Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик!

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик!

Дотоодын улс төрөөс илүү анхаарах ёстой геополитик!

Монгол Улсын иргэд өнгөрсөн долоо хоногт шатахуунгүй болж, “картын бараа”-ны үедээ эргэн очив. Импортлогчид шатахууны нөөцлөөгүй гэсэн шалтгаанаар, төр нь импортлогчидтойгоо, хоёр хөрштэйгөө учраа олоогүйнх нь горыг ард иргэд нь амссан. Хамгийн их хэрэглэдэг А92 шатахууны дөрөвхөн хоногийн нөөцтэй, иргэддээ зөвхөн 30 мянган төгрөгт л тааруулж шатахуун худалдаалж, ёстой л 1990 ондоо эргэн очсон долоо хоног байлаа.

Шатахууны хомсдолд орж, нөөцгүй болсон учраас Засгийн газраас яаравчлан ажлын хэсэг гаргаж, хоёр хөрш рүүгээ хөлгийн жолоо залж, царайчилсны хүчинд ирэх долоо хоногоос шатахуун шаглахгүй, хязгаарлахгүй болж байна. Гэхдээ ийм нөхцөл байдал цаашид дахин гарахгүй гэх баталгаа өнөөдөр ч алга. Олон улс судлаач Ж.Баясах гуайн тодорхойлсноор "Энэ хоёр ардчилсан Монгол Улсыг дэмжихгүй байна" гэсэн нь өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн хамгийн зөв тодорхойлолт ч байж болох.

ОХУ-ын тал дахиад л шатахуунаа өгөхгүй гэж гэдийвэл, Хятадын тал төмөр замаа ашиглуулахгүй гэвэл бид яах вэ гэдгийг бодох, үр дүнтэй геополитикийн алхам хийхгүй бол болохгүй гэдгийг хатуухан санууллаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ  УЛС ТӨРИЙН ЗОРИГ!

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад хоёр хөршөөсөө хамааралгүй болох цаг хугацаа, мөнгө байсан уу гэвэл, байсан. Гэхдээ бид хоёр хөршөө мөнхийн найрсаг хандана хэмээн зөвхөн дотооддоо улстөржиж, хэмлэлдсээр өнөөдрийг хүрсний гор нь гарч эхэлж байна. Хүссэн хүсээгүй ОХУ-аас эрчим хүч, шатахуун нь хараат, БНХАУ-аас хүнсний, хэрэглээнийхээ 80 хувийн хамааралтай.

Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд ТЭЦ-5, усан цахилгаан станцуудаа барих, ажлыг нь эхлүүлэхээр бид олон жил ярьж байна. Харамсалтай нь энэ бүхэн өнөөдөр ч цаасан дээрээ, томилогдсон сайд нар нь зоригтой шийдвэр гаргахгүй явсаар бид өнөөдрийг хүрч. ОХУ-аас эрчим хүчээ хязгаарлахад л Баруун таван аймагт нь амьдрал тэг зогсоно. Гэтэл Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцуудаа барьчихвал бид хараат байдлаасаа салах болно гэдгийг хэн хүнгүй ярьдаг ч барих, ашиглалтад оруулах талаар шийдэлгүй байсаар өнөөдрийг хүрэв.  Өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан нэртэй цаасан дээрх хэдэн төсөлтэйгээ бид 21-р зуунд амьдарсаар.

Хүнсний аюулгүй байдал гэж манай бүх улстөрчид ам уралдан ярьдаг ч өнөөдөр бид хүнсний хангамжийнхаа 80 гаруй хувийг урд хөршөөсөө авч байна. Ногоо тарьдаг, гурил үйлдвэрлэдэг цөөхөн бизнестэй ч тэд дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрлэлүүдээ ч дэмжиж чаддагүй, нам, улстөрч дагасан хэдэн хүний бизнес л өргөжиж, татаас авахаас цаашгүй.

Түлш эрчим хүчний хувьд Оросын харьяат, импорт, экспортын 80 гаруй хувь нь Хятадаас хараат байдлыг хэрхэх вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болсныг сануулав.

Одоо л бид зоригтой шийдэмгий улс төрийн зориг гаргаж, том төслүүдээ хөдөлгөн, гадаадын хөрөнгө оруулалтууд татаж хийхгүй бол цаашид хоёр хөршийнхөө царайг хэдэн жил харах вэ гэдэг геополитикийн асуудал хөндөгдөж байна.

АРДЧИЛСАН МОНГОЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ҮҮРЭГ!

30 жилийн өмнө бид улсаараа ардчиллыг сонгож, бэхжүүлсээр ирсэн. Гэхдээ сүүлийн хэдэн сонгуулийн үр дүн нэг намын дарангуйлал, нэг нам төрийн эрхийг барих сонголтыг хийснийг ардчиллаас ухарч буй үйлдэл гэж олон улсын судлаачид дүгнэж буй.

Үүний тулд бид гуравдагч хөршийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг, ард түмнийхээ сонгох эрхийг хүндэтгэдэг тийм улсын төлөө төр нь, иргэд нь сонголтоо хийдэг байх ёстой.

Бидний сонгосон ардчилал илүү бэхжих ёстой болохоос  сөрөг хүчингүй, нэг намын дарангуйлал руу явах нь буруу гэдгийг ч сонгуулийн үр дүнгийн дараа судлаачид дүгнэж буй. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг зөрчихгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдагч хөршийн бодлогыг дэмжих нь ардчиллыг бэхжүүлж буйн нэг хэлбэр. Ардчиллыг бэхжүүлэх нь иргэний ч, төрийн ч үүрэг.

Эцэст нь, Монгол Улс гурван тулгуурт гадаад бодлоготой, түүнийгээ ч илэрхийлсээр ирсэн. Бид хоёр хөрштэйгөө ч сайн харилцаатай байж, гуравдагч хөрш бодлогыг өргөжүүлэх чиглэлээр Төрийн тэргүүн тэмүүлдэг, улстөрчид нь попорч үргээдэггүй, Засгийн газар нь төлөвлөгөөтэй, зоригтой шийдэлтэй байх цаг болсныг олон улс судлаачид ч сануулж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж