"Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ"

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

"Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ"

"Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд хуралдааны үеэр эрүүл мэнд болон бусад байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах, хүүхэд жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарахыг үүрэг болгожээ. Мөн маш сайн судалгаанд үндэслэн байгууллагуудын үйл ажиллагааг  нээхийг үүрэг болгосон байна.

Сүүлийн хэдэн өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Эрүүл мэндийн яамны мэдээлэл зөрсөн. ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлжээ. Түүнчлэн Гашуунсухайт боомтод нэмэлтээр PCR шинжилгээний төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг, шатахууны хомсдолтой холбоотой асуудалтай холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосныг мэдэгдлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд Монгол Улс шатахууныхаа хэмжээг гэрээгээр зохицуулдаг. ОХУ-аас шатахуун авдаг гэрээнд тодорхой нэг заалт байдаг нь “Сар болгон 28 мянган тонн АИ-92 бензинийг ОХУ өгөх ёстой” гэсэн харилцан үүрэг хүлээсэн байдаг. ОХУ-аас наймдугаар сарын сүүлээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Үндсэн шалтгаан нь найм, есдүгээр сард гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байна. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас улсын шатахууны хэрэглээг тогтмол хэмжээнд байлгахын тулд Хятад улсын “Чайна ойл” компанитай таван аж ахуйн нэгж болох "Петровис", "Шунхлай", "Магнай трэйд", "Сод Монгол", "Лэкс ойл" компанитай гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нэг сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны мөнгийг төлж, гэрээгээ хийгээд баталгаажуулчихсан. Наашаа явах вагоныхоо кодыг авчихсан. Бид ямар нэгэн шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлэх дүр зурагтай байсан. Гэтэл есдүгээр сарын 20-ны өглөө ОХУ-ын “Роснефть” компаниас есдүгээр сарын 16-ныг хүртэл 7400 орчим тонн АИ-92 бензин нийлүүлсэн байсан. Өгөх ёстой хэмжээгээ 17 мянга гэж хэлсэн учраас ойролцоогоор 9-10  мянган тонн шатахууныг үлдсэн хугацаанд өгөх ёстой байсан. Гэтэл өчигдөр аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэх мэдэгдэл гэнэт өгсөн. Яг үүнтэй давхцаж Хятадын Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийсэн гэрээний дагуу төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна. Учир нь Хятад улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг  есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон гэдэг мэдээ ирсэн. 

Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам, Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна. 

Мөн ОХУ руу өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон  импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцээ хийхээр явсан. 

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй Эрчим хүчний яам энэ сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, олон жил бидний ярьсан Ховд гол дээр байгуулагдах 90 мкв хүчин чадалтай усан цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо. Тус станцын анхны судалгааг 1964 онд ОХУ мэргэжлийн байгууллагууд судалж гаргасан. 2018 онд дээрх тооцоо судалгааг үндэслэн дахиж судалгаа хийж, усан цахилгаан станц барих боломжтой гэсэн шийдвэрийг эцэслэсэн. Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Техник эдийн засгийн үндэслэлээр энэ төслийн өртөг нь 288 сая ам.доллар. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерийг БНХАУ-ын компаниудын дунд зарласан. Тендерт шалгарсан компани 271 сая ам.доллар буюу төсөвт өртгөөс бага үнээр 61 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг хийхээр гэрээ байгуулсан. 800-1000 мянган түр ажлын байр бий болно. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.БУЯНДЭЛГЭР:

-Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр газрын харилцааны салбарт ажилласан. Тус ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар газрын харилцааны цахим системийг хурдасгах, шаардлагагүй гарын үсгийг цөөлөх чиглэл өгсөн. Энэ хүрээнд газрын харилцааны 17 нэр төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр иргэд газрын гэрээ, гэрчилгээг гэрээсээ өөрсдөө хэвлэж авах боломжтой болж байна. Газрын гэрээн дээр газрын албанаас гурван гарын үсэг зурагдаж, нийтдээ гурван хувь хэвлэгддэг. Нэг гэрээн дээр гурван хүний есөн гарын үсэг, гэрчилгээ, кадастрын зураг гээд тооцохоор нийтдээ арав гаруй гарын үсэг зурагддаг. Сард ойролцоогоор нэг дүүрэгт 300 орчим иргэний газрын асуудал шийдэгддэг. Гурван хувь 300 гэрээ гэж бодоход давхардсан тоогоор 2100 гарын үсэг зурагдаж байна. Үүнийг цахим хэлбэрт буюу QR код хэлбэрт шилжүүлсэн. Иргэд https://egazar.gov.mn/ сайтаас газрын гэрчилгээгээ авна. Тус сайт өнөөдрөөс эхлэн ашиглалтад орж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж