Тэртээ 1921 оны долдугаар сарын 19-нд "Монта" буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан Монгол Улсын мэдээллийн ууган байгууллагын нэг бол "Монцамэ" агентлаг. Агентлагийн 100 жилийн ойн үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэжээ. Үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин зэрэг ууган агентлагаас эрхлэн гаргадаг бүхнийг олонд сонирхуулжээ.
Өдгөө түүх өгүүлэх морзын аппарат, "Монцамэ" агентлагийн ойн медалиуд, энгэрийн тэмдэг, гэрэл зурагчдын ашиглаж байсан аппарат хэрэгслүүд нь сонирхол татна. Мөн "Монцамэ" агентлагийн орлогч захирал, ерөнхий редактор, Москва дахь сурвалжлагч, сонин, сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Түмэнжаргалын бичгийн машин, үзэг зэргийг үзэсгэлэнд дэлгэсэн байв.
Үндэсний мэдээллийн "Монцамэ" агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байсаар ирсэн билээ. Түүнчлэн англи, орос хэлээр хэвлэн гаргадаг “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол хэвлэн гаргадаг.
МОНЦАМЭ агентлаг нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Мөн ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр агентлагтай өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж улс орноо гадаадад таниулан сурталчилдаг.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ