Монголын боксын холбооныхон ерөнхийлөгчөө сонгосон орой гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчид гэх этгээдүүдэд зодуулсан хэрэг гарсан. Тус холбоог донсолгосон асуудалд хэн хариуцлага хүлээх нь спортын төдийгүй олны анхаарлыг татаж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс хэргийн явц ямар байгаа талаар тодруулахад:
Э.ЦЭНДБААТАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХААСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ
-Тус хэрэг гарсан оройноос эхлээд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Э.Цэндбаатарыг боксын хүнд жингийн тамирчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зодсон гэх мэдээлэл гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй учир Эрүүгийн хэрэг үүсэхгүй. Тэгэхээр хэн буруутай гэдгийг тогтоох боломжгүй. Хэрэгт холбогдогчдыг саатуулж, баривчлаагүй бөгөөд мөрдөн шалгах явцад байцаалт л авсан. Энэ хэрэг шалгалтын шатанд явж байгаа. Э.Цэндбаатарын гэмтлийн зэргийг тодорхойлох Шүүх эмнэлгийн дүгнэлт, хариу гарсан үед Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдана. Хохирогчийн биед тухайн үед үүссэн гэмтлийн зэргийг тодорхойлж байж хэргийг үргэлжлүүлэн шалгана. Хэрэг хаагдаагүй. Шүүх эмнэлгийн хариу болон Эрүүгийн хэрэг хэзээ үүсэх талаар тодорхой мэдээлэл алга байна гэлээ.
Э.Цэндбаатар машинд суугаад энэ сарын 12-ны өдөр “зодуулсандаа гомдолгүй, бүх зүйл миний буруу” гэж мэдэгдэл хийсэн. Хүмүүст энэ нь хардлага төрүүлж байгаа ч гэм буруутайг шүүх хяналтын байгууллага тогтоох юм. Цахим сүлжээнд гомдолгүй гэсэн учраас хэргийг хаасан байж магадгүй гэж иргэд таамагласан байх. Энэ хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа аж.
КАМЕРЫН БИЧЛЭГЭЭР ОЛОН ТАНИГДСАН ШҮҮГЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙГ АЖЛААС НЬ ТҮР ЧӨЛӨӨЛӨХӨӨС ӨӨР АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ
2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан нь камерын бичлэгээр баталгаажсан. Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болсон билээ. Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад тус хэрэгт холбогдсон хүмүүсийг ажлаас хугацаатай чөлөөлсөн. УЕПГ-ын хяналт шалгалтын хэлтэст шалгаж байгаа. Сахилгын хэрэгт холбогдогчдыг ч мөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариулт өгсөн юм.
Олон нийтийн зүгээс эдгээр анхаарал татсан хэргүүдэд хариуцлага хүлээх этгээдүүд хэн байх нь сонин байгаа. Гэхдээ аанхаарал татаад буй аль нэг хэрэг нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
Холбоотой мэдээ