“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ

“Эрдмин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү хууль зөрчиж, тамгаа авч зугтжээ

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ил уурхайгаас гарсан  балансын бус хүдрийг боловсруулан, катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Эрдмин” үйлдвэрийн хувьцааны 25 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, 58.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай "RCM Inc" компани, 10 хувийг МИКО Холдинг, иргэн Ж.Дамдинжав нар эзэмшдэг.

"Эрдмин" үйлдвэрийн Захирлуудын зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ТУЗ-ийн даргаар Д.Одхүү 2017 онд томилогджээ.

Өнөөдөр /2021.09.22/ тус компанийн ТУЗ хуралдаж, “Эрдмин” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Баатар, Ерөнхий нягтлан бодогч Г.Бурмаа нарыг чөлөөлөх, н.Мөнхбаяр гэгчийг томилох хууль бус хурал хийжээ. Тус  хуралд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн болон бусад хувьцаа эзэмшигчид тодорхой шалтгааны улмаас оролцож чадахгүйгээ мэдэгдсэн ч зөвхөн ТУЗ-ийн дарга Д.Одхүү, АНУ-ын "RCM Inc"  компанийн захирал Рэймонд Браун /Raymond Brown/ нар хуралдаж, хууль бус шийдвэр гаргажээ. Харин үүнийг нь компанийн ажилчид эсэргүүцсэн боловч Д.Одхүү тамгаа аваад, зугтсан байна. Д.Одхүү түүнээс гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн үүрэг чиглэлийг зөрчжээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийн харъяа болон хувьцаа эзэмшдэг компаниудын үйл ажиллагааг дэмжиж, бодлого боловсруулах ажлын хүрээнд дээрх  компаниудын үйл ажиллагаа, удирдлагын бүтэц, ТУЗ-д ямар нэг өөрчлөлт оруулахгүй байх чиглэлийг 2021-06-29-ний өдөр өгчээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн үйл ажиллагааг судлах явцыг дуусах хүртэл дээрх гурван чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн байна. Харин ТУЗ-ийн дарга дээрх шийдвэрийг үл тоон, өнөөдөр ТУЗ-өө ганцаараа хуралдуулж, хууль бус шийдвэр гаргасан гэж "Эрдмин" ХХК-ийн ажилчид үзэж буй юм байна.

“Эрдмин” ХХК-ийг анх Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын санаачлагаар Эрдэнэт үйлдвэр /Эрдэнэт концерн/  51 хувийг, 49 хувийг АНУ-ын компанийн эзэмшилтэйгээр байгуулж байжээ. Гэвч үйлдвэр байгуулагдсаны дараа зэсийн ханш унаж, хөрөнгө  оруулалтын зээл, бусад төлбөрөө төлж чадахгүйд хүрч, компанийн эзэмшиж байсан 49 хувиа "RCM Inc" компани,  Австралийн "Армада Гоулд" компанид заржээ. Уг  компани мөн л өр зээл төлөх бусад бэрхшээлээс шалтгаалан 2000 оны үед АНУ-ын "RCM Inc" компани гэх нэрээр Рэймонд Браун /Raymond Brown/  өөрийн болгож, бүх өр зээл, төлбөрийг барагдуулна  хэмээн, өөрийн эзэмшлийн компанийн хувьцааг нэмэгдүүлж, компанийн хувьцааны 58,5 хувь буюу дийлэнх хувьцааг эзэмших болжээ. Гэвч ноён Рэймонд Браун амласан амлалтдаа хүрсэнгүй, өр зээл, бусад төлбөрийг "Эрдмин" компани төлж, мөн хөрөнгө оруулалтын зээлээ төлж барагдуулжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас "RCM Inc" компанийн хувьцаа эзэмшсэн үйлдэл нь хууль бус гэж дүгнэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Чухам ийм цаг үед АНУ-ын "RCM Inc" компанийн  захирал Рэймонд Браун /Raymond Brown/ болон ТУЗ-ийн дарга Д.Одхүү нарын “Эрдмин” ХХК-ийн удирдлагыг сольж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсныг хууль бус гэж үзэж, ТӨБЗГ-ын төлөөлөл Эрдэнэтийг зорьсон гэх мэдээллийг бид хүлээн аваад байна.

“Эрдмин” ХХК нь балансын бус хүдрийн овоолго ашиглаж, цэвэр зэс Ази тивд анх үйлдвэрлэж эхэлсэн манай улсын  том татвар төлөгч компани юм. 1997 онд үйлдвэр ашиглалтад орсноос хойш "Эрдмин" ХХК 99,999 хувийн цэвэршилттэй, Лондонгийн Металын биржийн “А”  зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг өндөр чанартай катодын зэс үйлдвэрлэдэг бөгөөд 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос цахилгааны 50 гаруй төрлийн зэс утас үйлдвэрлэжээ. Тус үйлдвэр жилдээ 3000 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай, улсын  төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа үндэсний томоохон компаниудын  нэг юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж