Шатахууны хомсдолтой өрсөж, үнийг үндэслэлгүй ХӨӨРГӨЖЭЭ

Хуучирсан мэдээ: 2021.09.24-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдолтой өрсөж, үнийг үндэслэлгүй ХӨӨРГӨЖЭЭ

Шатахууны хомсдолтой өрсөж, үнийг үндэслэлгүй ХӨӨРГӨЖЭЭ

Автобензин тасалдаж, хомсдол үүсэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр өрсөж нэмэгддэг жишиг хэдийнэ тогтсон. Иргэдийн хувьд эдийн хүндрэлтэй байгаа энэ үед өргөн хэрэглээний бүхий л бараа, бүтээгдэхүүн сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19 гэх шалтгаанаар тасралтгүй өссөөр байгааг хэлж байв. Тэр дундаа есдүгээр сард хил гаалиар орж ирдэг бараа гэхээс илүү шатахууны хомсдолоос болж сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боовны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ. Ямар, ямар бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг “Баянзүрх зах”, “Сансар зах, худалдааны төв” болон бусад хүнсний дэлгүүрээс сурвалжиллаа.

ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ШАЛТГААЛЖ ӨНӨӨДӨР АТАР БОЛОН БУСАД ТАЛХ 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

ХУДАЛДАГЧ П.ПҮРЭВСҮРЭН:

-Өнөө, маргаашгүй бүх барааны үнэ нэмэгдэнэ. Барааны татан авалт хийхэд тодорхой хэдэн төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ шатахуунаас гадна Covid-19 цар тахал эдийн засагт их нөлөөлж байна. Өнгөрсөн сард нарийн боовны үнэ 200-500 төгрөгөөр өссөн. Өнөөдөр гэхэд “Атар өргөө” үйлдвэрийн талх 200 төгрөгөөр дахиад нэмэгдлээ. Иргэд үнийн өсөлтөд бухимдалтай байна. Огцом үнээ нэмэхгүй ч   үйлдвэрийн болон импортын бараа ялгаагүй татан авалт бүрт давтамжтай бага багаар үнээ нэмдэг болсон. Худалдан авч байгаа хүмүүст болон худалдагч бидэнд барааны үнэ өсөх нь их хэцүү санагддаг.

Үндэсний статистикийн хорооноос нийслэлд худалдаалагдаж буй зарим барааны үнийн өсөлтийг танилцуулсан. Тодруулбал, энэ сарын 22-ны байдлаар “Атар” талхны үнэ 1280 төгрөгөөс 1500 төгрөг болж өсчээ. Мөн “Зууван чех талх” 1690-1820 төгрөг болсон бол хар талхны үнэ 1220-1340 төгрөг болж, 110-220 төгрөгөөр тус тус өссөн байна.

Томоохон захуудад үйлдвэрийн дээрх үнэ дээр 100-200 төгрөг нэмж байгаа бол захын дүүргүүдийн дэлгүүрт үйлдвэрийн үнээс 500 төгрөгөөр илүү үнээр хэрэглэгчдэд хүрч байгаа юм.

БЕНЗИН ХОМСДОХООС  ӨМНӨ СҮҮ, ТАРАГ  200-300 ТӨГРӨГӨӨР ӨССӨН

ХУДАЛДАГЧ Э.ЭРДЭНЭЧИМЭГ:

-АИ-92, АИ-95 бензин тасраад хоёр хоногийн хугацаанд манай тасгийн тухайд үнэ нэмэгдсэн бараа алга. Ерөнхийдөө бүх төрлийн барааны үнэ маш их нэмэгдсэн. Жижиглэнгийн болоод дотоод, гадаадын үйлдвэрийн бараа нэг нь үнээ нэмэхээр  уралдаад өсгөдөг. Би дотоодын бүтээгдэхүүн худалдаалдаг учир хомсдолтой байгаа зүйл харьцангуй бага. Гэхдээ Хятадаас оруулж ирдэг бүтээгдэхүүнд ихэнх нь тасарсан. Талх, нарийн боовны үнэ өсөөд удаагүй байхад сүүний үйлдвэрүүд 200-300 төгрөгөөр сүү, таргаа нэмсэн. Шалтгаанаа Covid-19, түлш гээд түгээгч нар нь бэлэн тайлбар хэлдэг. Манайх ихэнх барааны таталтаа өдөр өдөрт нь хийдэг. Бусад нэр төрлийн бүтээгдэхүүнээ долоо хоногт 2-3 удаа захиалж авдаг.

ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮД ҮНЭЭ НЭМЭХЭЭР БУСАД ГАЗРУУД НЬ ДАГААД Л ӨСГӨДӨГ

ХУДАЛДАГЧ Н.ОЮУНЧИМЭГ:

-Худалдаа эрхэлж, талбай түрээсэлж байгаа хүмүүст өдөр ирэх бүрд нөхцөл байдал хүндэрч байна. Миний хувьд бензинтэй холбоотой гэхээс илүүтэй зах зээл, нийгэмд өрнөж байгаа сиймхийг ашиглаж үйлдвэрлэж байгаа барааныхаа үнийг нэмдэг жишиг тогтсон. Гадаадаас хараат бүтээгдэхүүн болох ургамлын тос, масло, будаа тээврийн асуудлаас болж саатаж байгаа. Ирэхдээ үнэ нь тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч худалдан авагчаа татахын тулд бид үнээ нэмдэггүй. Урсгал зардал гээд өнгөрөөдөг. Гэтэл дотоодын томоохон компаниуд, тухайлбал “Тесо” бүх бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр бусад жижиг компаниуд нь дагаад нэмчихдэг. Үүнийг хянаж, шалгадаг газар нь шалгах хэрэгтэй. Иргэд, худалдагчид бид эдийн засгийн хувьд дарамтад байна. Тесогийн будаа, гоймон бүгд 1000-2000 төгрөгөөр өссөн. Хил гаалийн асуудал шийдэгдэж барааны эргэлт хэвийн үргэлжилбэл үнэ өсөхгүй байх бүрэн боломжтой.

Статистикийн газрын мэдээлснээр “Алтан тариа” гурилын үнэд өөрчлөлт ороогүй бол цагаа будаа, сүү, тараг, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, өндөгний үнэ өсчээ. Харин мах, төмс, лууван, байцаа, манжин, сонгинын үнэ буурсан байна. тухайлбал, Баянзүрх захад будаа төрлөөсөө хамаарч нэг килограмм нь 2500-4500 төгрөг. Ургамлын тос нэг литртэй нь 4500-7500 төгрөг. Өндөг ширхэг нь 400 төгрөгөөр зарагдаж байлаа.

БҮХ БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН Ч ХАМГИЙН ИХ ӨССӨН НЬ УРГАМЛЫН ТОС, ТАЛХ, НАРИЙН БООВ

Ахуйн барааны тасгаас асуухад импортын бараанууд эхнээсээ хомсдолд орсон. Ариун цэврийн цаас тасарч сонголт багассан. Удахгүй бас л үнэ өсөөд ирэх байх. Тэр энэ гэж нэрлэлтгүй бүх төрлийн барааны үнэ өсч байгаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш сар бүр  нэмэгдсэн гэв. Гэтэл цар тахлын үед иргэдийн халаасанд хүндрэл учруулахгүй хэмээн төрөөс амлалт өгсөн. Бодит байдал дээр энэ нь худал болж таарав. Нарийн боов, талхны үнэ нэг жилийн хугацаанд 300-600 төгрөгөөр, гурил, будаа, гоймонгийн үнэ 200-2000 төгрөг, ургамлын тос 1000-2500 төгрөгөөр тус тус өсөөд байгааг худалдагчид хэлэв.

ТАСАЛДСАН БАРААНЫ ЭРЭЛТ ИХЭСЧ, ҮНЭ НЭМЭХ ШАЛТГААН ҮҮСГЭЖ БАЙНА

ХУДАЛДАГЧ Э.ЦЭЦГЭЭ:

-Долоо хоног бүрийн 1, 2, 5 дахь өдөр бараа ирдэг. Тэгэхлээр Баасан гаригаас газрууд үнэ нэмж эхлэх байх. Хамгийн гол нь эрэлт, хэрэгцээг тогтвортой хангаж чадахгүйгээс болж зах зээл дээр хомсдол үүсч үнэ өсөөд байна. Өнгөрсөн долл хоногт өндөг 280 төгрөгөөр зарагдаж байсан бол энэ долоо хоногт 400 төгрөг болж өссөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хандахаар таны гомдлын дагуу шаардах хуудас явуулж, торгууль тавьсан л гэдэг тайлбар өгдөг. Үүнийг эрх мэдэл бүхий газар, албан тушаалтнууд анхаарах хэрэгтэй.

НААД ЗАХЫН ЖИШЭЭ БОЛ КОФЕ 250 ТӨГРӨГ БАЙСАН БОЛ 350 ТӨГРӨГ БОЛСОН

ИРГЭН Т.НАГВААНЖАМЦ:

-Өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоногоор харьцуулахад лөссөн нь мэдэгдэж байна. Хамгийн энгийн жишээ гэвэл, 250 төгрөгөөр авч уудаг байсан кофе маань 350 төгрөг болчихсон. Зах дээр ийм үнэтэй байгаа юм чинь ТҮЦ, хүнсний дэлгүүрүүдэд түүнээс ч илүү үнэтэй зарагдаж байгаа нь тодорхой. Иргэдийн худалдан авах чадвар муудаж байхад төр, засгаас тодорхой, дорвитой арга хэмжээ авч хянах хэрэгтэй. Худалдагчдын буруу биш шүү дээ. Эрх мэдэлтэй хүмүүс нь зохицуулалт хийж чадахгүй байгаад л учир байна.

 

УРГАМЛЫН ТОС 7500, ҮХРИЙН МАХ 15 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ

ХУДАЛДАГЧ Ш.ОЮУНЦЭЦЭГ:

-Импортын бараанууд захиалснаас олон хоногийн дараа ирж байгаа учир хомсдол үүссэн. Ирэхдээ үнэ нь хамгийн багадаа 1000 төгрөгөөр өсдөг. Майонез гэхэд Оросоос ирэхгүй удаж байгаа бүтээгдэхүүний нэг. Үүнээс гадна ургамлын тос, лаазалсан бүтээгдэхүүн гээд нэрлэвэл татан авалттай холбоотой асуудал. Covid-19 гарснаас хойш бүх барааны үнэ өссөн. Цаашид ч өсөх хандлагатай байна.

 

 

Сансар зах, худалдааны төвд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг авч үзвэл литрийн сүү 1800 төгрөг, тараг 2000 төгрөг, үйлдвэрийн сүү 2800-3200 төгрөг, ааруул 18000-23000 төгрөгөөр зарагдаж байна. Харин махны тухайд үхрийн мах ястай нь 12500-13000, цул нь килограмм нь 14000-15000 төгрөг. Адууны мах килограмм нь 11000-12000 төгрөгийн ханштай худалдаж байв.

НАМРЫН УЛИРАЛД УРГАЦ ХУРААДАГ БАЙТАЛ ХҮНСНИЙ НОГОО ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙНХЭЭС ҮНЭТЭЙ БАЙНА

ИРГЭН Б.УРАНЧИМЭГ:

-Өргөн хэрэглээний бараа талх, боорцог, сүү, тараг гээд дотооддоо хангаж буй бүтээгдэхүүний үнэ импортын бараанаас хэд дахин давсан үнэтэй байна. Жимс, хүнсний ногооны үнэ огт буурахгүй улам өсч байна. Өнгөрсөн жилүүдэд намрын улиралд хүнсний ногоо харьцангуй хямд байдаг байсан. Гэтэл өнөөдөр төмс килограмм нь 800-1000 төгрөг, лууван 2000-2500 төгрөг, монгол сонгино 3000 төгрөг гэх мэтчилэн их үнэтэй санагдаж байна. Гурил, будаа, мах гээд үнэ өсөөгүй бараа байхгүй. Энэ долоо хоногт хэрэв бензиний үнэ өсвөл дагаад дахиад барааны үнэ өснө. Тэрнээс өмнө хүнсээ базаах гэсэн иргэд их байна.

Автобензиний хомсдол үүсч, нийслэлийн машинтай иргэд очер дараалалд зогсч нэгдүгээр эгнээг дүүргэж байхад зэрэгцээд үнэ өсөх сураг сонссон үйлдвэр, худалдаа эрхлэгчид өрсөж өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийхээ үнээ нэмэх бодлого баримталж байгааг иргэд эсэргүүцэж байна. Есдүгээр сар гарч бензиний асуудал яригдаж эхэлснээр одоогийн байдлаар хамгийн их нэмэгдсэн бараа, бүтээгдэхүүн нь талх, нарийн боов байгаа аж. Цаашид ч үнэ өссөөр байх магадлалтайг худалдаа эрхлэгчид хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж