“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал өнөөдөр /2021.09.24/ боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл, нийслэл хотын 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар холбогдох албаныхан мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:
-Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэлх хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлт үнэхээр хангалтгүй 29.6 хувьтай гарсан. Энэ удаа 2020-2040 оны хөгжүүлэх төлөвлөгөөг хамгийн багадаа 50 хувь байхаар урт хугацааны хөгжлийн бодлогыг барьж байна. Энэ төлөвлөгөөгөө 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Улсын Их Хурлаар батлуулахаар зорьж буй. Ирэх онд хийх бодлогын бичиг баримтуудаа цэгцэлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орох бэлтгэлийг хангасан. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 23-ны байдлаар сайжруулсан шахмал түлшийн 56 тоннын нөөцтэй байна. Мөн нийт 600 цэг дээрээс түлшний худалдааг эхлүүлнэ. Зургаан дүүрэгт 5600 орчим ажилтныг шинээр бэлтгэсэн. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэр 1960-1985 оны хооронд 25 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ид өрнөсөн. Үүнээс хойш хотын дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажлууд өргөн хүрээнд хийгээгүй. Зайлшгүй шинэчлэх ёстой ажлууд байгаа ч хөрөнгө санхүү байхгүйгээс удааширч, хугацаа алддаг. Ирэх 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд хотын бүх бүтээн байгуулалт эхэлчихсэн байх албан үүрэг даалгаврыг өгсөн.
Хотын Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор дүүргүүд рүү тодорхой хэмжээний эрх мэдлийг шилжүүлнэ. Жишээлбэл, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 хоногийн өмнө цахим шилжилт, хог хаягдалгүй, ногоон байгууламжаа нэмж улсын хэмжээнд есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд ижил түвшнээс уралдана. Нийслэлийн 2021 оны төсвийн орлого биелэх ямар ч боломжгүй байна. Хотын нийт төсвийн 60.5 хувийг аж ахуй нэгж байгууллагууд бүрдүүлдэг. Цар тахлын улмаас төлөвлөгөө биелэх бололцоо хумигдсан. Аж ахуй нэгжүүд зээлийн дарамттай байгаа учраас төрийн мэдрэмжтэй зохицуулалт чухал байна.
Мөн тэрбээр "Эрчис ойл" гэдэг компанийн дансанд 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан талаар тайлбар өгөхдөө "Өнөөдөр "Эрчис ойл" компанийг байгуулснаараа шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Миний бие тухайн салбарыг ахалж байсан хүний хувьд шатахууны үнийг тогтвортой барьж, 52 тэрбум төгрөгийг ард иргэдийн халаасанд үлдээсэн. Харамсалтай нь тэр үед хийсэн бодлогыг төрийн залгамж чанараар үргэлжлүүлж чадаагүй. Үүнээс үүдэн цэвэр бодлогын алдаа гарсан. Өнгөрсөн жил шатахууны үнийн хамгаалалтын гэрээг хийсэн бол АИ-92 шатахууны үнэ литр тутамд 1600 төгрөгөөс дээш нэмэгдэхгүй барих бололцоотой байсан.
УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР:
-Хотын өвөлжилтийн бэлтгэлтэй хамаарал бүхий 22 байгууллагад тодорхой үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувийн биелэлттэй байна. Дулаан хангамжийн төлөвлөлттэй холбоотойгоор 998 ажил төлөвлөсөн. Дулаан халаалтын гол асуудал бол Баянгол дүүргийн тав, зургадугаар хорооноос Сүлжмэлийн гүүр хүртэлх 3.3 км урттай шугам сүлжээний ашиглалтын хугацаа дуусч, өнгөрсөн өвөл 4-5 удаа хагарч гэмтсэн. Энэ шугамыг олон улсын төсөл арга хэмжээ зарлаж, наадмын өдрүүдэд ажиллан наймдугаар сарын 27-нд хэрэглээний халуун усаар хангасан. Энэ жил 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээнд нийтдээ 844 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар улсын төсвийн тодотголоор шийдвэрлүүлнэ. Мөн Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн барилгатай холбоотой асуудлыг тусгахаар ажиллаж байна. Налайхад хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн асуудал байна. Ингээд үлдэж буй
Хотын хэмжээнд замын гулгааг арилгах зорилгоор 4200 гаруй тонн тусгай зориулалтын бодис бэлдсэн. Жил бүрийн өвлийн улиралд 1.8 сая метр квадрат бүхий цасыг цэвэрлэдэг. Одоо 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байна. Бид аравдугаар сарын 25-нд давс, тусгай зориулалтын бодисоо хүлээн авч, нөөцөлнө. Өнгөрсөн долоо хоногт "Өвөлд хот бэлэн үү" арга хэмжээний үеэр хийсэн ажлаа дүгнэж, туршлагуудаа солилцсон.
ХОТ БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Б.СҮХБААТАР:
-Нийслэлийн 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд есдүгээр сарын 19-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авна. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч зөвшилцөх үйл ажиллагаа өрнөж байна.
Иргэд, олон нийт ulaanbaatar2040.mn веб, Улаанбаатар 2040 фэйсбүүк, инстаграм, твиттер, youtube зэрэг нийгмийн сүлжээ болон хороогоороо дамжуулан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой. Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн төлөвлөгөө баталж байсан юм. 1200 хүнийг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 29 хүртэл иргэдээс санал асуулга авна.
Энэ үеэр хотын түгжрэлийн талаар холбогдох албаныхан мэдээлэхдэ өнгөрсөн жил түгжрэлтэй холбоотой хэчнээн зардал гарсан гэж тоо хэлэхэд хэцүү. Өнөөдөр хотын түгжрэлийн 25.8 хувь нь зөвхөн сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогтоо хүүхдүүдээ хамруулаагүйгээс болж, зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Мэдээж түгжрэл бол хотын хэт их төвлөрөлтэй холбоотой. Засгийн газраас дараа жилээс эхлэн жил бүр 420 тэрбум төгрөгийг зөвхөн түгжрэл бууруулах ажилд зарцуулна гэдэг шийдвэр гарсан. Удахгүй төслийн задаргаан дээр ямар ажлуудыг хийх талаар мэдээлнэ гэдгийг албаныхан хэллээ.
Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өгөхдөө өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр 194 ерөнхий боловсролын сургуулиас 1000 гаруй тохиолдол, 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 34 их сургуулиас 469 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгүүдэд 5832 нэмэлт ор дэлгэсэн ч дахин нэмж ор дэлгэх шаардлага байна. Цар тахлын энэ удаагийн давалгаанд эмч мэргэжилтнүүд өөрсдөө өртөж эмчилгээ тасалдах эрсдэл үүссэн талаар мэдээлэв.
Холбоотой мэдээ