120 долларын модель домогт 10 бөгжний эзэн болсон нь

Хуучирсан мэдээ: 2021.09.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

120 долларын модель домогт 10 бөгжний эзэн болсон нь

120 долларын модель домогт 10 бөгжний эзэн болсон нь

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа "Marvel"-ийн цоо шинэ супер баатар Шан-Чи буюу жүжигчин Симу Люг онцолж байна. Бизнесийн удирдлагаар их сургуулиа төгсч нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлсэн ч бүтэлгүйтэж нэг л өдөр орлон тоглогч, жүжигчин болохыг тэрбээр хүсчээ. Зоримог шийдвэр нь алдаа биш байсныг цаг хугацаа харуулж, өдгөө тэрбээр сая сая хүүхэд, залуусын шүтээн, Холливудын од болоод байна.


Канад суурьшсан хятад цагаач

Симу Лю 1989 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Хятадын Харбин хотод мэндэлж, таван нас хүртлээ эмээ өвөө дээрээ өсчээ. Харин таван нас хүрмэгцээ Канад руу эцэг эх дээрээ цагаачлан ирж, Миссиссауга хотын Эрин Миллс дүүрэгт хүүхэд насаа өнгөрөөжээ.

Канад өнгөрүүлсэн анхны зун нь

Хүүхэд насныхаа талаар залуу жүжигчин ярихдаа “Би 1989 онд Дэн Сяопиний дэглэм дор хүн бүр хилийн чинадыг зорьж, илүү сайхан амьдрал эхлүүлэхийн тулд эх орноо орхиж байх үед Харбин хотод төрсөн. Аав, ээж хоёр маань ч тухайн үед “Queen’s” их сургуулийн аспирантурт сурах саяд ганц тохиох боломжийн эзэд болсон. Тэд тэгэх ёстой байсан. Тиймээс би таван нас хүртлээ эмээ өвөөтэйгээ өссөн. Үүний дараа аав, ээж хоёрын минь Канад дахь амьдрал тогтворжиж, намайг авсан. Эцэст нь жинхэнэ эцэг эхтэйгээ уулзаж, Канадад шинэ амьдрал эхлүүлэх гэж байгаадаа баяртай байсан ч би тэд нарыг санаагүй. Яг л холын хамаатан садныдаа ирж байгаа мэт санагдсан. Эмээ өвөө минь  миний ээж аав гэж би ойлгодог байлаа” хэмээн дурсчээ.

Эмээ, өвөөгийн хамт

Тэрбээр Торонтогийн их сургуулийн лицей ахлах сургуулийг дүүргэж, баруун Онтариогийн их сургуулийн Айви бизнесийн сургуульд бизнесийн удирдлагаар сурчээ. 2011 онд их сургуулиа онц дүнтэй төгссөн шинэхэн боловсон хүчинг “Deloitte” компани нягтлан бодогчоор ажилд авав. Жил гаруй хугацааны дараа компанийн үйл ажиллагаа нь ч доголдож, өөрөө ч жүжигчин болохоор нэг мөр шийджээ.

Аав, ээжийн хамт

Жүжигчин, зохиолч болох эхлэл тавигдав

Санхүүгийн салбараас энтертайнмент салбар руу “урвасан” тэрбээр дэлгэцийн анхны дүрээ 2012 онд “Nikita” хэмээх телевизийн цуврал кинонд бүтээжээ. Хэдийгээр туслах дүр, ердөө ганц ангийн дундуур цухас гардаг ч тэрбээр үүнээсээ их урамшсан аж. Мөн тухайн ондоо “Avicii, Nicky Romero” нарын хамтарсан “I Could Be The One” дууны клипэнд оффисын ажилчны дүрт бүтээв. 2013 онд Симу Лю дэлгэцийн дөрвөн бүтээлд дүрээ мөнхөлж, залуу жүжигчин гэхэд муугүй ажиллажээ. Тухайлбал, телевизийн “Warehouse 13”, “Played”, “Mayday” гэх цувралуудад болон Гильермо дель Торогийн “Pacific Rim” гэх бүрэн хэмжээний кинонд дүрээ мөнхлөөд амжсан гэнэ. Ийнхүү аажим аажмаар зүтгэсээр 2015 онд “Blood and Water”, 2016 онд “Kim’s Convenience” хэмээх хоёр телевизийн цувралд гол дүр авчээ.

“Kim’s Convenience” телевизийн цувралд гол дүр бүтээсэн талаараа Симу Лю “Хэрэв намайг таван улиралтай 65 ангитай кинонд гол дүр бүтээснээрээ бахархдаг уу гэж асууж байгаа бол би тийм гэж хариулна. Харин энэ шоу бүрэн потенциальдаа хүрсэн үү гэвэл би үгүй гэж хэлнэ. Бид олон боломж алдсан” гэжээ.

Дүр бүтээхээс гадна бичиж, зохиож чадна гэдгээ харуулж, "Blood and Water" цувралын хоёрдугаар бүлгийн зохиолд гар бие оролцож байв.

Симу Лю өөрөө “Open Gym”, “Crimson Defender vs. The Slightly Racist Family” тэргүүтэй богино хэмжээний дэлгэцийн бүтээлүүдийн зохиолыг бичиж, найруулж, продюсерлож, гол дүрд нь тогложээ.

120 долларын фото модель

Жүжигчнээ замналаа эхлүүлээд удаагүй байсан залуухан Симу Лю амьжиргааны мөнгөө олохын тулд фото модель хийдэг байв. Тэрбээр 2014 онд “FatCamera”-ийн зураг авалтанд оролцож, 120 ам.долларын цалин авчээ. Гэвч энэ талаар хэн ч мэдээгүй байсан. Харин сая Шан-Чи ба Арван бөгжний домог кино тэсрэлт хийж, Симу Лю од болсон хойно түүний метроны буудал, зар сурталчилгаа, дэлгүүрийн нүүр хуудас, ном товхимол, сурах бичгийн хавтаснууд дээр гарсан зураг ил болов.

Энэ талаар жүжигчин залуу ярихдаа “Хүмүүс эдгээр зургийг одоо л таньж, интернетэд тавьж байгааг харахад би ч хүнд танигдаж байгаа бололтой. Би ч дэлхийн өнцөг булан бүрээр аяласан шүү. Аль ч газрын дэлгүүрийн үүдэнд би, спорт залны гадаа би, сурах бичгийн нүүрэн дээр би. Үнэхээр солиотой зүйл болсон. Тухайн үед зээлийн картынхаа өрийг төлөх гэж л 120 ам.доллараар намайг ашиглах зөвшөөрлийг тэдэнд худалдчихсан. Одоо ч хаа сайгүй байна даа. Магадгүй би “stock”-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг модель байх” гэжээ.

Шан-Чи ба “Арван бөгжний домог”

"Marvel" компани Азийн зах зээлийг эзлэхийн тулд ази супер баатар гаргаж ирэх хэрэгтэй болсон. Иймээс Шан-Чигийн төслийг богино хугацаанд эхлүүлж, дүрийн сонгон шалгаруулалт зарлав. Холливудын ази төрхтэй одууд гол дүрийн сонгон шалгаруулалтанд оролцож, эцэст нь телевизийн хоёрхон цувралд гол дүр бүтээсэн Симу Лю сонгогдсон юм. Хамгийн сонирхолтой нь, Симу Лю 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “Хөөе Marvel”, “Ахмад Америк”, “Тор-2” дээр гайхалтай ажиллажээ. Харин одоо Ази-Америк супер баатрын кино байвал яаж байна?” хэмээн жиргэж байв. Тэгвэл энэхүү жиргээнээс яг таван жилийн дараа тэрбээр Шан-Чигийн дүрд тэнцжээ.

Шан-Чигийн дүрд тэнцсэн талаараа Симу Лю “Marvel студийн ерөнхийлөгч Кевин Файгигаас дуудлага ирсэн. Тэр бол ерөнхийдөө "Marvel Comics Universe"-ийн архитектор. Над руу залгаад “Сайн уу? би энд киноны чинь найруулагчтай сууж байна. Бид чамд нэг зүйл хэлэх гэж залгасан юм” гэсэн. Би ч юу болох гээд байгааг ойлгосон л доо. Надад дүр өгөх гэж л залгахгүй юм бол өөрөөр тэд над руу залгах шаардлагагүй гэдгийг нь би мэдэж байсан. Дотроо хашгираад л уйлж эхэлсэн. Мэдээж, тэд намайг төслийн нэг хэсэг болсныг дуулгаж, “Дөрвөн хоногийн дараа Комик-конд оролцоно. Хэнд ч битгий хэлээрэй” гэсэн” хэмээн дурсав.

Есдүгээр сарын 3-нд нээлтээ хийсэн Шан-Чи ба “Арван бөгжний домог” кино өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлээс 300 гаруй сая ам.долларын ашиг олоод байна. Энэ үзүүлэлтээрээ 18 дахь өдрөө дараалан Бокс оффисыг тэргүүлж байна.

Симу Люгийн тоглосон Шан-Чи гэдэг дүр бол багаасаа хүн алах бүхий л аргад бэлтгэгдсэн нэгэн бөгөөд аавынхаа харгис үйл хэргийг үргэлжлүүлэхээс зугтаж, АНУ-д ирсэн залуу юм. Түүний аав эртний гарал үүсэл нь тодорхойгүй асар хүчтэй арван бөгжний тусламжтай дэлхий дахиныг үеэс үед дарангуйлж, ил далд хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж байсан хүн. Харин Шан-Чи дэлхий ертөнцийг ааваасаа болон харийн сүнс цуглуулагч нараас хамгаалж, арван бөгжний шинэ эзэн болдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж