АНУ-ын хүнлэг бус шийдвэрийг эсэргүүцэн тусгай элч огцорлоо

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын хүнлэг бус шийдвэрийг эсэргүүцэн тусгай элч огцорлоо

АНУ-ын хүнлэг бус шийдвэрийг эсэргүүцэн тусгай элч огцорлоо

АНУ-аас Гайтид сууж байсан тусгай элч Даньел Фут огцорч байгаагаа төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд мэдэгдэж, “Гайтигийн дүрвэгчдийг мянга мянгаар нь албадан нутаг буцааж буй хүнлэг бус шийдвэр, үйл ажиллагаанд оролцохгүй. АНУ-ын Гайтиг чиглэсэн улс төрийн бодлого хэтэрхий алдаатай байна” гэжээ.

Сүүлийн үед АНУ, Мексикийн хил дээр гайти голдуу олон мянган дүрвэгч цугларч, эмх замбараагүй байдал үүсээд буй. Гэтэл Жо Байден дүрвэгчдийг албадан нутаг буцаах шийдвэр гаргасан нь ардчилагч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс асар их шүүмжлэл сонсч байна. Учир нь өдгөө Гайтид байдал маш хүнд байгаа билээ.

Фут Энтони Блинкенд илгээсэн захидалдаа Гайтид ядуурал, гэмт хэрэг, засгийн газрын авлига, хүмүүнлэгийн тусламж нэн хангалтгүй зэрэг олон хүнд бэрхшээл тулгарч байгааг онцлон “Дүрвэгчдийг буцааж илгээлээ гээд энэ хөл толгой нь олдохоо байсан газарт иргэдийн аюулгүй байдал, үндсэн хэрэгцээ хэзээ ч хангагдахгүй. Харин ч гэмт хэрэг улам гаарч, хүмүүс улам ихээр дайжих болно. Тийнхүү Гайтид байдал хүндрэх тусам тэдний хямрал зөвхөн нэг улсынх байхаа болин цаашид үргэлжилж, АНУ-д хүртэл нөлөөлнө” гэжээ.

АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч ч Футээс ирсэн захиа үнэн бөгөөд хэдийнэ огцорсон болохыг баталжээ. Мөн тэрбээр Футийг энэ шийдвэрээрээ олон боломж алдаж байгааг сануулсан байна.

Гайти 2010 оны газар хөдлөлтөөс хойш бүрэн сэргэж амжаагүй байхад өнгөрсөн сард дахин 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2000 хүн амь үрэгдсэн билээ. Түүнээс гадна тус улс цар тахлаас болж эдийн засгийн хямралд орж, долдугаар сард Ерөнхийлөгч Жовенел Мойс бусдын гарт амиа алдсанаас улс төрийн тогтворгүй байдал үүссэн юм.

Буудалцаан, гэмт хэрэг, дээрэм тонуулууд хэрээс хэтэрч, олон мянган хүн гэр орноо орхин дүрвэхээс аргагүйд хүрчээ. Албаныхны мэдээлснээр ердөө зургадугаар сар гэхэд нийт 13600 гаруй хүн дүрвэсэн гэдэг.

Улмаар өдгөө АНУ-ын хил дээр мянга мянган дүрвэгч уух ус, хүнс, эмийн хангамжгүй, урц барин байрлаж байна. Гэтэл АНУ-ын удирдагч нар тэдгээр дүрвэгчдийг хүлээн авалгүйгээр албадан нутаг буцаахаар шийджээ.

Шийдвэрийг биелүүлэхээр морьтой цагдаа нар дүрвэгчдийн байрлаж буй газар руу дайрч, хүмүүсийг ташуурдаж, баривчилж, үнэхээр гайти хүн мөн эсэхийг нь тодруулалгүйгээр шууд буцааж байгаа аж. Улмаар маш олон гайти гаралгүй, хэзээ ч Гайтид очиж үзээгүй хүмүүс, тэдний дунд дор хаяж арав гаруй хүүхэд багтжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж