Улсын хэмжээнд есдүгээр сарын 17-ны байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн ерөнхий боловсролын 227 сургууль байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд нийт 1343 бүлгийн 36 мянга 399 сурагч цахимаар хичээллэж байна. Тэдгээрийн 60 сургууль, 165 бүлэг 4831 суралцагч нийслэлд байгаа гэсэн статистикийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгдүгээр хавьтал болсон 28 мянга 23 суралцагч, 1885 багш гэрийн тусгаарлалтад шилжиж, хичээл сургалтаа зайнаас удирдан чиглүүлж буй юм байна.
Одоо танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан 320 сургуулийн 22 мянга 449 суралцагч байгаа аж. Гэхдээ яамнаас 100 хувь цахимд шилжүүлсэн эсэх талаарх мэдээллийг Баасан гаригт өгөх боломжтой гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 гаруй хувь дархлаажуулалтад хамрагджээ. Танхимын сургалтын үед цэцэрлэг, сургуульд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг салбар яамнаас мэдээлсэн.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу цэцэрлэг, сургуулийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа юм. Тухайлбал:
- Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн,
- Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийн,
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийн хувьд Covid-19-ийн тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэр (зайн)-ээр хичээллэж буй.
Дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж байна. Үүнд:
- Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн,
- Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн,
- Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн,
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж буй юм байна.
Холбоотой мэдээ