Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж, нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан, хөрш орны төмөр замын байгууллагуудтай холбогдон, шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлсэн.
Оросын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэснийг өнөөдөр буюу 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан байна.
Автобензиний түр хомсдол нийслэлд үүссэн ч ирэх сарын 1-ний дотор асуудлыг шийдвэрлэнэ гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны үнэ өсөхгүй. "Петровис" компани АИ-92 шатахуунаа 2200 болгож нэмсэн гэх мэдээллийн мөрөөр тус компаниас тодруулахад самбар дээр механик алдаа гарсан байж болзошгүй гэсэн.
Хэрэв бензиний үнээ өсгөвөл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт АИ-95 автобензин дээр 100 гаруй төгрөг нэмсэн байсныг үндэслэлгүй гэж үзэн, шаардлага тавьсны дүнд АИ-95 буцаж бууралтаа хийгээд, хэвийн болсон.
Одоо ч АИ-92-ын үнэ өсөх нөхцөл байхгүй. Нөхцөл байдлыг далимдуулж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээж байж магадгүй" гэсэн тайлбар өгсөн юм.
Холбоотой мэдээ