Нийслэлийн Өргөө амаржих газрын гадаа цус алдаж, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэх хоёр эмэгтэйн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тайлбар хийлээ.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан дарга Ж.Отгонболд "Өчигдөр орой 19:20 цагт Чингэлтэй дүүргийн тандалтын баг найман сартай жирэмсэн эмэгтэйг яаралтай тусламжаар авч ирсэн. Тухайн иргэнийг авч ирэхэд Covid-19-ийн шинж тэмдэг илэрч байсан. Жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг үнэлээд, түргэвчилсэн тест авсан. Биеийн байдал нь хөнгөн гэж гарсан. Орны хүрэлцээ байхгүй учир Даваа гаригт хэвтүүлэхээр буцаасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтээд, эдгэрч гарсан эмэгтэй яг тухайн өдөр цус алдсан байдалтай эмнэлэгт ирсэн юм.
Тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлж, нэг литр шингэн сэлбэсэн. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн. Жирэмсэн, эмэгтэйчүүдийн асуудлаар эмнэлгийн тусламж авах гэж хандсан хоёр тохиолдол нэг өдөр зэрэг болсон.
Цахим орчинд тархсан бичлэгийн тухайд жирэмсэн эмэгтэй тухайн өдрөө эмнэлэгт шууд хэвтүүлсэнгүй хэмээн олон нийтийн хэрэгсэлд хандсан байх. Тухайн өдөр миний бие ЭМЯ-наас мэдээлэл аваад, газар дээр нь очсон. Өргөө амаржих газрын дарга, орлогч дарга, тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан эмч нартай уулзаж, карт хэрхэн хөтөлсөн, тухайн иргэнд эрүүл мэндийн ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар тодруулсан. Чингэлтэй дүүргийн харъяат хоёр иргэний тохиолдол нэг өдөр зэрэг үүссэн" гэлээ.
Холбоотой мэдээ