Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараатынхаа горыг өнгөрсөн дөрвөн хоногт амсав. Шатахууны хомсдолд орсон жолооч нар шатахуун түгээх станцын гадна хонон, өнжин дугаарлаж байна. Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас хангадаг.
“Алтан загас”-ны эмгэн шиг монголчууд нефть үйлдвэрчлэгчдээс хараат байдгаа болих ганц найдвар нь газрын тос боловсруулах үйлдвэртэй болох юм.
Гэтэл газрын тос олборлож, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялааснаас хойш гучаад жил түүхий нефть экспортложээ.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. Тус үйлдвэр нь Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай юм. Өдгөө төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж буй.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцээд хүний нөөц, ажиллах хүчнээ бэлдэх ёстой. Нефть-химийн салбарт анхлан хөл тавьж буй Монгол Улсын хувьд хүний нөөцийн асуудал нэн чухал.
2025 онд ашиглалтанд орох Газрын тос боловсруулах үйлдвэрт урьдчилсан байдлаар 1000 орчим хүн ажиллах тооцоотой.
ХҮНИЙ НӨӨЦ БОЛ БИДНИЙ ТУЛГАМДСАН АСУУДЛЫН НЭГ
Хүний нөөцийн төлөвлөлтийн талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс тодруулахад “Covid–19 цар тахлаас болж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатсан. Мөн тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөргөдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байна. Гэхдээ төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Хүний нөөц бол бидний тулгамдсан асуудлын нэг.
2017 оны сүүлчээр төсөл хэрэгжсэн цагаас хойш судалгаа хийхэд хөдөлмөрийн зах зээл дээр газрын тосны чиглэлээр мэргэжил эзэмшсэн цөөнгүй инженер байдаг юм байна. Ялангуяа Шинжлэх ухаан технологийн их сургууль олноор бэлдсэн.
Одоогоор манайд ажиллах саналаа ирүүлсэн 100 орчим ажлын өргөдөл хүлээн авсан. Манай компани анх таван хүнтэй байсан бол одоо 85 хүний орон тоотой ажиллаж байна. Энэ жил 140 хүний орон тоотой ажиллахаар төлөвлөсөн байсан. Онцгой объектод ажиллах шаардлагатай учраас шууд үйлдвэрт ажиллана гэж байхгүй. 550 инженер техникийн ажилчдын 350-400 нь дээд боловсролтой байх шаардлагатай. Үлдсэн нь оператор техникийн ажилчид байна. Бид Энэтхэгийн болон бусад гадаадын томоохон компаниудаас мэргэжлийн сургалт авч байна. Тодруулбал,
- Төслийн гүйцэтгэл
- Үйлдвэрийн процессийн технологи
- Тоног төхөөрөмж, тоноглол
- Шугам хоолой
- Цахилгаан тоног төхөөрөмж
- Барилга бүтэц, барилга угсралтын талаар мэргэжлийн сургалт авч байна.
Дамжуулах хоолой болон үйлдвэрт 1000 хүн ажиллана. Жил бүр системтэйгээр ажлын байраа нэмнэ. Гурван жилийн хугацаа байгаа учраас дотоодын зах зээлээс хүний нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөсөн. Бид МУИС, ШУТИС зэрэг их сургуультай хамтрахаар салбар яамны сайдаас чиглэл хүссэн. Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх тухай хуулийг батлуулсан. Цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар яамны дэмжлэг чухал байна” гэдгийг онцлов.
ҮЙЛДВЭРТ ШААРДЛАГАТАЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕРҮҮД
МУИС, ШУТИС газрын тосны чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг юм байна. Харин газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай нарийн мэргэжлийн инженерийн хувьд:
- Газрын тосны доош урсгалын процессын инженер
- Газрын тосны химийн инженер
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн шугам хоолойн инженер
- Үйлдвэрийн автомажуулалт, тоног төхөөрөмжийн инженер
- Үйлдвэрийн механик инженер нэн шаардлагатай байгаа юм.
Эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэхийн тулд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ШУТИС, МУИС-ийн багш нартай зөвлөлдөх уулзалтуудыг хийж, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер” мэргэжлийн урт, дунд, богино хугацааны сургалтын төлөвлөгөөг шинээр баталж, ШУТИС-ийг түшиглэн бэлтгэхээр төлөвлөж байгаа аж. Энэ ажилд төр засгийн дэмжлэг чухал гэдгийг албаныхан хэлж байна.
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРГӨДӨЛ БҮРЭН АНГИЖРАХ УУ?
Монгол Улс өнгөрсөн таван жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авчээ. Үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлжээ. Судалгаагаар “Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн нийт зардлын 30 орчим хувийг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт зардлын 25-30 хувийг түлш шатахууны зардал эзэлдэг” гэжээ. Хэрэв Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор тээврийн үнэ шингэдэг бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд өөрчлөлт орж, иргэдийн гар дээрх мөнгө үнэ цэнтэй болох нь ойлгомжтой. Том зургаараа төр газрын тосны стратегийн ордоо өөрийн өмч болгон авснаар газрын доорх баялгаа иргэн бүр өмчлөх боломж бүрдэх юм. Нөгөө талаар Засгийн газар түлш шатахууны үнийг дотооддоо бодлогоор зохицуулах боломж бий болно. Импортын шатахууны үнээр талхныхаа үнийг “удирдуулсаар” байгаа бидэнд үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй.
Холбоотой мэдээ