Төрийн байгууллагууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Тодруулбал, Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Гэвч уг хуулийн хэрэгжилт тааруу, төрийн албаныхан хойрго хандаж байна.
Хуулийг хэрэгжүүлэх ёстой Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2021 оны дөрөв, тавдугаар сард 150 мянга орчим төрийн албан хаагчаас судалгаа авснаас өөр ажил хийж гавьсангүй. Тухайн үед Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний бичгийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2020 онд байгуулжээ. Ажлын хэсэг нэг удаа хуралдаж, үндэсний бичгийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан байна. Гэвч энэ асуудлаар ажлын хэсэг дахин хуралдаагүй сурагтай.
Учрыг тодруулбал, тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд өөрчлөгдсөн учраас нарийн бичгийн даргыг нь бас сольж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагатай болжээ.
ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ 6 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ СОНГОДОГ
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн есөн гишүүнтэй. Зөвлөлийг зургаан жилийн хугацаатай сонгодог бөгөөд 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Есөн гишүүн дотроос ерөнхийлөгчөөр нэг хүнийг сонгож, нэг гишүүн хоёр удаа дахин сонгогдох эрхтэй аж.
Одоо Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар Ардын багш, доктор, профессор С.Дулам сонгогдон ажиллаж байгаа бол гишүүнээр, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхимын багш Ч.Баттулга, Баян-Өлгий аймгийн төлөөлөгч гавьяат багш В.Суранхүү, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны захирал Ж.Батбаатар, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи хариуцсан инжинер Д.Моондой, ажлын албаны дарга, судлаач Н.Нарангэрэл нар багтдаг.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн захиалгаар Үндэсний статистикийн хороотой хамтран 149100 төрийн албан хаагчаас монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг өнгөрсөн дөрөв, тавдугаар сард авчээ.
Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна. Албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал 5.2 хувь нь маш сайн, 28.7 хувь нь дунд зэрэг, 27.2 хувь нь мэдэхгүй, 25.5 хувь нь бага зэрэг 13.5 хувь нь сайн гэж хариулжээ. Тиймээс бага зэрэг болон огт мэддэггүй гэж хариулсан албан хаагчдад зориулж есдүгээр сарын 1-нээс эхлэн байгууллагаар нь ангилан сургалтад хамруулахаар болжээ.
"78 АЛБАН ХААГЧИЙГ МОНГОЛ БИЧГИЙН 3 САРЫН СУРГАЛТАД ХАМРУУЛНА"
Соёлын яамнаас "Хос бичигтэн яам" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар тус яамны Соёл гэгээрлийн газрын Монгол хэл бичиг, утга соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн Т.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Соёлын яамны 78 албан хаагч есдүгээр сарын 1-нээс монгол бичгийн сургалтад хамрагдаж эхэлсэн. Ингэхдээ албан хаагчдаас санал асуулга болон монгол бичгийн түвшин тогтоох сорил авсан. Үүнд үндэслэн сургалтын хөтөлбөрөө боловсруулж, анхан шатны хоёр, дунд шатны хоёр, ахисан шатны нэг гээд таван анги болгон хуваасан. Эхний сарын анхны 21 хоногийн сургалт энэ долоо хоногт дуусч байна. Сургалт ирэх арав, арваннэгдүгээр сард 21 хоногоор үргэлжилнэ.
Энэ жилийн эцэст буюу арванхоёрдугаар сард яамны албан хаагчид тодорхой хэмжээгээр монгол бичгийн дундаас ахисан шатны түвшинтэй болох зорилттой байна. Төрийн албан хаагчийн шалгалтад монгол хэл, бичгийн түвшин тогтоох шалгалт авдаг учраас яамны албан хаагчид анхан шатны мэдлэгтэй байна. Тодруулбал, монгол бичгийн ахисан шатны мэдлэгтэй зургаа, дунд шатны 30, үлдсэн хүмүүс нь анхан шатны мэдлэгтэй байсан. Анхан шатны сургалтад хамрагдаж буй албан хаагчид монгол бичгийн тодорхой хэмжээний суурь мэдлэгтэй боловч илүү сайжруулах зорилгоор сургалтад хамрагдаж буй. Ирэх оноос туршилтын журмаар албан бичгээ төлөвлөж эхэлнэ. Бид ирэх жилээс цахим бичиг буюу компьютер дээр монгол бичгээр шивэх дадал чадварыг суулгах сургалтаа зохион байгуулна. Мөн жилийнхээ эцэст анхан шатны зарим нэг албан бичгээ монгол бичгээр гаргах туршилтыг хийхээр төлөвлөж байна” гэв.
"ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХОС БИЧИГТЭН БОЛОХ АЖИЛД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА"
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын шинжээч Д.Наранзул:
Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Тийм учраас энэ хөтөлбөрт бусад төрийн байгууллагын оролцоог тодорхой тусгаж өгсөн. 2021 оны хагас жилийн байдлаар Үндэсний бичгийн хөтөлбөрийн төлөвлөгөөний тайлангийн хэрэгжилт 40 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд цар тахлын нөхцөл байдал нөлөөлж буй. Монгол хэлний тухай хуульд заасан төрийн болон төрийн бус өмчийн бүх албан байгууллага хаягаа монгол бичиг кириллээр хослуулан бичиж, байршуулах заалтын хэрэгжилт муу байна. 2021 онд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох ажлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Статистикийн газар хамтран зохион байгуулсан нь энэ оны томоохон арга хэмжээ байлаа. Энэ судалгаанд үндэслэн төрийн байгууллагууд албан хаагчдаа сургах ажлыг эхлүүлнэ. Аймаг, орон нутагт хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж байна. Стандарт, хэмжил зүйн газар болон Үндэсний архивын газар хамтран төрийн албанд хэрхэн монгол бичиг кирил бичгийг хослон хэрэгжүүлэх вэ гэдэг дүрэм журам, стандартыг баталж өгөх ёстой. Тэр ажил үргэлжилж байна.
Цаашид Мэдээлэл харилцаа, технологийн газар монгол бичгийн Юникод олон улсын стандартаар батлуулах, хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, мэдээ мэдээллийнхээ тодорхой хувийг монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх, төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн мэдлэгийн асуултыг нэмэх, их дээд сургуульд монгол бичгийн хичээлийг тодорхой цагаар судлуулах зэрэг олон ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ИХЭНХ НЬ МОНГОЛ БИЧГИЙН ЗОХИХ МЭДЛЭГТЭЙ"
БШУЯ-ны захиалгаар Үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь гаргахаар 40 орчим багш, судлаач ажиллаж байгаа ажээ.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, доктор, профессор Ц.Өнөрбаян:
-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодпогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг 2018 онд байгуулсан. Энэ зөвлөл үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг гэсэн үг. Тиймээс уг зөвлөлөөс Монголын 21 аймаг, 330 суманд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөл байгуулсан. Салбар зөвлөлд голдуу тухайн орон нутгийн удирдах байгууллагын дарга нар, аймаг сургуульд ажиллаж байгаа монгол хэл, уран зохиолын багш нар оролцож, үйл ажиллагаа явуулж буй.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн захиалгаар 2021 онд Үндэсний статистикийн хороотой хамтран 21 аймаг бүх сумдад ажиллаж буй 149,100 төрийн албан хаагчаас судалгаа авсан. Энэ судалгааны дүнгээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа нийт хүмүүсийн 53.7 хувь нь монгол бичгээр албан бичиг хөтлөхөд бэлэн байна гэж хариулсан. Үлдсэн 46 орчим хувийг монгол бичгийн сургалтад хамруулахаар болсон. Албан хаагчид төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөөд явуулах бэлтгэл шууд хангаагүй ч зохих мэдлэгтэй байна гэж үзэж буй.
2024 оныг хүртэл албан хаагчдад сургалт явуулах тусгай хөтөлбөр боловсруулж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. БШУЯ-наас голлох үүрэгтэй ажиллаж байгаа. Сая есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой асуудлыг шийдвэрлэсэн. Иргэд 2025 оноос үндэсний бичигт шилжинэ гэхээр бүх нийтээрээ 100 хувь монгол бичгээр бичнэ гэж ойлгодог. Гэтэл төрийн байгууллагын албан бичгийг монгол бичиг, кириллээр хослуулж хөтөлнө.
Холбоотой мэдээ