Шатахууны хомсдол үүсч замын ачаалал 20-30 хувиар буурсан байна. Харин шатахуун түгээх станцуудын орчим замын нэгдүгээр эгнээнд түгжирч эхэлжээ. Иймд цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх буюу шатахуун түгээх станц байрладаггүй бүст замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан. Энгийн өдрүүдтэй харьцуулахад 20-30 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна. Харин шатахуун түгээх станц байрладаг газруудад маш их ачаалал үүссэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаа, Нарантуул, Нарны зам дагуу хөдөлгөөний эрчим эрс нэмэгдээд байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 182 шатахуун түгээх станц ажилладаг. Жолооч нарын хувьд шатахууны хомсдолоос үүдэн урт дараалалд зогсох болсноор замын ачаалал ихэсч зохиомол түгжрэл үүсэх, улмаар осол гарах эрсдэлтэй болжээ. Иймд цагдаагийн байгууллагаас нэг шатахуун түгээх станцын орчимд хоёр алба хаагч нэмэлтээр ажиллуулж байгаа юм.
Холбоотой мэдээ