“Иргэд хариуцлагатай бай” гэж зандарсан, зөвлөсөн, аргадсан, ад үзсэн өнгөөр хэлэх үгийг хоёр жил сонссоор залхжээ. Зандруулсных уу, ухамсарынх уу, Монголд улстөрчдөөс өөр максгүй хүн олдоно оо, гонжийн жоо. Гээд байхад л мөнөөх үгээ маань мэгзэм шиг урсгасан хэвээрээ. Хариуцлагатай албан тушаалтнуудад харин хариуцлага алга.
Үзэмжийн шийдвэр
Асуудлын буруу зөвийг хуулиар, шүүхээр гэхээсээ илүүтэй албадлагаар, үзэмжээр шийддэг боллоо. Хөл хорионы үеэр хориглосоор байхад зүтгэсэн жийп унасан залуугийн үйлдлийг цагдаагийнхан өөрсдийн өнцгөөс бичлэг хийн цацсан. “Хардаа, халдвар тархаад байхад дураараа авирлаж байгааг нь” гэхчилэн хүч оруулсан. Халдвараас айсан иргэд бүгд “барь, хорь” гэмэгц өмнө нь танхайн хэрэгт холбогдож байсан мэдээллийг нь цацахаа мэднэ. Залуу амиа хичээсэн адгийн шаар болоод дууссан. Үнэндээ тэр яах гэж явсан, ямар шалтгаанаа машинтай зүтгэснийг одоо хэр нь мэдээгүй. Халдвар авсан жирэмсэн эхийг нүцгэн зөөвөрлөхөд “хариуцлага” ярьж огцорсон Засгийн тэргүүний зорилго нь өөр зүйлд байсныг бид хожим ч атугай мэдсэн. Авлигад идэгдсэн шүүгчидтэй дэндүү холбоотой хонгилын өмгөөлөгчийн мэдээллийг ч хангалттай дэлгэсэн. Бүр албанд ашиглах зорилгоор бичлэг хийж, овог нэр, регистрийг нь хэлүүлснээ албан бусаар сошиал сүлжээнд цацсан. Энэ мэтээр төрийн цагдаа улстөржин иргэдийг үзэмжээрээ мөшгин мөрддөг болсон. Шаардлагатай бол шалгаж байгаа гэх хэрэгт хамааралгүй зүйлээр ч намнадаг, хүсэхгүй бол ямар ч мэдээллээ нуудаг эрх дарх өнөөгийн цагдаад бий болчихсон. Хүсвэл ялих шалихгүй зүйлээр шалтаглан хэнийг бол хэнийг баривчилдаг, хүсэхгүй бол хууль зөрчсөн хэр нь хэн ч хариуцлага хүлээдэггүй үзэмжийн шийдвэр өнөөдөр Монголд үйлчилдэг болсон.
Эс үйлдэхүй
Хүний эрхийн үндэсний комисс гээч байгууллагыг энэ хугацаанд хамгийн хүчгүй, бүр үүрэг гүйцэтгэгчтэй явуулж ирснийг бид харсан. УОК-ын бүрэлдэхүүнд ч оруулаагүй төдийгүй оруулсан ч ёс төдийхөн оролцуулж, аливаа шийдвэртээ санал бодлыг нь сонсохгүй явж ирснийг ХЭҮК-ынхон илтгэлдээ дурдсан байсан. Ингэж эс үйлдэхүйгээрээ УОК хүний эрхийг хөсөрдүүлж ирсэн юм. Харин хөгшин хонины насгүй болсон өмнөх 2016-2020 оны УИХ буухаасаа өмнө Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан билээ.
“Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж бий. Тиймээс л хоёр ч удаа үйлчлэх хугацааг нь сунгасан. Үүгээр УИХ төсөв баталдаг ч, тэрхүү төсвөөс хэтрүүлэлгүйгээр өөрчилж, зохицуулалт хийдэг болсон. Ингэснээрээ УИХ-ын гишүүд шууд оролцоогүй ч өмнө парламентын балаг тарьсан хуулийн хугацааг сунгаснаараа балаг тарьсан билээ.
Дарга анги дахин өндийх нь
Эцгээ халдвараар амьсгал хураахад нь хариуцлагаа өөрөө үүрээд эцсийн удаа уулзахыг хүссэн бүсгүй ихэр татан уйлсаар салах ёс гүйцэтгэж чадаагүй эмгэнэлт дүрс бичлэгийн дараа Шадар сайдын эхнэр улаан бүсээр чөлөөтэй орж, гарсан мэдээлэл цацагдсан. Инээдэмтэй нь тэрхүү мэдээллийг өөрийнх нь эсрэг улс төрийн бүлэглэлийн хийж буй ажил гэж мэдэгдсэн. Мөн хүү нь дүрэм журам зөрчин төрийн зардлаар гадаадад сурах тухай мэдээлэл гарахад аав нь уучлалт гуйгаад хувиасаа төлбөрийг нь төлөхөөр болсон тухайгаа татвар төлөгч нарт тайлбарлахын оронд хүүдээ захиа бичиж байх жишээтэй.
Ийм ичгүүр, сонжуургүй үйлдэл эрээ цээрээ алдсаныг Боловсрол, шинжлэх ухааны сайд төрийн сангийн тэтгэлгээр гадаадад суралцаж буй оюутнуудаар жишээлсэн. Тэрхүү тэтгэлэгт мэдээлэлд ойр, төрийн албан тушаалтнуудын хүүхдүүд голдуу байдгийг тэр илчилсэн билээ. Гэтэл хууль тогтоогчид тийнхүү төрийн зардлаар сургасан хүүхдүүдийг төрийн албанд ямар нэгэн шалгуур, ажилласан жил харгалзахгүйгээр байрлуулахаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж улайрч байгаа.
Цар тахлын хуулиар төрийн албаны сонгон шалгаруулалт үгүй болсон бөгөөд хурган дарга нар хэнийг авч, хэнийг халахаа шийддэг болоод удлаа. Төрийн албаны зөвлөл гээч бэлгэдлийн байгууллага болон хувирчихлаа. Тиймээс ч хувийн хэвшилд хавчуулж, боолгуулж байснаас төрд шургалсан нь дээр нэг буруу хандлага иргэдэд бий болчихлоо.
Гэтэл бид чинь, "…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална./Монгол Улсын Үндсэн хуулиас/ гээд тунхаглачихсан улс. Хувийн хэвшлийн өмчийг хааж, хяхаж буй хамгаалах үүргээ төр биелүүлэхгүй байна.
Ийм атал хувийн хэвшлийг цар тахлын үеэр байнга хааж ирсэн төдийгүй зарим хоёрын хооронд ажилласан ч юм шиг, ажиллаагүй ч юм шиг шийдвэрүүдийг гаргаж ирсэнээс орлогоо алдаж, дампуурах нь дампуурч, тэсч үлдсэн нь араас нь хаалгаа барихад бэлэн байна. Өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн Үндсэн хуультай хэр нь хувийн өмчид Монголын төр ямар их халгаатай болсоныг “хариуцлагын гэрээ”-нээс эхлээд хаасан, хориглосон шийдвэрүүдээс нь харж болно.
Тэгш байя
Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгуулиар халдвар хамгааллын дэглэмийг харин ч нэг зөрчиж, хэдэн зуугаар нь зааланд цуглуулж байсан эрх баригчид тангараг өргөх ёслолын үеэр наадам хийхгүй байхыг уриалсан, халдвар хамгааллын дэглэмээ барихыг шаардсан залуусыг баривчилсан.
Машиндаа кино үзэх үйлчилгээг нэвтрүүлсэн залуусыг “цар тахлын хууль”-аар тас цохисон бол төрийн оролцоотой “цахим үндэстэн” наадам хэдэн мянган хүнийг цуглуулсан ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй.
Төр, хувийн хэвшил эсвэл төрийн албан тушаалтан, энгийн иргэн хоёрт эрс тэс ялгаатай хууль өнөөдөр үйлчилж байна.
Иргэд үүнд л бухимдаад буй хэрэг. Элдэв халамжийг биш эрх тэгш байдлыг л хүсээд буй хэрэг. Тиймээс нэгэнтээ цар тахлыг хяналтаасаа алдсанаас хойш цар тахлын хуулиа цуцалж, хэвийн горимд оруулж, эрх мэдэлтэн энгийн иргэн хоёрын ижил тэгш үйлчлэх хуулиудаа сахиулж эхлэх шаардлага тулгарчээ.
Эдийн засаг, эрүүл мэнд хүндэрсээр буй энэ үед тахлын үеийн тэгш бус хуулиар иргэдийн эрхийг түгжихийг сонгогчдын төлөөлөл болсон УИХ-ын гишүүд ч эсэргүүцмээр байна. Өөрсдийнхөө эрх мэдлийг ч Засгийн газарт шилжүүлчээд ямар ч хэлбэрээр хяналт тавих боломжгүй болчихсон гэдгээ ухаармаар байна.
НҮБ-ын индэр дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид 1990-ээд онд нэг ч буун дуу гаргалгүйгээр ардчилсан тогтолцоонд шилжиж чадсан улс” хэлжээ. Ардчиллын амин сүнс болсон чөлөөт эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөгүй бид хэн ч биш. Тиймээс тахлаар далимдуулан баталсан хуулиа зогсоож, эрх нь зөрчигдөөд буй татвар төлөгчид, иргэддээ илүү анхаарлаа хандуулах юу юунаас илүү болчихлоо. Энийг л эрх баригчдаас хүсч байна. Түүнээс хоосон амлалт, хорлонтой халамж хүсээгүй билээ.