Солонгосын Өмнөд Жолла мужид өмнөд тэнгисийн буланд олон зуун тооны том жижиг арлууд, дэлхийд тавд ордог Ёнаны усархаг газар, Сүнчон тохой, уулын энгэр хормойгоор зах хязгааргүй үргэлжлэх Бусон ногоон цайны талбай гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Энэ удаагийн дугаараар Өмнөд Жолла мужийн үзэсгэлэнт газруудаар аялцгаая.
Гуанжү кимчи таун
Гуанжү хотын Кимчи Таунд Солонгос улсын уламжлалт хүнсний нэг болох кимчиг идэж, мөн өөрийн биеэр хийж үзэх боломжтой. Түүнчлэн кимчиний музейгээс кимчиний түүх болон орц, дарах арга зэргийг сонирхож болдог байна. Бидний сайн мэдэх халуун ногоотой байцааны кимчинээс гадна цагаан лууван, өргөст хэмх, сонгино зэрэг орц найрлага бүхий 187 нэр төрлийн кимчиний талаар сонирхолтой мэдээллүүдийг эндээс авах боломжтой.
Удун арал
Удун аралд тэр чигээрээ улаан цэцэг дэлгэрдэг. 3000 гаруй цахирмаа цэцгийн мододтой учир Цахирмаа цэцгийн арал гэж ч нэрлэгддэг байна. Удун арал нь Өмнөд Жолла мужийн Ёсү хотоос холгүй байдаг учир үерийн далан дээрх явган замаар арал дээр очих боломжтой.
Дамяаны ойн зам
10-20 метрийн өндөр шилмүүст модон ойгоор хүрээлсэн 8.5 км урт үргэлжлэх зам бол Дамьян нутгийн алдартай газар юм. Энд явган аялагчдад зориулан 2.2 км замыг тээврийн хэрэгсэлгүй зам болгон хаасан байдаг. Хэрэв та Гванбанжерим ойн нэвтрэх замаар дугуй түрээслэн зугаалахад нэн таатай.
Бусоны ногоон цайны талбай Дэхандавон
Бусоны ногоон цайны талбайгаас жил бүр 120 тонн ногоон цай хураан авдаг. Ногоон цайны талбай, хүн орхоодойн модны ой нь үзэмж төгөлдөрөөрөө алдартай учир олон кино, драм, рекламны зураг авалтууд энд хийгддэг байна. Жил бүрийн 5-р сард энд цайны фестиваль зохиогддог ба өөрийн гараар цайны ургамал түүх, цайны соёлд суралцах зэрэг арга хэмжээ болдог.
Мэта суурин
Зам даган байрлах энэ жижиг тосгон Францын үзэсгэлэнт бүс нутаг болох Провэнсийг үлгэрлэн байгуулагджээ. Өтгөн ногоон ойгоор хүрээлэгдсэн энэ сууринд үзэх зүйл олон бөгөөд шавж хорхойны музей, дэлгүүр гээд 5 төрлийн үзвэр үйлчилгээтэй ажээ.
Хуаомса хийд
544 онд Пэкжэ гүрний үед баригдсан Хуаомса хийд нь эртний өв соёлыг хадгалж ирсэн билээ. Тэр дундаа аврага том модон барилга болох Гагхуанжон болон Шилла гүрний үед бүтээсэн уран барилгын хийц бүхий чулуун суварга гэх мэт түүхийн ховор нандин олдворуудыг эндээс үзэх боломжтой.
Та БНСУ-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаас авна уу.
Холбоотой мэдээ