Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Шатахууны хомсдол, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд тайван байх боломж олгосонгүй. Тэд сүүлийн 30-аад жил ийм бодлогогүй, алсын хараагүй, урагшгүй засгийн газар үзээгүйгээ хэлж, бухимдаж буйгаа илэрхийллээ. Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Улс даяар Аи-92 олдохгүй, иргэд шатахуун түгээх станцын орчимд уртаас урт дараалал үүсгэн, “картын барааны үе”-дээ буцаад очлоо. Шатахуун импортлогч компаниуд нэг иргэнд 30 литрээс илүү шатахуун олгохгүй байх хязгаарлалт тогтоов. Цар тахлын үед эмнэлэг олдохгүй, танил талын хүчээр амь гарч буй ядарсан ардуудад шатахууны хомсдол стресс бухимдал нэмлээ.
Төр шатахууныхаа нөөцийг бүрдүүлж чадаагүй хариуцлагаа үүрэх ёстой. Гэвч “Алсын хараа”, “Арван их наядын хөтөлбөр”, “Цахим үндэстэн” мөрөөдөлдөө автсан Л.Оюун-Эрдэнийн засгийн газрынхан сандал ширээнээсээ зуурсан хэвээр л байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нийслэлд иргэдийн өргөн хэрэглэдэг Аи-92 бензиний гуравхан хоногийн нөөцтэй байгааг хэлэв. Бас л даажинтай мэдээлэл шүү. Уг нь манай гол нийлүүлэгч ОХУ-ын талаас нэг л өдөр шатахууны экспортоо тэглэнэ шүү гэдгийг эртнээс анхааруулсаар байсан билээ. Харамсалтай нь, мөрөөдөлдөө умбасан эрх баригчдын үг, үйлдэл хол зөрж, иргэдээ хөлдөө чирлээ.
Тэдний хувьд “буруу бүхэн бусдынх” байдаг гэмтэй. Монгол Улс даяар шатахууны хомсдолд орсны бурууг хойд хөршдөө тохохыг оролдож, баахан дэгс мэдээллүүд ч цацаж үзэв.
Унхиагүй сөрөг хүчнүүд ухаан орж, шатахууны хомсдол дээр дөрөөлж, “Арчаагүй засгийн газартай тэмцэнэ” гэж мэдэгдлээ. Тухайлбал, УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Үүсээд байгаа нөхцөл байдалд эрх баригчдаас АН хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын бүлэгт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлага хүргүүлж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдээс уучлалт гуйх ёстой. Учир нь 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ойн баярыг тэмдэглэж, одон медаль тарааж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хөдөө орон нутгаар явж хийсэн. Дараа нь уул овоо тахих нэрийдлээр Covid-19 тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй.
Халдварын нөхцөл байдал хүнд, шатахууны хомсдолд орсон хүндхэн үед УИХ-ын гишүүд гадаад, дотоодод зугаалаад явж таарахгүй. УИХ-ын гишүүд яаралтай цугларч хуралдах хэрэгтэй байна. Сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, асуудлыг шийдвэрлэсэнгүй. Covid-19-ийн хуулиар далимдуулан Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл ямар байгаа нь бидний нүдэнд ил байна. Хятадын хил хаалттай, хойд хөршөөсөө шатахуун авч чадахгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэзээ ч ийм хүнд байдалд орж үзээгүй” гэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлэг шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх, ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах, Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоохыг шаардаж, удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцэл зохион байгуулахаа мэдэгдэв.
Эрх баригчид ОХУ шатахууны экспортоо хэзээ мөдгүй зогсоож болзошгүйгээ мэдэгдэж байхад л арга хэмжээ авсан бол Монгол Улс өрөвдөлтэй байдалд орохгүй байлаа.
“Тэнэгийн санах нь хойноо” гэдэг. Засгийн газар шатахуун түгээх станцуудад уртаас урт дараалал үүссэний дараа, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, улс даяар “гал алдах”-ын даваан дээр арга хэмжээ авч, төлөөлөгчдөө ОХУ руу илгээж, БНХАУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэв. Азаар яриа хэлэлцээ амжилттай болж, ирэх Даваа гаригаас шатахууны борлуулалт хэвийн горимдоо шилжих таатай мэдээлэлтэй дараа долоо хоногтой золгож байна.
Өөрийн гэсэн үйлдвэргүй, хоёр хөршөөс бүрэн хамааралтай бидэнд эрх баригчдын "алсын хараа" хэр чухал болохыг автомашиндаа хийх шатахуунгүйн улмаас гудамжаар алхаж, Covid-19-эрсдэлтэй нүүр тулж, нийтийн тээврээр чихцэлдсэн өдрүүд сануулав. Шатахууны хомсдолын улмаас нийслэлийн түгжрэл анх удаа буурлаа.
“Дайны хажуугаар дажин” гэгчээр өнгөрч буй долоо хоногт шатахууны хомсдолыг далимдуулан, хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаа хийсэн "Синчи фүүдс" компани 20 сая төгрөгөөр торгуулав.
Энэ долоо хоногт онцлох бас нэг үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн явдал. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө амь хайргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон тэргүүн шугамын албан хаагчдад талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ирээдүйн дэлхийн хөгжлийн үзэл баримтлал нь ногоон, хүртээмжтэй нийгэм эдийн засгийн хөгжил байх төдийгүй эрүүл мэнд суурьтай байх, эрүүл мэндийн дипломат ажиллагааг хөгжүүлэх бодит шаардлага шинээр бий болж байна. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлага, бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, өндөр технологи, шинэлэг арга барилыг шуурхай нэвтрүүлэх асуудал бид бүхний өмнө тулгамдаж байна.
Covid-19 цар тахлаас хамгаалах гол арга зам нь дархлаажуулалт тул дэлхийн улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт, харилцан туслалцаа үүнд чиглэгдэх учиртай. Covid-19-ийн вакцины тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 138 улсад 190 сая тун вакцин нийлүүлээд байгаа нь бага, дунд орлоготой орны иргэдэд хүрсэн үнэлж баршгүй дэмжлэг байлаа…
Монголчууд бид дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй сая хүн татагдан оролцож, олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон хөнөөлт Дэлхийн II дайн дууссан есдүгээр сарын 2-ныг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж байна" гэв.
Мөн "Цар тахлын хор хохирлоос түргэн ангижрах, цэнхэр гаригаа амирлуулан сэргээх гол арга зам бол бид бүхний нягт харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа бөгөөд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Аддис Абебагийн Үйл ажиллагааны хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг олон улсын хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг тууштай үргэлжлүүлэх, эрчимжүүлэх явдал гэж үзэж байна" гэж онцлов.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн сайн мэдээтэй. 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ.
Холбоотой мэдээ