Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Монголыг хорлогчид

Монголыг хорлогчид

МАН-ын үзэл сурталч Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/ тугал хариулж, АН туг барьж ахуйд нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж буйг үзүүлсэн нь тухайн үедээ төгс шийдэл байсан авч одоо харин харамсдаг биз ээ. Учир нь өнөөдөр ам.доллар 28 боодолтой тэнцэх авай. Тэрхүү мэдээний гарчиг нь “МАН-ын генсек Ж.Мөнхбат төрийн бугшааг зад ниргэв”. Сэтгэл нь ширээнд, сүүж нь шороонд явж дээ. Асуудал Мөнхбаттаа биш. Монголын улстөрчдийн нийтлэг төрх энэ. Тухайн үедээ оноо цуглуулж чадаж байвал юуг ч нулимж, бас долоож мэднэ. Чихэн дээр цэцэг ургуулах нь байтугай цэцэгс ичээчихдэг улс.

Аливаа зүйл зохист хэмжээнээсээ хэтрээд ирэхээр утгаа алддаг. Харамсалтай нь, улстөрчид зохист жороос хэтрүүлж хор болгодог нь Монголыг хорлосоор иржээ.

Тэд урвагч гэхээр Жамухаар байнга жишээ авдаг ч өөрсдийн нь аминчхан үзлийнх хажууд Жамуха бол хүний хайлан. Бүр Монголын байлдан дагууллыг эхлүүлсэн буянтан ч байж мэднэ. Тэмүүжинг хөнөөх боломж байсаар атал өршөөгөөд зогсохгүй өөрийнх нь дайсныг хөлд нь авчирч хаясан Монголын төлөө зүтгэлтэн гэвэл илүү онох биз. Жамуха туйлбаргүй ч гэлээ үзэл баримтлалдаа үнэнч байжээ. Харамсалтай нь, найман зууны дараа ч өнөөгийн улстөрчдөд тэрхүү үзэл баримтлал алга. Харин үзэл бодол байна. Гэхдээ үзэл бодол гээч үнэн биш билээ.

АШИГ ХОНЖОО

Монголын төрийн тулгуур багана гэж өөрсдийгөө өргөмжилсөн МАН, АН өнөөг хүртэл өрсөлдөж ирэхдээ амлалтаараа бялууруулж иржээ. Нэг нь барууны үзэл баримтлалтай, нөгөөх нь зүүнийх гэдэг ч үнэндээ хоёулаа юу ч биш хярамцаг болтлоо амлалт өгч, төрөл арилжжээ. Өнөөгийн их халамжийг үндэс суурийг нь Ардчилсан нам тавьсан бол МАН харин түүнээс нь давж гарах гэж утга учрыг нь алдуулсан. Тэдний бие биенээсээ илүү гарах гэсэн өрсөлдөөн ажлаас илүү халамжийг хүсэгчдийг бий болгосон төдийгүй улсын оршихуйн үндэс болсон гэр бүлийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж, гэрлэлтийг тэтгэмжээс доогуур тавихад хүргэсэн. Статистик харвал, гэрлэх насны залуусын тоо нэмэгдсэндээ бус гэрлэлтийн мөнгө олгодог болсонтой холбоотойгоор гэрлэлт нэмэгдсэн ч цааш өнгийвөл тэр хэмжээгээрээ хэврэг болж салалт нэмэгдсэн дүр зураг түүх болж үзэгдэнэ. Хүний амьдралын хамгийн болгоомжтой, ариун нандин зүйлийг халамжтай уяж болдоггүй төдийгүй амьдралаа аваад явах бололцоог нь хангаж гэмээнэ гэр бүл илүү бат бөх байдаг аж. Ингэж л оршихуйгаа бид үгүйсгэжээ.

АЙДАСТ ДӨРӨӨЛӨГСӨД

Монголчуудын тархинд өнгөрсөн нийгмийн далан жилийн хугацаанд оросуудын суулгаж чадсан түгшүүр нь Хятад. Гэтэл бид 1919-1921 оныг эс тооцвол Хятадад дарлуулж явсан түүхгүй. Харин эсэргээрээ тэдний ачаар өнөөгийн нийслэлийн 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, зарим үйлдвэрийн газрыг тэд барьж өгчээ. Эдэлж буй тавилга хэрэгсэл, идэж буй хоол хүнс, өмсөж буй хувцас хунар гээд бидний хэрэгцээний 80 орчим хувийг тэд хангадаг. Монголын экспортын орлогыг харсан ч Орос биш Хятадаас олох жишээтэй. Муу хэлээд байдаг хэр нь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлс яван яван явсаар тэдэнтэй холбогдоод байдаг. Гэвч тэр бүхнийг үгүйсгэхэд ганцхан л үг хангалттай нь “Хужаа”.

Энэ л айдас хүйдэст дөрөөлөн нарийн, бүдүүн царигийн хэрүүл яван явсаар “бүдүүн” төмөр зам тавихад нөлөөлсөн. Гялгар уутанд элс хийгээд хадаасаар хатган гоожуулаад "Харж байна уу, яг үүн шиг хятадууд монгол руу танктай орж ирнэ" гэж айлгасан Х.Баттулгыг бид Ерөнхийлөгч болтол нь өргөсөн. Үр дүнд нь бид өнөөдөр нүүрсээ чингэлэгт ачаад, хил дээр ачаагаа юүлэхэд хүрсэн билээ. Энэ хооронд хичнээн сая доллар олох боломжоо салхинд хийсгэснийг бүү мэд. Ганц үнэн зүйл гэвэл одоо хэр нь саймширсаар буй.

Үүнтэй яг ижил нэгэн жишээ нь Хятадын Bank of China Монголд орж ирэх сургаар банкныхнын явуулсан бодлого нь "Удахгүй Манжийн дарлалын үед Монголыг Хятадын фүүсүүд өрийн дарамтад оруулсан шиг үйл явдал болох гэж байна" гэх мессэж байв. Бүгд итгэсэн. Бушуухан болиулсан. Зуун жилийн өмнөхөөс ялгаатай нь хятадын фүүс бус Монголын банкууд мөнгө хүүлж байна. Манайх шиг өндөр хүүтэй зээл олгодог газар дэлхийд олдохгүй л болов уу? Тиймээс л мөнөөх хятад үзэлд нь тааруулан сөрөг сурталчилгаа явуулж, түүнийг эсэргүүцсэн нэг нь эрлийз, хурлийз, "хужаа" болж зүхүүлээд дууссан. Үр дүнд нь Монголын арилжааны банкууд л хожсон. Өнөөдөр ямар ч бизнесээс илүү банкууд ашиг олж буй нь гашуун боловч үнэн билээ.

ОРОС ТҮРГЭМГИЙЛЭЛ ГЭХ АЙДАС

С.Баярын Засгийн газрын үед шатахууны асуудлаа шийдвэрлэхийн тулд Оросоос 100 шатахуун түгээс станц оруулж ирэх тухай хэлэлцээрийг эхлүүлсэн ч мөн л шатахуун импортлогчдын явуулгаар нуран унасан. Хэрэвзээ тэрхүү алхам хэрэгжсэн бол адаглаад бид өнөөдөр тэг зогсолт хийхгүй байлаа. Янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг ч хамгийн үнэтэйгээр шатахуун авсаар байна. Түүгээр зогсохгүй хамгийн чанаргүй шатахууныг хэрэглэдэг. Оросын шатахуун түгээгүүрээс банкаа дүүргэвэл Монголд авснаасаа 300-400 км илүү явдаг нь бодит үнэн. Өнөөдөр АИ-92 шатахуун хуучнаар бол А-80-тай ойролцоо учраас бодит АИ-92 авахын тулд АИ-95 авч гэмээн бодит чанартай нь дүйнэ. Гэсэн атал хэн ч чанар ярьж чадахгүйн дээр машиндаа муу түлш хийсээр бинзен насосоо солиогүй жолооч ховор болсон билээ. Хохирогч нь монголчууд бол зовлонгоор зоолсон нь импортлогчид. Бид өдий хүртэл нефть боловсруулах үйлдвэргүй явж ирсэн шалтгааны чамгүй хувийг шатахуун импортлогчдын улс төрийн нөлөө эзэлнэ. Үндэстний эрх яригчил хамгийн их үндэстний эсрэг үйл ажиллагаа явуулсаар ирсэний илрэл нь тэр.

БОНДООР БОЖИЙГСОД

Ардчилсан намыг засаглаж ахуйн МАН-аас хамгийн их шүүмжилсэн асуудал нь бонд. Дөнгөж төрсөн хүүхдүүд өртэй төрж байна гэсэн сөрөг хүчний "тархи угаалт" эрх баригчдыг адгийн амьтад болгон харагдуулсан. Үүнийг нь батлах мэт Н.Алтанхуяг "Хойч үе маань төлчих биз дээ" гэсэн нь даарин дээр давс гэгч болсон билээ. Энэ бүхэнд гадаад өрийг өдөр болгон шахуу сануулж асуудлыг анхаарлын төвд аваачихаа сөрөг хүчин сайн мэднэ. Гэхдээ тэрхүү бондын мөнгөний ачаар монголчууд аймаг бүрийг авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Хамгийн эмгэнэлтэй нь, МАН ингэж "нүдсээр" гарч ирээд өөрсдөө дахин шинэ бонд босгосон төдийгүй гадаад өрийг тэнгэрт тултал нь нэмэгдүүлж, буруутныг хувийн хэвшил рүү чихсэн билээ. Улстөрчид ингэж Монголын болж байгааг нь муулж, боломж гарвал өөрсдөө зооглодог улс.

 ТЭДНИЙГ БИД ЖИГШИХ ЁСТОЙ АТАЛ…

Тийм учраас "эх оронч", "эх орон", "газар шороо" гэсэн болгоны хэлсэн, ярьсан зүйлийг сэтгэлийн хөөрлөөр дагах бус илүү эргэлзэх хэрэгтэйг бодит нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монголын эрх ашгийг яриад монголчуудыг хамгийн их хохироосон түүх одоо ч үргэлжилж байна. Үүх, түүх, өв соёл ярьж байгаад бүтээн байгуулалт нэрээр өчнөөн тэрбумаар тооцогдох мөнгө үрэн таран хийдэг энгийн жишээ нь "Андлалын өргөө" болсон. Монголд хамгийн их ногоо тарьдаг компанийн төмс хамгийн амархан мууддаг билээ. Энэ мэтээр Монголын асуудал болсон томоохон асуудлыг харвал ард нь дандаа хувийн ашиг сонирхол нь нуугдаж, хутган үймүүлж байх ажээ. Дурдаагүй, дурсаагүй үй олон жишээнээс илүү нийгмээрээ талцсан хэдхэнийг сөхөхөд л ийм байна.

Тиймээс л хамгийн их Монголын эрх ашиг ярьсан хүнээс хамгаас илүү болгоомжлох хэрэгтэй болжээ. Монголын урвагчид үеийн үед Монголын эрх ашиг ярьж ирсэн билээ. Эцсийн эцэст тэднийг эрх мэдэлд хүргээд буй нь бидний алдаа гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж