Г.Батзориг: Нүүрсний ирээдүй бүрхэг байна

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

Г.Батзориг: Нүүрсний ирээдүй бүрхэг байна

Г.Батзориг: Нүүрсний ирээдүй бүрхэг байна

Мандал санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

УУЛ УУРХАЙН БҮСЭЭ ДАХИН НОГООН БҮСЭЭР ЗАРЛАЖ, ХАЛДВАРГҮЙ БҮС БОЛГОХ НЬ ЧУХАЛ

-Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн гол тулгуур нүүрс. Бидний амин чухал энэ түүхий эдийн ирээдүй, цаашдын төлөв байдлын талаарх шинэ, содон мэдээллээр ярилцлагаа эхлүүлэх үү. Монгол Улсыг нүүрсний ямар ирээдүй хүлээж байна вэ?

-Багахан оршил тавиад эхэлье гэж бодлоо. Хүн төрөлхтөн 1700 оныг хүртэл Мальтусын хавханд орж, 2700 жилийн турш эдийн засаг нь бараг өсөөгүй. Харин ХАА, Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээр ердөө сүүлийн 300 жил дэлхийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 15 дахин өссөн. Гэвч энэхүү өсөлтийн төлөөс нь их байсан. Уур амьсгалын өөрчлөлт хурдтай явагдаж, дэлхийн дундаж температур нэмэгдэж байна. Энэ бүхний нэг шалтгаан нь хүн төрөлхтний хэрэглэж буй нүүрс болоод байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний 35 хувь, гангийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувьд нүүрс хэрэглэгдэж байна. Их Британийн “Бритиш Петролеум” компанийн судалгаагаар 2040 оноос эхлэн нүүрсний хэрэглээ огцом буурах төлөвтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, хөтөлбөрүүд улс төрийн түвшинд ч, эдийн засгийн хүрээнд ч идэвхжиж байна.

Байден ерөнхийлөгч болмогцоо л газрын тос, байгалийн хийн олборлолт болон нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлахаа мэдэгдсэн. Саяхан Хятадын Ерөнхийлөгч Ши Зинпин ч нүүрсний хэрэглээг аажмаар бууруулна гэдгээ хэлсэн. Сингапур, Солонгос ногоон экспортын бодлого баримталж эхлэв. Дэлхийг чиглүүлдэг хөрөнгө оруулалтын чиглэлийн компаниуд ч гэсэн нүүрснээс илүү дахин сэргээгдэх, байгальд ээлтэй төслүүдэд бага хүүтэй, хугацаа урт хөрөнгө оруулалт санал болгож байна. Энэ бүхний дүн нь эхнээсээ харагдаж байна. 2010 онд Дэлхийн эрчим хүчний 39 хувийг нүүрс, 4 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байв. Харин 2020 онд нүүрс 35 хувь, сэргээгдэх эрчим хүч 12 хувийг эзэлж байна. Уртдаа бол нүүрсний ирээдүй бүрхэг байна.

-Монголын нүүрсний экспортын гол зах зээл бол Хятад. Цар тахлын нөхцөл байдлын улмаас нүүрсний экспорт буурсаар байна. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил юун дээр анхаарах зайлшгүй шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Хятадын талаас тавьж буй асуудал ойлгомжтой. Танай дотоодын халдвар чинь их байна, ногоон бүсдээ хамгаалалтаа сайн үүсгэх хэрэгтэй л гэсэн. Тиймээс хяналт шалгалт, хязгаарлалт хоёр талдаа явагдаж байна. Өдөрт 2000 гаруй машин гардаг байсан боомтоор 20 хүрэхгүй машин гарахтай үгүйтэй л болжээ. Одоо тэгээд чингэлэг болгоод гаргахаар болж байна гэнэ. Гэхдээ л манайх он дуустал хангалттай түвшинд экспортлож чадахааргүй байна. Макро түвшинд харвал Cоvid-19-ийн энэ үед төмөр зам байсан бол манайд ийм асуудал үүсэхээргүй л байж гэж бодож байна. Харин микро түвшинд Засгийн газрын чадавх сул байна. Төлөвлөлтөө ядаж 2, 3 жилээр харах, тэрэндээ зориулсан тогтвортой бодлого явуулах нь чухал болохоос биш гал унтраах замаар улсын асуудлуудад хандаад байж болохгүй.

-Өнгөрсөн хугацаанд бид дэд бүтцээ шийдээгүйн улмаас маш их боломжоо алдсаар ирлээ. Энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхэд бидэнд ашигтай ямар гарц гаргалгаа байна вэ?

-Магадгүй төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр нүүрсээ 5 дахин бага зардлаар экспортолно. Одоо үүсээд буй логистикийн асуудал Монгол гэлтгүй дэлхий нийтэд ажиглагдаж байна. Жишээ нь, далайн боомтын ачаалал 60 хувиар нэмэгдсэн, контейнерын үнэ 30 дахин өссөн зэргээс харагдана. Богино хугацаанд ашигтай байхуйц гарц нь уул уурхайн бүсээ дахин ногоон бүсээр зарлаж, халдваргүй бүс болгох нь чухал байна.

-Хятадын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган дээр ногоон, нүүрсхүчлийн хий ялгарал багатай эдийн засаг руу шилжих үйл явцыг түргэтгэж, ногоон хөгжилд хүрэхийн чухлыг онцоллоо. Мөн 2060 он гэхэд хийн ялгарлыг тэглэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа мэдэгдлээ. Нүүрсээ борлуулж амьдарч буй бидэнд тийм ч таатай мэдээлэл байсангүй. Та юу гэж бодож байна вэ?

-Дэлхийн нүүрсний 50 гаруй хувийг Хятад хэрэглэдэг. Тэр хэмжээгээрээ агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэнэ. “Их долоо” дотроо Хятадад үзүүлж буй шахалт ч өндөр байна. Тиймээс Хятад хийхээс өөр арга байхгүй. Азаар манайх шиг өнөөдөр ярьснаа маргааш мартчихдаг бодлоготой биш болохоор зорилтдоо ч хүрэх л байх. Өөрчлөлт удаан явагдана. Нүүрс аажим шахагдана. Мэдээж шууд л нүүрс түлэхгүй байна гэж байхгүй, гангийн үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд коксжих нүүрс хэрэглэгдэхгүй байна гэж байхгүй. Бидэнд баталгаатай 40 жил байна. Энэ цаг үеийг зөв ашиглах нь чухал байна. Товчоор бол төмөр замаа барь, орлогоо ол, хүндээ хөрөнгө оруул. Нүүрс хэрэглээгүй болох үед бидний хойч үе энэ хөрөнгө оруулалтын ачаар толгойгоороо доллар олдог болно.

ОЛИГОПОЛ ЗАХ ЗЭЭЛД КАРТЕЛЬ ҮҮСЭХ БОЛОМЖТОЙ

-Монголчууд бидэнд тулгамдаж буй дараагийн нэг том асуудал шатахуун. Шатахууны хомсдол Монгол Улсын эдийн засагт ямар сөрөг үр нөлөөтэй вэ?

-Ер нь Монгол гэлтгүй дэлхийн улсууд газрын тосны экспортлогч, импортлогч гэж хуваагддаг. Импортлогч орнуудын хувьд, газрын тосны үнийн өсөлт хамгийн том асуудал байсаар ирсэн. Байсаар ч байна. Бид ч бас импортлогч орон. Шатахууны үнийг өнгөрсөн сонгуулийн турш барьж байгаад тавьсан. Дагаад бараа, үйлчилгээний үнэ өсөв. Цар тахалтай энэ үед иргэдийн орлого буурсан. Үнийн өсөлт хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Ийм байхад нэмээд хомсдолд орчихлоо. Удаан үргэлжилбэл бараа, бүтээгдэхүүний үнэ дахин өсөх эрсдэлтэй.

-Энэ удаа үнэхээр нийлүүлэлтийн хомсдол байв уу, эсвэл хүмүүсийн хэлж байгаачлан их гүрний улс төр, геополитикийн шалтгаант “шахалт” байв уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Шахалт гэхээсээ илүү бидний бодлогогүй, төлөвлөгөөгүй, сонгууль дээр бүх зүйлийг нааж аваачдагтай л холбоотой гэж харж байна. ОХУ-д дотоодод нь шатахууны үнэ өссөн шүү дээ. Тийм байхад дотоодынхоо хэрэгцээг нэгд тавих нь зүйтэй биз дээ. Тэрхүү хязгаарлалт хэдэн сарын өмнөөс л яригдаж байсан. Тэр үед нь хувийн хэвшилтэйгээ ярилцаж тохироод, тодорхой нөөцүүд бүрдүүлсэн бол ийм байдалд хүрэхгүй байв. Тэрний оронд хорлохоос хорлоё гэж байгаа мэт Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд үнийг барьсан, яг тангараг өргөсний дараа үнэ өссөн. Зах зээлд иймэрхүү огцом үнийн хөдөлгөөн нь маш сөрөг нөлөөтэй.

-Шатахуун импортлогч дотоодын монопол компаниудын зориуд үүсгэсэн хомсдол гэж үзэх хүн олон байна. Байж болох хардлага уу?

-Хэлж мэдэхгүй юм. Ер нь эдийн засгийн оролцогч нарын оршин тогтнох өөр өөрийн гэсэн онцлог бий. Компани бол ашиг олох зорилготой байгууллага. Буяны байгууллага биш. Тиймээс аль болох ашигтай ажиллахыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Яах вэ, зах зээлийн төрлийнхөө хувьд, олигопол зах зээл. Тус зах зээлд картель үүсэх боломжтой байдаг. Хуйвалдах замаар үнэ тогтоох, нийлүүлэлтээ хянах гэх мэт зүйлүүд энэ зах зээлд үүсэх боломжтой.

-БНХАУ-аас 50 мянган тонн шатахуун авахаар гэрээ хийж, мөнгөө төлөөд хүлээж байна гэж Г.Ёндон сайд мэдээлсэн. Урдаас оруулж ирэх “Евро 5” стандарт бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй гэсэн. Хятад бензин хэр найдвартай, чанартай вэ гэдэг асуудал яригдаж байна. Та энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Би өөрөө энэ салбарын хүн биш учраас чанарын тухайд хэлж мэдэхгүй юм. Юутай ч логистикийн хувьд асуудалтай байна. Хятадаас шууд хил рүү төмөр замаар ороод ирж чадахгүй. Дунд нь заавал ачилт хийгдэнэ. Харамсалтай нь, ачих байгууламж нь хүчин чадал багатай. Тиймээс логистикийн хувьд нэлээд хүндрэлүүдтэй тулгарах байх.

-Бид газрын тосоо түүхийгээр гаргах биш, дотооддоо үйлдвэрлэдэг болсон цагт хоёр хөршөө царайчлахгүй байх боломж нээгдэх болов уу. Өөр, гуравдагч орноос шатахуун импортлох шаардлагатай гэж зарим хүн хэлж байна. Тийм боломж бидэнд бий гэж бодож байна уу?

-Стратегийн төрлийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх чухал бүтээгдэхүүн. Дотоодын хэрэгцээний 40 гаруй хувийг хангах боломжтой дотоодын үйлдвэр 2023 онд ашиглалтад орно. Мэдээж энэ бол сайн мэдээ. Гэсэн ч бидэнд эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хамаарах хамаарал байсаар байна. Бид газар нутгаа нүүлгээд тэднээс холдож чадахгүй шүү дээ.

-Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг, эргээд буурсан түүхгүй. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж болно гэж та боддог вэ?

-Шатахуун нь бүх бараа, бүтээгдэхүүний өртөгт тээврийн зардлын өртгөөр шингэж ордог. Саяхан шатахууны үнэ 500 төгрөгөөр нэмэгдэхэд зарим нэр төрлийн бараа, үйлчилгээний үнэ яг адилхан 500 төгрөгөөр өсөв. Энэ бол бодитоор тогтож буй үнэ биш. Бидэнд жишиг тооцоолол байхгүйтэй холбоотой хүн бүхэн хүссэн үнээ тогтоож байна. Шатахууны үнэ 1 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ дор хаяж 0.2 төгрөгөөр өснө гэдэг ч юм уу. Жишиг тооцооллыг нь гаргаад өгөхөд үнэ ингэж хяналтгүй өсөхгүй. Үнэ огцом өсөөд, эргээд буудаггүй гэх асуудал дээр тантай санал нэг байна. Энэ нь нэг талаараа инфляц, ханш зэрэг үзүүлэлт тогтворгүй байдагтай холбоотой. Ирэх нэг жилд дахиад үнийн өсөлт явагдаж магадгүй, эсвэл ханш унаж магадгүй гэсэн хүлээлттэй байдаг учраас эргээд барааны үнээ буулгах ямар ч сонирхолгүй байдаг. Үнэндээ хэн нэгэн нь үнээ буулгах замаар зах зээлд эзлэх хувиа тэлэх боломж бол бий.

"БҮХ АСУУДАЛ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗРЫН ЧАДАВХ МУУ НЬ ХАРАГДСАН"

-Нийслэлд шатахууны гуравхан хоногийн нөөц бий гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээллээ. Төр хариуцлагагүй байгаагийн жишээ мөн биз дээ?

-Ер нь энэ асуудал ч гэлтгүй бүх асуудал дээр Засгийн газрын чадавх муу гэдэг нь харагдсан. Экспорт удааширсан, импорт гацсан, шатахууны үнэ барьсан, үр дүнгүй тав удаагаа их хөл хорио хийж, эдийн засгаа унагасан. Цар тахлыг гурван жилээр харж бодлогоо төлөвлөхийн оронд өнөө, маргаашгүй давчих юм шигээр хандаж, хамаг хүчээ барсан гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.

-Цар тахлын улмаас өнгөрсөн онд шатахууны эрэлт огцом буурч, OPEC гарцаа эрс танасан. Аравдугаар сард болох OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн уулзалтаар газрын тосны олборлолтыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх талаар хэлэлцэх мэдээлэл байна. Манай улсын эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Газрын тосны нийлүүлэлт нэмэгдвэл газрын тосны үнэ цаашид өсөхгүй юм байна гэдэг дохио авч болно. Тэгэхээр манай хилийн үнэ ядаж тогтвортой байх боломж бүрдэж байна. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч бүрэн хөл хорио гэдэг бол үр ашигтай арга хэмжээ биш гэдгийг дэлхийн улс орнууд ойлгосон. Тиймээс бүрэн хөл хорио дахиж тавихгүй болов уу. Тиймээс шатахууны хэрэглээ хэвийн байх ба үнэ огцом буурахгүй, бас өсөхгүй.

-Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн 2021 оны өсөлтийн төлөвийг 4.6 хувь болгон буурууллаа. Өсөлт үзүүлэхэд БНХАУ-ын эдийн засгийн огцом сэргэлт, экспортын эрэлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт голлон нөлөөлөхөөр байгааг тодотгосон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-2010 оноос хойш том төслүүд орж ирээд, манайд дотоодын нийт бүтээгдэхүүн гэх үзүүлэлтийг дангаар харах нь өрөөсгөл болсон. Эдийн засгийн өсөлт гэдэг энэ тооны цаана уул уурхайн хэдэн компани, түүнд бэлтгэн нийлүүлэгч худалдааны компани, бүтээгдэхүүнийг нь зөөдөг тээврийн компаниудын өсөлт л голчлон бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байна гэдэг маань үүнтэй л холбоотой. Яахав 4.6 хувь бол 2020 оны нөхцөл байдлаас дээрдэхгүй шүү л гэсэн үг. Одоогоор уул уурхайн экспорт гацаатай, импорт нь хязгаарлалтад орсон, шатахуун дотооддоо хомсдсон, цар тахлын тархалт эрчимжсэн нөхцөл байдалтай 2021 оны сүүлийн улиралтай нүүр тулж байна. Энэ байдлаараа л он дуусгах байх. 2022 он гараад бүх зүйл шинээр эхэлчихнэ гэж байхгүй. Хувь хүн, ААН, Засгийн газрынхаа хувьд ч санхүүгийн сахилга бат, төлөвлөгөөтэй байхгүй бол жилийн хагаст нь Covid-той амаргүй жил байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж