Шугам сүлжээний засвартай холбоотойгоор өнөөдөр (2021.09.26)-ийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Тодруулбал, шугам сүлжээний засвараас шалтгаалж халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байна. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуйн нэгж аравдугаар сарын 1-нээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний ч халаалтыг нь өгч эхлээгүй байгаа аж.
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас засварын ажилтай холбоотой дулаан өгөөгүй орон сууц, сургууль байгаа эсэх талаар өмнө нь тодруулахад:
-Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлсэн. Эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхэд цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой зохицуулалт хийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын засвар, арчлалтын гүйцэтгэл дууссан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн хийсэн гэсэн үг.
Товлосон хугацаандаа орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан. Харин аж ахуйн нэгжүүдийн дулааныг гэрээний дагуу ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ.
Засвар шинэчлэлтийн тухайд хугацаа алдаагүй. Харин зургадугаар сард хил, гаалийн асуудалтай холбоотойгоор шаардлагатай зарим зүйлийн тээвэрлэлт саатсан. Гэхдээ тухай бүрд нь зохицуулалт хийж ажилласан учир дулаан олгох ажил хугацаандаа явагдана. Шугам сүлжээний засварыг дуусгаж, дулааныг жигд олгохоор төлөвлөж байна гэсэн тайлбар өгсөн юм.
Холбоотой мэдээ