Сүүлийн хоёр хоногт шатахууны жижиглэн худалдааны хомсдол үүсч, Ашигт малтмал, газрын тосны газрын 21 хоногийн нөөцтэй гэх мэдээлэл худлаа болж таарав. Учир нь “Роснефть” болон “Нефть Хим Сервис” компаниас өнгөрсөн наймдугаар сард Монголын импортлогчдод хандан үнээ өсгөхөөс өөр аргагүй болсон талаар албан бичиг хүргүүлсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас (АМГТГ) АИ-92 шатахууны нөөц хангалттай байгаа учир аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй гэсэн мэдэгдлийг есдүгээр сарын 14-нд өгсөн. Энэ үед Монголд шатахууны нөөц аль хэдийнэ дууссан байжээ. Тиймээс АМГТГ-ын асуудал хариуцсан орлогч даргын хоёр өөр тайлбарыг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Ц.Эрдэнэбаяр
АМГТГ-ын асуудал хариуцсан орлогч дарга:
Есдүгээр сарын 14-нд “Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч, ОХУ-ын "Роснефть" компани үйлдвэртээ жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдэг. Тус засварын улмаас есдүгээр сард манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор зөрүүг нь БНХАУ-ын “Чайна Ойл”, “Петро Чайна” зэрэг компаниудаас авахаар Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал,
- АИ-92 шатахуун 21 хоног,
- Дизель түлш 35 хоног,
- АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.
Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бол бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх, зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Мөн үнэ нэмэгдэх нөхцөл байхгүй” гэж мэдэгдэж байв.
Ц.Эрдэнэбаяр
АМГТГ-ын асуудал хариуцсан орлогч дарга:
Харин өчигдөр (2021.09.21) "Шатахууны үнийн өсөлт дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнээс шууд хамаарна. Гадаад зах зээлд түүхий тосны үнэ буугаагүй байна. Өнгөрсөн долдугаар сард шатахууны үнэ 300 төгрөгөөр хоёр удаа нэмэгдсэн. Өнгөрсөн Баасан гаригт аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ 100 төгрөгөөр нэмсэн ч үндэслэл байхгүй. Үүнийг ч бид мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдрөөс зарим аж ахуйн нэгж шатахууны үнээ буулгаж ажиллаж байна. Ер нь бид журмаараа улсын хэмжээнд дунджаар 30 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх ёстой. Үүнээс өргөн хэрэглээний АИ-92 шатахуун 24 хоногийн нөөцтэй байсан ч энэ үзүүлэлт сүүлийн долоо хоногуудад их хэмжээгээр багассан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй байна. Нөөцийн хэмжээ багасах хэрээр импорт буурсан. Энэ нь нийлүүлэлттэй шууд холбоотой. Өчигдрийн байдлаар шатахуун түгээх станцууд эхнээсээ үйл ажиллагаагаа түр зогсоож эхэлсэн. Учир нь ОХУ-ын "Роснефть" компаниас АИ-92 шатахуун нийлүүлэх боломжгүй гэж мэдээлсэн бол БНХАУ-аас шатахуун төмөр замаар нийлүүлэх боломж бага байгааг мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал өчигдөр давхацлаа. Үүнийг шийдвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогоор бид шатахууны хангамж тогтворжтол 5-7 хоног хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй. Бид импортлогч орон учраас хөрш айлаас талх өгтөл бид байгаа талхаа хуваарилж хуваахаас өөр аргагүй" гэх мэдэгдэл хийлээ.
Холбоотой мэдээ