Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна. Тус газарт ахуйн гал түймэр, усны осол, автомашины болон бусад ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
- Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун хойд зүгт дулааны худгаас хүний цогцос олджээ. Онцгой байдлын алба хаагчид нэр, хаяг тодорхойгүй, 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ. Дулааны худгаас цогцос гаргуулах тухай дуудлага өчигдөр өдрийн 15:34 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН ХҮҮГИЙН БИЕ ХҮНД БАЙНА
- Нүхэн жорлонд унасан нэг ой найман сартай хүүд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын наймдугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлага өчигдөр 16:30 цагийн үед бүртгэгджээ. Энэ дагуу алба хаагчдыг очиход бага насны хүүхэд нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг цаг алдалгүй гаргажээ. Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалахгүй байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.
- Орхон аймгийн Баян-Өндөр суманд орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч гурван ажилтан нурангид дарагдсан байна. Ослын улмаас нэг нь амь насаа алджээ. Тодруулбал, 16 настай М, Г болон 33 настай эрэгтэй нар нурангид дарагдсан аж. 16 настай хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, хоёрт нь эмнэлгийн тусламж үзүүлжээ.