжээ. Нэгэнтээ ханиад хүрч, би хоёрдугаар эмнэлэгт хэвтлээ. Зэргэлдээ өрөөнд Гадаад харилццаны яамны орлогч сайд Ёндон хэвтэж байв. Тэгээд нэг Бямба гаргийн өглөө жолоочоосоо Оросын “Огонёк” сэтгүүл авчируулж бариад орж ирж цахилгаан өргүүр шат руу ортол мөнөөх Ёндон араас орж ирдэг байна. Ингээд бидэн хоёр мэнд усаа мэдэлцээд дөрөвдүгээр давхар хүртэл зам нийлвэй. Ёндон миний гар дахь “Огонёк”*ийг заагаад:

-Маш сонин юм гарсан байна билээ. Уншив уу? гэж байна.

-Үгүй, дөнгөж сая аваад явж байна гэвэл:

-Аа их сонин. Оросын хэвлэл ч өнгөрснийг уудалж өгч байна даа гэж байна.

Үнэндээ гэхүл Оросын “Огонёк” сэтгүүл, “Московские новеснти” сонин хоёр Орос орныг орвонгоор нь эргүүлж асан цаг. Цахилгаан өргүүр шат нэг л мэдэхэд дөрөвдүгээр давхарт ирчихсэн хаалга нь онгойлоо. Би мөнөөх “Маш сонин юм”-тай “Огонёк”-оо шалавхан унших хорхойдоо хөтлөгдөөд үг сүггүй өрөө рүүгээ шогшив.

Саяхь Ёндонг би зүс танихаас цаашгүй. МАХ намын төв хороонд арваад жил байсан. Цэдэнбалын шадар хиагаар яг үүдний нь өрөөнд бас л арваад жил суусан, Гадаад яамн оролгч сайдын сэнтийг хориод жил эзэгнэсэн, Увс нутгийн уугуул, орос эхнэртэй энэ нэгэн лүгээ би юу ч ярих билээ дээ гэсхийн энэхэн зуур бодоод авснаа юугаад яах вэ…

Маргааш өглөө нь,цайгаа уучихаад агаарт гарч сараалжин сандал дээр сууж байтал мөнөөх Ёндон бас гараад ирлээ. “Болзсон юм шиг…” гэж бодож суутал хажууд ирж суухаар нь “Энэ эрхэм лав мэдэж байгаа байх шүү” гэж бодоод:

-Ёндон гуай, Бейкер дарга манайд юугаа матрчихаад буцаад ирэв ээ?гэвэл саяхь инээгээд:

-Манайх дизелийн түлшгүй болж,аймгийн төвүүд өвөл хөлдөх дээрээ тулж магадгүй болоод байгааг та мэдсэн үү? гэдэг байна.

-Мэдэж байгаа .Манай цэргийн зарим ангиуд ч тэр аюулд чинь нэрвэгдэж магадгүй болоод байгаа…

-За тэр хэргээр чинь л Бейкер буцаж ирсэн юм. Газар дээр нь ирж байдалтай танилцаад онгоцондоо ороод Горбачёвтай утсаар яриад, танайхаас нийлүүлэх дизелийн түлш тасалдаж, Монголын олон хот суурин өвөл хөлдөх магадгүй болоод байгаа юм байна. Танайх нийлүүлэх боломжгүй байгаа бол манайх цэргийн нөөц түлш бас хэдэн явуулын цахилгаан станц авчирч түр суурилуулж өвлийг өнгөрөөдөг юм билүү гэх маягийн юм хэлсэн  юм уу даа. Тэрнээс хойш гурав дөрөв хоногийн дараа Зөвлөлтийн элчин сайдын яамнаас, тодорхой шалтгаанаар түр саатаад байсан дизель станцын түлшийг яаралтай ачуулахаар болсныг мэдэгдэж байна гэж манай яаманд мэдээлсэн.

-Горбачёв боож хаасан хэрэг үү?

-Үгүй биз ээ. Горбачёваас наана нь хицүү улсууд бий шүү дээ. Тийм учраас л Бейкер Горбачёвтай ярингуут  боолт тайлагдчихаж байхгүй юү.

-Манайх Зөвлөлтийн ямар нэгэн тахилыг буруу өрчихөө юү?

-Тийм л хэрэг.

-Чухам ямар тахилыг нь буруу өрчихсөн юм бол доо?

Аа,тэр их том тахил. Америкийн нэгдсэн улстай хэзээ дипломат харилцаа тогтоосон билээ,манайх?

-Хоёр гурван жилийн өмнө бил үү?

-Тийм гурван жилийн өмнө. Тэгээд Монгол-Америк хоёрын хооронд найрсаг харилцаа түргэн хөгжиж, Америк тодорхой дэмжлэг тусламж үзүүлэх болсон нь Зөвлөлтийн удирдлагын зарим эрхэмүүдийн санаанд таарахгүй байгаа хэрэг. Ер нь Америктай дипломат харилцаа тогтоох манай үйл ажиллагаа ихээхэн бэршээл үзэж өчнөөн удаан гацаж,өдий хүрсэн юм шүү дээ.

-Тийм үү? Харин их л хожуу,бүр сая л нэг юм дипломат харилцаа тогтоосон нь…

-Тийм ээ. Уг нь энэ асуудал жараад оны сүүл,далаад оны эхээр эхэлсэн юм. Улс төрийн товчооны хоёр ч тогтоол гарсан. Эхнийх нь уг асуудлыг судлаж санал боловсоруулахыг Гадаад явдлын яаманд зөвшөөрсөн. Нөгөөтөх нь Гадаад яамны судалж боловсоруулсан саналыг хэлэлцээд Америкийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоохыг Засгийн газарт зөвшөөрсөн тогтоол гээд Ёндон авгай чанагш нээрээ л урт түүх ярисныг ихэд хурааж өгүүлбээс ийн ажгуу:

     Уг нь манайд Улс Төрийн товчоо л шийдээ бол ямар ч үйл хэрэг ёстой л мөнөө “Ногоон гэрэл” гэгчээр жилийж бүтдэг байсан бөлгөө. Харин Америктай дипломат харилцаа тогтоох хэрэг тийм биш болсон аж. Нэгэнт хамгийн дээд байгууллагын шийд гарчихсан болохоор Гадаад яамныхан ажилдаа шуурхайлан орж Америктай хэлэлцээ тохироогоо хийж ажил гүйцэх тийшээгээ болж байтал, Оросод амарч явсан Цэдэнбал гэнэт утасдаж, Америктай дипломат харилцаа тогтоох санаачлагыг анх хэн гаргасан, танай яамны Нямдоо гэдэг нөхөр америкчуудтай яах гэж уулзсан,юу ярилцсан гэх мэт бүгдийг оросоор тодорхой бичиж надад яаралтай ирүүл гэж тушаасан аж. Цэдэнбал өөрөө Улс төрийн товчооны мөнөөх хоёр тогтоолд хоёуланд нь гарын үсгээ зурсан,хамаг юмыг мэдэж байгаа хирнээ огт дуулж мэдээгүй хүний царай гарган  чингэсэн нь хачирхалтай агаад юм биш болж буйн шинж мэдэгджээ. Гадаад яамныхан ч айж сандралдан хамаг бүхнийг хаман тоочсон том тайлан тайлбар орсоор бичээд үтэр түргэн илгээжээ.

Энэ сацуу нэгэн хачин юм болсон нь мэдэгджихүй. Чухам юун хэмээвээс НҮБ-д суугаа манай байнгын төлөөлөгчийн газарт Гадаад яамнаас явуулсан маш нууц бичиг замдаа алга болсон байжээ, Тэр үед манайх хөрөнгөтөн оронд сууж буй элчин, төлөөлөгчийн газартаа хүргэх бичгийг Чехославак улсын шуудангаар дамжуулдаг журамтай байсан аж. Тэгтэл, Америктай дипломат харилцаа тогтоох хэлэлцээрт хэзээ хэрхэн гарын үсэг зурах,дэлхий дахинд хэзээ яаж зарлан мэдээлэхийг Америкийнхантай хэлэлцэн тохироод яаралтай нааш нь мэдэгдэхийг зааваралсан Гадаад яамны мөнөөх маш чухаг бичиг Прага хотын шуудангаас алдагдсан байх нь тэр ээ. Магадлан үзвээс тэр бичгийг Прагийн шуудангийн газраас Зөвлөлтийн тагнуул хулгуусан нь тогтоогджихуй. Цэдэнбал гэнэт сандарч хилэгнэсэн учир энэ байж. Ёндон авгайн яриснаар бол манай гадаадад явуулах бичиг сэлтээ нууцладаг түлхүүрээ(Шифр гэдэг) Оросын тусгай албадаар хийлгэдэг байсан юмсанж. Тийм болохоор манай хамаг бичиг сэлтийг, тэрчлэн мөнөөх бичгийг тайлан уншхад юухан байх вэ. Ёндон эрхэмийг энэ тухай ярьж байхад нь би тэсэлгүй:

-Үгүй танай яаманд чинь бичгийн нууц түлхүүрийн мэрэгжилтэн байдаггүй юм уу? гэж үгийг нь тасалж асууж билээ. Мань хүн:

-Байлгүй яах вэ дээ. Манайд ч сайн шифчид байсан. Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ч байдаг. Цэдэнбал дарга л зөвлөлтийн тусгай албадаар хийлгэ гэж тушаасан юм гэж хариулав.

Ингээд, Орсууд Монгол Улсыг Америктай дипломат харилцаа тогтоохыг тас хорьж, Ринчин тэргүүтэй Гадаад яамны Ёндон, Нямдоо нарын хэдэн хүнийг дур зоргоороо аашилж, империолист Америктай дипломат харилцаа тогтоох гэж хөөцөлдсөн нүгэлтэн болгоод,төд удалгүй Ринчинг  нь Гадаад яамны сайдаас  халж золиослон, орсууддаа тал зассан аргадсан юм байх. За тэгээд, дипломат харилцаа тогтоох гэж байснаа яагаад гэв гэнэт больчихсон учраа Гадаад явдлын яамныхан мөнөөх америкууддаа тайлбарлаж хэлэх үгээ олохгүй аргаа барж араа маажиж, айх ичих давхарлан наяад оны сүүл хүргэсэн аж.

Америк ч гайхаж, дахин дахин ярьж,санал тавьж байж. Америкийн Ерөнхийлөгч Ж.Кенниди нэгэнтээ НҮБ-ын чуулганы үеээр М.Дүгэрсүрэн лүгээ дайралдчихаад мөн л лавлаж, дипломат харилцаагаа даруй тогтооё гэж асан гэнэ. Манай сайд хөөрхий юу гэж хариу өчсөн бол?. Юү нэгийг хэлсэн үү,бүлх залгисан юм шиг таг дуугүй гөлөлзөөд өнгрсөн үү,бүү мэд аж, хөөрхий. Ямар, Орос загнаад болиулчихлаа гэлтэй нь биш дээ.

НҮБ-ын ерөнхий нрийн бичгийн дарга Курд Вайльхайм Монгол Улсад албан ёсны айлчлал хийхэд Америкийн засгийн газар саяхиар зуучлуулж мөнөөх саналаа тавьсан байж. Манайх ус балгачихсан юм шиг бахь байдгаараа таг хэвээрээ. Хэ хэ хэ,энэ ялдар нэг хөгийн юм санаанд орлоо. Бидний хэсэг хүн Зөвлөлтийн нийгмийн Ухааны академид хэдэн сар номын дуу сонсоход Намын төв хорооны гадаад харилцааны хэлтсийн ажилтан Рэндээ байв.Саяхь бид хоёр гайгүй дотно танилцаж элдэв шалдав юм ярьдаг боллоо. Ам цуурч,бурж байсан гэх үү дээ. Юунаас ч болоод билээ дээ,Рэндоо ийн ярьж билээ. Юун гэвээс, НҮБ-ын ерөнхий дарга Курд Вайльдхаймыг Монголд айлчилахад НҮБ-ын ажилтан Зөвлөлтийн нэгэн хүн бараа болж ирсэн аж. Айлчлал төгсөхийн өмнөхөн Цэдэнбал тэр эрхэмийг ганцааранг нь гэртээ урьж дайлжихуй. Хүргэмсэж байгаа санаатай юм биз дээ. Цэдэнбал сархад зооглож баахан халамцаж ам халаад, Америк манайтай дипломат харилцаа тогтооё гэж Вайльдхаймаар зуучлуулж. Би Андрей Андрейвичтай (Громыко) утсаар ярьсан чинь, хэрэггүй гэлээ гэж туужихуй. Зөвлөлтийн хүнээс юу ч нуух ёсгүй юм чинь. Тэгсэн чинь өнөөх орос нь Вашингтонд очоод Цэдэнбалын ярьсныг НҮБ-ээр нэг дараачихсан байсан гэнэ. Улсын дарга маань улсаа ингэж шившиглэжихүй.

Чингэж атал ашгүй  Оросод Горбачёвын өөрчлөн байгуулалт гээч эхлэж, Гадаад харилцааны яамны нь удирдлага солигдож Эдуард Шварднадзе гэгч гүрж эр сайд болсон хойно 1987 онд Монгол-Америк хоёр сая нэг юм дипломат харилцаа тогтоож, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Шульц, Монголоос НҮБ-д сууж асан байнгын төлөөлөгч Г.Нямдоо нар гарын үсгээ талбисан ажгуу. НҮБ-ын Аюулгүйн көвлөлийн байнгын гишүүн Их гүрэн Америкийг төрийн нарийн бичггийн дарга нь өөрөө мутрын үсгээ тарбиж, тухайн хэрэг үйлийг ихэд эрхэмлэж ахуйд  манай гадаад яамны сайд Мангалын Дүгэрсүрэн зураагүй нь томорхон гэдийсэн нь огоот бус харин ч жижгэрэн бөхийсэн  хэрэг байж л. Аанай л, “Юмыг яаж мэдэх вэ” гэж Оросоос айж алгын чинээн болсон нь тэр гэнэ.

Манай хуучин том жижиг дарга даамал нар хэн хүнгүй бүгд л хойшоо харан хоёр өвдөг нь чичирч, дотоожоо норгож дороо юу яачих шахан бэмбэгнэж байж дээ, зайлуул. Ай хөөрхий, бусдын боол байхын зовлонг яалтай. Энэ учирт саахь Ёндон авгай хожимхон бичсэн “Том хориг” гэдэг номондоо: “Даанч бид “дагуул” нэртэй, дарангуй даамалтай, далан давхар хүлээстэй, давжаа даржин байрын улс байж дээ” хэмээн халаглан бичсэн байдаг. Гэхдээ ч яах вэ, олон улсын хуралд оролцох тэс өөр хэргээр Америкт нэгэнтээ очихдоо чухам л дарга даамал хэний ч ямар ч  соёрхол зөвшөөрөлгүй байж, зориг зүрх гарган Америкийн төрийн департаментын түшмэл лүгээ уулзаж, Монгол Америк хоёр дипломат харилцаа тогтоох тухайтад анх ам нээн хөөрөлдөж, Оросын хилэнг хөдөлгөж, Цэдэнбалын араанд зуугдаж явсан мөнөөх “Үл бүтэх” Нямдоо гарын үсэг зурж, тэгээд ч зогсоогүй, Америк улсад Монгол Улсаа онц бөгөөд бүрэн эрхтэй төлөөлөн суух анхы элчин сайдаар тохоон томилогдож одсон нь сонин сайхан ерөөл бэлгэ бүхүй нэгэн зүйл тавилан тохиол болжихуй.

Ардчилсан өөрчлөлт болж, Монгол улс хараат дагуулаасаа жинхэнэ тусгаар тогтносон улс болсноос хоошхи богино хугаацаанд Америк манайхыг яаж дэмжиж тэтгэж буйг бид бэлхэнээ мэдэх бөлгөө. Мөнгө зоосон тусыг л илүүд үздэг маний сэтгэлгээр бодвол Америкийн мянганы сорилийн сангаас гэхэд эхлээд 219 сая долларын буцалтгүй тусламж өгч, тэрнийг нь манайх төмөр замаа хос царигтай, цахилгаан хөдөлгүүртэй болгоод авах гэтэл төмөр замын тал хувийг эзэмшдэг Орос улс тас хорьсон байдаг. Мааньтын өртөөнөөс Замын Үүд хүртэл машинаар явж үзсэн хүн бол Америкийн тусламжаар ямар засмал зам тавьсаныг үзсэн байх аа. Одоо мөн мянганы сорилийн корпрацын буцалтгүй тусламж 350 сая доллар буюу нэг их саяд төгрөгөөр Улаанбаатар зуун жилийн турш санаа зовохооргүй усан хангамжийн цогцолбортой болох гэж байгаа. Энэ тухай удахгүй олонд зарлах дуулгах буй за.

Америкийн санаачлага дэмжлэгээр монгол цэрэг дэлхийн олон газарт энх амгалан энэрэнгүүн үйл хэрэгт оролцон дайн дажинд нэрвэгдсэн улс орны зовож зүдэрч буй хүмүүн тур хүргэж, даян дэлхийд нэрээ сайнаар гаргаж байна.

Монгол-Америкийн харилцааны түүхийг зэрвэсхэн сөхөж үзвээс, Америк манайд хор хүргэж байсан нь нэг ч үгүй харин дэм тусыг л үзүүлж байжихуй.

Түүхэн үнэн ийн атал монгол түмэн маний дотор Америкийг  худал муулж, харааж зүхэгсэд цөөн бус байдаг нь учир шалтгааны ямар ч тайлбар үгүй, мөс муутай,цөс царцанги, ёстой л мөнөөх, “Гутлыг нь гуйж өмсчихөөд эргэж эзнийг нь өшиглөв” гэхүйн үлгэр болж буй тун ч ёозгүй ааш зан, авир араншин биш гэж үү?

Эгүүнийг ажиглан үзвээс нэгд,Америкийг учир зүггүй харааж л байх ёстой хуучин балгийн хөгзөрсөн шавхруу бидний заримын ухаан санааны утарьт үлдээстэй байгаа бололтой. Хоёрт, эргэн тойрноос антиамериканизм гэгч хэрүүлийн хорт ухуулга нэвчин орж ирж байна. Гуравт, бид Америкийг огт мэддэггүй. Америкийн уран зохиол,урлаг соёл, шинжлэх ухаан, техник технологи, хүмүүн олны нь аж төрөл,  иргэншил заншил, хууль журам сахьдаг дэг ёс, гайхамшигтай үзэсгэлэн  тансаг байгал тэргүүтэн Америкийг үзсэн,мэддэг хүн бараг байхгүй. Хүн мэдэхгүй юмандаа дургүй, айж бишүүрхэдэг шүү дээ. Бичдэг, ярьдаг зохиолч, сэтгүүлч тэргүүтэн, үгийг нь олон түмэн сонсдог зүтгэлтэн нар Америкд очиж аялж явж чадахгүй байна. Газар холын зардал сүйтгэлийг даах мөнгө зоосгүй, эвээн тэтгэчих Америкийн дорвитойхон бизнес  Монголд байхгүйн дээр, хэнд ч юунд ч огоот хэрэггүй визийн хатуу хахир журам Монгол Амрикийн хүмүүнлэгийн харилцаанд ноцтой саад болж байна.

Жишээ нь: Монголууд яагаад ч юм бэ, хэзээнээсээ хятадуудад их дургүй, дандаа л муулж шоолж байдаг. Энэнийг мэдээд Хятадын засгийн газар Монголын иргэн нэг сарын хугацаагаар очиход визгүй болгоод өөрийнхөө иргэдийг визтэй хэвээр нь үлдээчихсэн. Одоо монгол хүмүүс үй олноороо Хятадад аялж, арилжаа наймаа хийж байна.

Тэрнээс гадна Хятад улс жил болгон тавин монгол зохиолч, сэтгүүлчийг өөрийнхөө зардлаар аваачин аялуулж, эх орноо үзүүлэн сурталчилж байна. Миний мэдэх хэдэнтээ чингэсэн. Цар тахал өнгрөхөөр дахин үргэлжлэх юм байх. Тэд хүмүүс явж ирээд Хятад орны тухай бичиж, ярьдаг. Ном ч бичиж гаргах нь бий. Энэ бүхний үр дүнд Монголд Хятадыг үзэн яддаг хуучин үзэл илаарших хандлага гарч байна. Ямар ч атугай,а нтиамериканизмаас л бага болж байгаа нь хэвлэл мэдээлэл, нийтийн цахим сүлжээнээс илт мэдэгдэх боллоо.

Монголд антиамериканизмын нурам хэрхэн унгадаж байгааг Монгол дахь Америкийн элчин яам, консулын газрын эрхэмүүд ажиглаж мэдэж байдаг байх аа гэж бодож байна…

Ийн бээр, антиамериканизм  ахул язгуур учир нь монгол биш, хариас шургалдаг,  манайд бузгай олон улаачтай, мундахгүй хорлонтой, цагаач хов л юм даа.

ЗОХИОЛЧ ЛУВСАНГИЙН ПҮРЭВДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж