Хятадад тагнуулын хэргээр шоронд хоригдсон Канадын хоёр иргэнийг өчигдөр суллаж, нутаг буцаажээ. Канадын талаас “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг суллаж, Хятадын агаарын тээврийн “Air China” компанийн онгоцоор Шэньжэнь рүү нисгэсний дараа тус хоёр иргэнийг Бээжин сулласан аж.
Өдгөө 49 настай Мэн Ванжоу нь АНУ-ын хууль хяналтынхантай тохиролцож гэрээ байгуулснаар суллагджээ. Мэн Ванжоуг Канадад баривчилж, АНУ-д шилжүүлэх асуудал сүүлийн гурван жил гурван орны харилцаанд зөрчил үүсгэсэн. Түүнийг АНУ-ын Ираны эсрэг тавьсан хоригийг зөрчиж, тус улсын санхүүгийн институтыг луйвардсан хэрэгт буруутгасан юм.
Канадын иргэн Майкл Ковриг, Майкл Спавор нар 2018 оны арванхоёрдугаар сард Хятадад баривчлагдсан. Канадад Мэн Ванжоуг баривчилсны дараахан тэднийг Хятадад тагнуулын хэргээр барьж хорьсон нь улс төрийн зорилготой хэмээн хардаж байв.
Эх сурвалж: Associated pressed
Холбоотой мэдээ