Олон сарын турш хөл хорьж, цар тахалтай хатуу тэмцсэн зүүн өмнөд Азийн орнууд бодлогоо өөрчилж, зохицон амьдарч сурахаар шийджээ. Гэвч эрдэмтдийн анхааруулж байгаагаар эл шийдвэр тун эрсдэлтэй аж.
Цар тахал өнгөрөгч зун гоц халдвартай дельта хувилбараараа зүүн өмнөд Азийн орнуудыг нөмөрч өвдөг сөхрүүлсэн билээ. Долдугаар сараас эхлэн зогсолтгүй нэмэгдсэн халдварын тоо ихэнх орнуудад наймдугаар сард оргилдоо хүрсэн юм.
Харин өдгөө Индонези, Тайланд, Вьетнам, Малайз зэрэг орнуудын засгийн газрууд цар тахалтай үхэн хатан тэмцэхийн оронд эдийн засгаа сэрээж, хөл дээр нь босгохыг илүүд үзэж эхэлжээ. Үүний тулд хамгийн түрүүнд аялал жуулчлалын салбараа хэвийн ажиллуулж, хилээ нээн, олон нийтийн газруудын үйл ажиллагааг чөлөөтэй болгох шаардлага тургарч байгаа юм. Гэвч тус орнуудад вакцинжуулалтын хувь бага, дархлаажуулалтад хамрагдсан цөөн хүмүүс нь ихэнхдээ үр дүн хангалтгүй гэх Хятадын Синовак вакцин тариулсан энэ үед хэвийн авьдралдаа эргэн орох нь гамшгийн аюул дагуулах эрсдэлтэй гэж санаа зовнин анхааруулах болжээ.
Жишээлбэл АНУ-д төвтэй гадаад харилцааны зөвлөлийн эрдэмтэн Янжон Хуан өндөр үр дүнтэй вакцинаар хүн амынхаа хангалттай хэсгийг вакцинжуулж амжаагүй үед хязгаарлалтуудыг цуцлах нь бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хямрааж, уналтанд оруулах аюултайг анхааруулсан байна. Тэрбээр “Хэрвээ эдгээр орнууд хэвийн амьдралдаа эргэж орох юм бол эмнэлгийн ор, ажилтнууд хүрэлцэхээ байж, нөөц дуусах аюулд хүрнэ” гэжээ.
Гэсэн ч Азийн олон орны удирдагчдын хувьд өөр сонголт үлдээгүй бололтой. Тэртэй тэргүй вакцины хангамж маш бага, ойрын хугацаанд олон нийтийг хангалттай дархлаажуулах боломжгүй байхад ард түмэн ажлаа алдаж, гэртээ сууж, ядуурч, хоосон хонох болсон гэнэ.
Тухайлбал, Тайландын Пукет арлын усанд шумбагчийн сургуулийн оператор Жийн Гаритогийн хэлснээр тус улсын ихэнх жижиг, дунд бизнесүүд хил нээгдэхийг хүлээсээр хаалгаа барьж дууссан гэнэ. Тэрбээр энэ байдлаараа удвал Тайландын аялал жуулчлалын салбар хэр удаан тэсэх нь эргэлзээтэй болсон гэжээ.
Цар тахлын эсрэг тэмцлийн төгсгөл
Зүүн өмнөд Азийн орнууд зургадугаар сараас эхлээд, наймдугаар сарыг дуустал хатуу хөл хорио, хаязгаарлалтуудыг тогтоож, цар тахлын нэгэн давлагааг эрс эсэргүүцэн тэмцсэн билээ.
Тухайлбал, Малайз, Индонези улсууд орон даяар хөл хорио тогтоож, Тайланд, Вьетнам зэрэг нь өндөр эрсдэлтэй гэж үзсэн нутгууддаа хөл хорьсон юм. Үр дүнд нь сая сая иргэд гэрээсээ гарах боломжгүй болж, аялал гэдэг мөрөөдөл болж, ажил амьдрал зогсож, сургуулиуд хаагдаж, нийтийн тээвэр цөөрч, цугларалтууд үгүй болсон юм.
Үр дүнд нь өдөр тутмын шинэ халдварын тоо бага зэрэг буурсан ч өндөр хэвээрээ л байна. Жишээлбэл, Филиппинд өдөр тутамд 20 мянга орчим шинэ халдвар бүртгэгдэж, Тайланд, Вьетнам, Малайзынх 15 мянгаас буухгүй байна. Харин Индонезид халдварын тоо харьцангуй эрчимтэй буурч, өдгөө өдөрт хэдэн мянган тохиолдол бүртгэж байгаа аж.
Хэдийгээр халдварын оргил үе дөнгөж өнгөрсөн, вакцинжуулалтын хувь маш цөөн байгаа ч зарим орнууд аль хэдийн хилээ нээж эхэлжээ.
Вьетнам
Жишээ нь, Вьетнам дараа сараас эхлэн аялал жуулчлалын төв болсон Пу Күок арлаа гадны жуулчдад нээхээр төлөвлөсөн байна. Эрх баригчдын хэлж байгаагаар эдийн засаг, аялал жуулчлалын салбараа аврах сүүлчийн боломж нь энэ шийдвэр байсан гэнэ. Гэхдээ тус улсын хувьд хүн амын ердөө долоон хувь нь вакцинжуулалтад хамрагджээ. Харьцуулж үзвэл эрдэмтэд аливаа улсын хүн амын 80-90 хувь нь вакцин тариулж байж сүргийн дархлаа тогтсонд тооцох учиртай юм.
Тайланд
Мөн Тайланд аравдугаар сард нийслэл Бангкок болон жуулчдын их очдог бусад том хотуудаа гадаадын жуулчдод нээлттэй болгохоор шийджээ. 2019 онд л гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 11 хувийг аялал жуулчлалаар бүрдүүлж байсан тус улсын хувьд ч гэсэн дахиад жаахан удвал аялал жуулчлалын салбар элгээрээ мөлхөх болжээ. Тайландын нийт хүн амын 21 хувь нь вакцин тариулжээ.
Индонези
Түүнчлэн хүн амынхаа 16 хувийг дархлаажуулсан Индонези аль хэдийн хязгаарлалтуудаа сулруулж, олон нийтийн газгуудыг нээж, үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаараа ажиллахыг зөвшөөрчээ. Цаашлаад аравдугаар сараас эхлэн Бали арал тэргүүтэй аялал жуулчлалын төвүүд жуулчдыг хүлээн авч эхлэх бололтой.
Малайз
Харин хөршүүдээсээ хамгийн олон буюу хүн амынхаа 56 хувийг амжиж вакцинжуулсан Малайз баяр ёслолын болон аялал жуулчлалын төвүүд, тэр дундаа Ланкави арлуудаа нээсэн аж. Мөн өнгөрсөн долоо хоногт дотоодын аялал жуулчлалыг хэвийн үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
Нэг талаасаа, зүүн өмнөд Азийн дээрх орнууд ийнхүү шил шилээ даган хэвийн амьдралдаа орж эхэлсэн нь барууны Нэгдсэн Вант улс болон АНУ-ын зарим мужуудад баримталж эхэлсэн цар тахалтай зохицон амьдрах бодлогыг дуурайж буй хэрэг юм.
Гэтэл нөгөө талаас Азийн орнууд дундаа Сингапур аль хэдийн цар тахалтай тэмцэхээ больж, амьдралаа үргэлжлүүлж байлаа.
Эх сурвалж: CNN REUTERS
Холбоотой мэдээ