20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв

20 мянган машин тэг зогсч, нийтийн тээврийн орлого нэмэгдэв

Иргэд цар тахлаас үүдэн хувийн унаагаар явах сонирхолтой болсон. Гэтэл сүүлийн хэд хоног шатахууны хомсдол нүүрлэсэн нь хотын түгжрэлийг арилгаж, нийтийн тээврийн орлогыг нэмжээ.

Зөвхөн өнгөрсөн гурав хоногийн тоон статистикийг харвал, есдүгээр сарын 20-нд нийтийн тээврээр 439 мянган зорчигч зорчсон бол 21-ний өдөр, 453 мянга, 22-нд 470 мянга болж нэмэгдсэн байна.

Нийслэл дэх нийтийн тээвэрт 1200 орчим автобус бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөрт тутам 980 орчим автобус иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээвэрт бүртгэлтэй нийт автобусны 1152 нь дизель хөдөлгүүртэй, 57 нь газан, 41 нь тролейбус, 44 нь цахилгаан автобус. Эндээс харахад нийтийн тээврийн үйлчилгээ шатахууны хомсдолд өртөөгүй.

Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг гэх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоог ч албаныхан гаргажээ.

Тиймээс хотын “толгойны өвчин” болсон түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж ирсэн. Гэтэл “Голсон юм орно” гэгчээр нийслэлчүүд хэд хоног нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болж байна. Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн ачаалал хэр нэмэгдсэн талаар тодруулахад шатахуун хомсдолын улмаас нийтийн тээврийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Нийслэлд есдүгээр сард зорчигч урсгал эрс нэмэгддэг учраас 50 автобусыг нэмсэн. Мөн есдүгээр сарын 3-наас шөнийн тээвэр буюу уртгасан цагаар өглөөний 05:00-00:00 цаг хүртэл гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн гэдгийг мэргэжилтэн хэлэв.

Харин эсрэгээрээ хотын замын түгжрэл хэдэн хувиар буурсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын дарга Н.Намуугаас тодрууллаа. Тэрбээр "Хотын гол гудамж, замуудад байрладаг нэг орц, гарцтай шатахуун түгээх станц олон байдаг нь харагдаж байна. Учир нь шатахууны хомсдолоос үүдэн замын нэгдүгээр эгнээг шатахуун авахаар дугаарлаж буй автомашинууд эзэлж байна. Тэрнээс шалтгаалан тухайн уулзваруудын нэг, хоёрдугаар эгнээ автомашины урт дараалал үүссэн.

Мөн шатахууны хомсдолын улмаас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр буурсан. Ялангуяа сүүлийн гурван хоногт 13-15 хувиар тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн багасаад байна. Нийслэл хотын замын хөдөлгөөнд давхардсан тоогоор өдөрт дунджаар 450-480 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байсан. Гэтэл автозамын даац нь 250 мянган тээврийн хэрэгсэлд зориулагдсан байдаг.

 Өмнө нь ачаалалтай уулзварыг замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн албатай хамтран телекамерын тусламжтай зорчих хөдөлгөөнийг зохицуулдаг байсан бол шатахууны хомсдолын улмаас тус уулзварууд гэрлэн дохионы зохицуулгаар хэвийн урсч байгаа нь ачаалал буурсныг харуулж байна.

Улаанбаатар хотын ачаалалтай төвийн бүсийн гол уулзвар замуудад Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нийт 19 байршилд 33 ширхэг тээврийн хэрэгслийн бүртгэлийн камер байдаг. Эдгээр камерт өмнө нь давхардалгүйгээр 210 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгддэг байсан ба ойрын хоёр өдөрт 190 мянга бүртгэгдэж, 20 мянган автомашин хөдөлгөөнд оролцоогүй байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж