Арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой тун олон үйл явдал сүүлийн үед барууны орнуудад өрнөж буй. Жорж Флойдын үхлээс шалтгаалан хар арьстнуудыг ялгаварлан гадуурхах асуудал хурцаар хөндөгдөж, цар тахлаас болж ази хүмүүсийн эсрэг халдлага, гэмт хэрэг олширч байна. Тэгвэл чухам энэ асуудлаар НҮБ өчигдөр/2021.9.23/ бүтэн өдрийн турш хэлэлцэв. Гэвч ярианд оролцох ёстой хамгийн чухал хоёр орны төлөөлөгч үзэгдсэнгүй.
Нэг талд АНУ, Канад, Нэгдсэн Вант улс тэргүүтэй колоничлол, боолчлолоос асар их ашиг олж хөрөнгөжиж байсан том гүрнүүд цар тахлын вакциныг бусад орнуудад тараахыг дэмжиж байгаа талаараа ярилцав. Харин нөгөө талд Африк Өмнөд Америк, Азийн нэгэн цагт дарлагдаж, мөлжүүлж байсан орнуудын төлөөлөгч нар бүтцийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах үзлийн тухай ярьлаа.
Дээрх хоёр арга хэмжээнд хоёуланд нь оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах асуудлыг хөндөж, түүний шалтгаан, үр дагаврын тухай хэлэлцжээ.
Тэрбээр ялгаварлан гадуурхах үзлээс болж маш олон хүн хохирсоор байгааг онцлон дурдаад, түүнээс салахын тулд бие биенээ үзэн ядахаа больж, шат шатандаа өөрчлөлт хийх шаардлагатай гэж ярьсан байна.
Түүнээс гадна эл хэлэлцүүлэг бол анх 2001 онд Өмнөд Африкийн Дурбан хотод болж, ялгаварлан гадуурхалтыг зогсоох Дурбаны тунхаглал батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулсан үйл явдал байжээ. Гэвч эл ярианд зайлшгүй оролцох ёстой зарим орнууд огт байсангүй.
Учир нь, Дурбаны тунхаглалд Израиль, Палестины асуудал хөндөгдсөн нь маргаан үүсгэж, эцэст нь АНУ, Израиль хоёр улс нэрээтатсан гэдэг. Энэ талаар НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Гилад Эрдан “2001 оны тунхаглал ялгаварлан гадуурхалттай тэмцэх бус, эсрэгээр улам өдөөх шинжтэй байсан. Тиймээс энэ оны түүнтэй холбоотой арга хэмжээнд оролцохгүй байсан нь зөв” гэж тайлбарласан байна.
Харин Нэгдсэн Вант улс антисемитизмтэй холбоотой түүхийн асуудлаас болоод хэлэлцүүлэгт оролцоогүйгээ илэрхийлээд, хэдий тийм ч ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай тэмцэж байгаагаа дурджээ. Харин Канад, Европын холбоо ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ