“Covid-19-өөр өвдсөн иргэдээс тэтгэмж авах хүсэлт их ирж байна”

Хуучирсан мэдээ: 2021.09.27-нд нийтлэгдсэн

“Covid-19-өөр өвдсөн иргэдээс тэтгэмж авах хүсэлт их ирж байна”

“Covid-19-өөр өвдсөн иргэдээс тэтгэмж авах хүсэлт их ирж байна”

Цар тахлаас үүдэж халдвараар өвдсөн иргэдэд цалингүй чөлөө олгох асуудал аж ахуй нэгж, байгууллагуудад гарч байгаа. Тодруулбал, Covid-19-өөр өвдсөн хүмүүс гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой тухай NEWS.MN өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн. Тэгвэл энэхүү тэтгэмжийг авах хүсэлтэй иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газарт хэр их хандаж байгаа талаар тодрууллаа.

АЖЛЫН ГАЗАР НЬ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ӨГӨӨГҮЙ БОЛ ТУХАЙН ИРГЭН ЛИСТЭЭР ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙ

-Covid-19-өөр өвдсөн иргэд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах боломжтой талаар нийгмийн даатгал төлдөг ихэнх хүн мэднэ. Учир нь өвдсөн иргэдийн ажлын газраас цалинтай чөлөө олгохгүй тохиолдолд НДЕГ-аас тэтгэмж авч болохыг зөвлөдөг. Үүний дагуу ажил эрхэлдэг өвдөж, эмнэлэгт хэвтсэн иргэд түр тэтгэмж авахаар харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын газарт хандах нь ихэссэн. Хэчнээн иргэн Covid-19-тэй холбоотойгоор тэтгэмж авах хүсэлт гаргасан нэгдсэн статистик манай дээр гараагүй. Учир нь дүүрэг тус бүрд хөдөлмөрийн чадвар алдсаны түр тэтгэмж авах хүсэлтийг хүлээн авдаг. Өнгөрсөн хавраас өвчлөх иргэдийн тоо болон мэдээлэл авсан хүмүүс ихэссэнээс болж дүүргүүдэд тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн ачаалал эрс нэмэгдсэн.

Covid-19-өөр өвдсөн нэг хүн сүүлийн гурван сарын цалингийн дунджаар тэтгэмж авдаг учир хэдэн төгрөг авч байна гэж дунджаар хэлэх боломжгүй.

Гэхдээ аж ахуй нэгж, байгууллагуудын олонх нь өвдсөн иргэддээ цалинтай чөлөө олгож байгаа нь сайн хэрэг. Нөхцөл байдлыг харгалзаж, харилцан зохицуулалт хийж байгаа олон газар бий. Өвдсөн ажилчдынхаа цалинг олгох боломжгүй эдийн засгийн хувьд асуудалтай байгууллага ч олон байгаа. Түүнийг буруутгах аргагүй гэсэн юм.

ДҮҮРГҮҮДЭЭС COVID-19-ӨӨС ШАЛТГААЛЖ ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТ ХАМГИЙН ИХ ИРСЭН НЬ БАЯНЗҮРХ БАЙНА

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс Нийгмийн даатгалын сангаас олгодог тус тэтгэмжийг авахаар тусгасан байдаг. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 292 мянга 308 хүнд Covid-19-ийн тохиолдол батлагдсан. Эдгээрээс 21 мянга 687 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин 67 мянга 162 хүн ажиглалт тусгаарлалт буюу олны хэлж сурснаар гэрийн эмчилгээнд буй билээ. Эдгээр хүмүүсээс нийгмийн даатгалын шимтгэл хувиараа болон ажилладаг байгууллагаараа төлдөг хэн ч зайлшгүй тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Улсын хэмжээнд нийт 93 мянга 560 гаруй аж ахуй нэгж, байгууллага байдаг. Тэдгээр бүх байгууллага өвдсөн ажилчдынхаа цалинг бүрэн олгох боломжгүйг НДЕГ-ын мэргэжилтэн хэлсэн.

Энэ онд хэчнээн төгрөгийн санхүүжилт тус тэтгэмжид зарцуулсан гэдэг нь анхаарал татаж байгаа ч жилийн эцэст тус статистикийг боловсруулдаг болохыг албаны хүмүүс хэлсэн юм.

Одоогоор Covid-19-тэй холбоотой тэтгэмж авах хүсэлт Баянзүрх дүүрэгт хамгийн их иржээ. Зарим хүн албан байгууллагаас нь цалинтай чөлөө олгосон байхад хүртэл тэтгэмж авах хүсэлтэй ирж буй аж. Тухай бүрд нь тайлбар мэдээллийг байцаагч нар өгөөд явдаг байна.

COVID-19-ИЙГ ГЭРТЭЭ ЭМЧИЛСЭН ТОХИОЛДОЛД ТЭТГЭМЖ ОЛГОХГҮЙ

-Өвдсөн иргэд мэдээллээ харьяа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Тухайн тохиолдолд байгууллага буюу ажил олгогч цалинг нь бүтнээр олгох ёстой. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох юм байна. Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж байгаа. Өрхийн эмч энэ мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичнэ.

Өрхийн эмнэлэгтээ мэдэгдээгүй, бие даан гэртээ эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй. Мөн албан байгууллага нь цалин хөлсийг нь өгөх тохиолдолд түр тэтгэмж өгөхгүй.

Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлэх ёстой юм байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦААНЫ ХУВЬД:

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх,
  • Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох,
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна

Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгажээ.

ДААТГУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ДАРААХ ТОХИОЛДОЛ ҮҮСНЭ

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба  түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүсэх юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж