Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Борис Жонсоноос сэтгүүлч нар хэдэн хүүхэдтэй талаар асуухад үргэлж зугтаж, булзааруулж, тодорхой хариулт өгдөггүй байлаа. Харин энэ долоо хоногт тэрбээр Ерөнхий ассемблейн чуулганы хажуугаар “NBC’s Today” шоунд оролцохдоо анх удаа дээрх асуултад хариулжээ. Тухайлбал, нэвтрүүлгийн хөтлөгч түүнээс “Та үнэхээр зургаан хүүхэдтэй юм уу" гэж асуухад тэрбээр “Тийм ээ” гэж хариулсан байна.
Анх Английн шүүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад Борис Жонсоны гэр бүлээс гадуурх харилцаанаас төрсөн охины тухай мэдээлэхийг хориглосноос хойш түүний яг хэдэн хүүхэдтэй нь олон жилийн турш анхаарал татсаар ирсэн билээ.
Ийнхүү Борис Жонсон өөрөө хүлээн зөвшөөрснөөс дүгнэвэл тэрбээр өмнөх эхнэр Марина Вилерээс төрсөн дөрөв, тухайн үед орооцолдсон гэр бүлээс гадуурх харилцаанаас төрсөн нэг охин, одоогийн эхнэр Карри Жонсоноос төрсөн нэг хүү, нийт зургаан хүүхдийн эцэг аж.
Карри Жонсон өнгөрсөн сард дахин жирэмсэлсэн талаараа мэдэгдсэн билээ. Тэдний том хүү Вильфред 2020 оны дөрөвдүгээр сард төрж байв. Тухайн үед Борис Жонсон цар тахлын халдвар авч, эмнэлэгт хэвтэж байлаа. Өвчин нь ихэд хүндэрсэн тул тэрбээр эрчимт эмчилгээний тасагт хэвтэхэд хүрсэн юм. Хожим түүний дурссанаар Борис Жонсон өөрийг нь аварсан эмчийг хүндэтгэж, хүүгээ Николас гэж нэрлэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ