Хятад, Тайвань хэдхэн өдрийн зайтай бараг зэрэгцэн Ази, Номхон далайг дамнасан түншлэлийн иж бүрэн хэлэлцээрт нэгдэх хүсэлтээ илэрхийллээ.
Гэвч хэрвээ Хятад улс түрүүлж гэрээнд нэгдвэл Тайванийн хүсэлт талаар болж болзошгүй юм. Учир нь Хятад, Тайванийн харилцаа нэн төвөгтэй. Тухайлбал, Тайвань өөрийгөө тусгаар тогтносон бүгд найрамдах Хятад улс гэж тунхагладаг бол Бээжин түүнийг БНХАУ-ын салан тусгаарласан нэг муж гэж үздэг юм.
Тайванийн худалдааны хэлэлцээний төлөөлөгч Жон Ден “Хэрвээ Хятад улс түрүүлээд гэрээнд элсчихвэл Тайванийн хүсэлт эрсдэлд орох юм. Учир нь гэрээнд шинэ гишүүн орон элсүүлэхийн тулд бусад 11 гишүүдээс санал авах дүрэмтэй” гэжээ.
Харин Японы гадаад харилцааны сайд Тошимицү Мотеги өчигдөр/2021.9.23/ Тайванийн хүсэлтийг хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тус хэлэлцээрийг анх Хятадын түрэмгийллийг эсэргүүцэх зорилгоор АНУ санаачилж байсан билээ. Гэвч хожим Дональд Трампын санаачилгаар АНУ өөрөө тус хэлэлцээрээс гарсан билээ.
Харин Бээжин одоохондоо энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар хэрвээ Хятад Тайваниас түрүүлэх юм бол өмнөх туршлагуудтайгаа адилаар Тайванийг Хятадын нэг хэсэг гээд, бие даан асуудлаа илэрхийлэх боломжийг нь хаах юм.
Жишээлбэл, дээрх мэт шалтгаанаар Тайвань заримдаа өөр нэрээр олон улсын үйл ажиллагаанд оролцдог билээ. Тухайлбал, Тайванийн баг тамирчид Олимпд Хятадын Тайпей гэх нэрээр оролцдог.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ