Паралимпын тамирчдын ордон хэзээ баригдах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Паралимпын тамирчдын ордон хэзээ баригдах вэ?

Паралимпын тамирчдын ордон хэзээ баригдах вэ?

Монголын паралимпын тамирчид 2000 оны Сиднейн наадамд оролцож эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж, бахдам сайхан амжилт үзүүлжээ. Гэхдээ энэ хүртэлх тэдний зам дардан байсангүй. Тусгай зориулалтын спорт цогцолбор байхгүй учир боломж бололцоогоороо бэлтгэл сургуулилалтаа тасалдуулахгүй хийж, орчиндоо дасан зохицсоор өдийг хүрчээ.

Саяхан Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү манай сайтад өгсөн ярилцлагадаа "Тамирчдаа бэлдээд, хувцас хэрэглэлийг нь гаднын хандив тусламжаар авсан ч орчин нөхцөл нь байхгүй байна. Хятадад пара тамирчдад зориулсан бүхэл бүтэн хотхон байдаг. Тэр хотхондоо тамирчид нь байрлаад, бэлтгэлээ хийж байна. 2009 онд бид хөөцөлдөж, Хятадын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барихаар нийслэлээс газар авсан юм. Хятадын талаас 40 гаруй сая ам.доллар шийдэж өгөөд, хажуудаа тамирчдад зориулсан байртай ордон Яармагт бариулах гээд яваад байна. Мөнгө, газар нь шийдэгдсэн. Одоо долоо, найман жил боллоо" хэмээн ярьсан юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор ирэх оноос баригдаж эхэлнэ"

Түүний ярьсны дагуу хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортын цогцолборын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас тодрууллаа.

-Пара тамирчдын ордон баригдана гээд их олон жил өнгөрчээ. Яг юун дээрээ очоод энэ асуудал гацчихав ?

-Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор баръя гэж хоёр улсын хооронд ярьж тохирсон. Гэвч газрын асуудлаас болж төсөл зогсонги байдалд орсон. Газраа шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьсан. Тиймээс манай яамныхан газар хөөцөлдөж, Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын 50 дугаар тэмдэглэл гарсан. Уг тэмдэглэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт ордны газрын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу нийслэлээс 2020 онд Морингийн давааны наана 10 га газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэр дээр олгосон. Тухайн үед ТОСК-ын мэдэлд, банкны барьцаанд байсан газрыг суллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт ордны цогцолборын зориулалтаар олгосон. Одоо газрын ямар нэгэн асуудал байхгүй.

-Энэ ордонг эзэмших хүсэлтэй олон албан байгууллага, хувь хүн гарч ирсэн гэсэн?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг хариуцаж байгаа. БНХАУ-ын талтай бид ГХЯ-аар дамжуулан харилцаад явж байгаа.

-Монголын талаас ажлын хэсгээ байгуулдаггүй гэж үнэн үү?

-Нэгдүгээрт, ямар ажлын хэсгийн талаар яриад байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт, би энэ ажлыг ахлаад явж байгаа. Гуравдугаарт, ашиглалтын өмнөх захиргаа гэж байгуулсан, одоо ажиллаж байна. Ажил хэвийн явж байгаа. Хятадын талаас газрын асуудал шийдэгдсэний дараа хоёр удаа ирж ажилласан. Эхний удаад санал солилцаад, албан хэлэлцээ хийгээд явсан. Үүний дагуу хоёр дахь удаад нь судалгааны баг ирж ажилласан. Судалгааны баг нь ямар хэмжээний хүчин чадалтай барилга баригдах вэ? Юу хийгдэх вэ? Монголын тал ямар саналтай байна вэ? гэдгийг судлаад явсан. Энэ судалгааны хүрээнд зураг төслийн ажил Хятадад хийгдээд үндсэндээ дуусч байсан. Тэгээд ковид гээд жаахан зогсонги байдалд орсон. Хэлэлцээрийн хүрээнд спорт цогцолборын зураг төсөл дуусмагц Монголын талд хүлээлгэн өгч бид улсынхаа хууль тогтоомжид нийцүүлэн Барилгын хөгжлийн төвөөр магадлагаа хийлгэнэ. Ингээд ажил эхэлнэ.

-Барилгын ажил яг хэзээ эхлэх вэ?

-Хятадын зүгээс 2022 онд барилгын ажил эхэлнэ гэж төлөвлөгөө гаргасан. Зураг төсөл нь л гарчихвал ямар нэгэн маргаантай асуудал үлдэхгүй. Хятадын буцалтгүй тусламжаар 20 мянган мкв талбайтай, зоорьтой, долоон давхар барилга байгууламж баригдана. Мөн томоохон стадион баригдана. Төслийн хүрээнд битүү дээвэртэй 200 метр тойрог бүхий гүйлтийн зам, 200 орчим ортой баг тамирчид байрлах зочид буудал, 150 хүн хооллох ресторон, тив дэлхийн тэмцээн явуулах олон төрлийн зал, пара олимпийн бүх төрлөөр хичээллэх бэлтгэлийн залууд, хурлын танхим, тусгай тасгууд, 400 метрийн гадна зам байна гэж төлөвлөсөн.

-Спорт цогцолборын доторх тоног төхөөрөмж, эд материалыг Олон улсын паралимпийн хорооноос хандивлана гэх мэдээлэл байна ?

-Хятадын талаас буцалтгүй тусламжийнхаа хүрээнд барилга байгууламж, цогцолбор барихаас гадна энэхүү спортын ордныхоо шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана гэж ярьж байгаа.  Мөн шаардлагатай, олон улсын стандартад нийцсэн бусад тоног төхөөрөмжийг Олон улсын паралимпийн хороо хандивлаж болно гэсэн. Хятадын тал зурагтайгаа хамт ямар тоног төхөөрөмж байх ёстой вэ гэдэг жагсаалтыг гаргаж өгнө. Тэрний дараа олон улсын хороотойгоо асуудлаа шийдэх бодолтой байгаа.

-Зураг  төсөл, санхүүжилт шийдэгдчихсэн юм байна гэж ойлголоо. Тэгэхээр дараагийн асуудал нь тендер зарлаж, барилгын компани сонгох уу?

-Ер нь бол Хятадын тал буцалтгүй тусламж учир бүх асуудлаа хариуцаад явна гэж уулзалтын үеэр ярилцсан.

-2022 онд барилгын ажил нь эхлээд хэзээ ашиглалтанд орох вэ?

-2024 он гэхэд бүрэн ашиглалтанд орно доо. Парисын олимпийн өмнөхөн. 2024 оны олимптой холбогдуулан ирэх жилийн улсын төсөв дээр энэ барилга байгууламжийн гаднах шугам сүлжээний зардлыг суулгана. Гэрээн дээрээ ингэж тусгагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашдаа паралимпийн тамирчдыг хэрхэн дэмжин ажиллах вэ ?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортын бүх төрлөөр хичээлүүлэхийг холбогдох байгууллагуудтай хамтран дэмжиж ажилладаг.  Хамгийн сүүлд л гэхэд “хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлтэй тэмцээнд оролцож медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал”-ын асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн. 2016 оноос хойш л гэхэд 40 гаруй тамирчин энэ шалгуурыг хангаж 230.0 орчим сая төгрөгийн урамшуулал авахаар болсон. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдүүдийг олон улсын уралдаан тэмцээнд оролцох зардлыг “Хүүхдийн төлөө сан”-гаас гаргахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Бид хэрэгжилтийг хангаж ажиллах болно.

 

"Ордон нь л баригдвал багш дасгалжуулагч нь бэлэн байна"

Пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдоржтой өнөөгийн нөхцөл байдал болон ордон баригдвал ямар ашиг тустай талаар ярилцсан юм. Тэрбээр энэхүү спорт цогцолборын төсөлд анхнаасаа гар бие оролцож, санаачилсан хүмүүсийн нэг юм.

-Пара хөнгөн атлетикийн тамирчид маань хэрхэн бэлтгэлээ базааж, Токиог зорив?

-Манайх их хүндрэлтэй шүү. Өвөл нь хүйтэн учир бэлтгэл хийхэд хэцүү. Хавар, намар нь гадаа их шуурна. Зуны хэдхэн сар борооны зав чөлөөгөөр л хийнэ дээ. Ийм л байдалтай явж ирлээ. Бэлтгэл хийх өвөл, зуны байртай болъё гэж бид их олон жил хөөцөлдөж явна.

-Паралимпын тамирчдад зориулсан ордон баригдана гээд их олон жил боллоо. Энэ яриа яг хэзээнээс гарч эхэлсэн бэ?

-2008 оны Бээжингийн паралимпод зориулсан өвөл, зуны тамирчдын ордон Бээжингийн долдугаар тойрог дээр баригдсан юм. Манай хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат хөөцөлдөж, тэнд сар бэлтгэл хийх боломж гарсан. Тэр үед л Монголд нэг ийм ордон хэрэгтэй юм байна гэдэг үүднээс би эхэлж санаачилсан. Бидэнтэй хамт явсан, одоо бурхны оронд байгаа гавьяат багш Г.Лхагвасүрэн маань надад хандан “Багшийнх нь нас хүрэхгүй. Чи залуу хүн байна. Үүнийг хийж дуусгаарай. Хөнгөн атлетик гэлтгүй Монголын тамирчдын хувьд шинэ түүхэн үйл явдал болно шүү. Азид гуравхан байдаг юм байна. Дөрөв дэхийг нь Монголдоо хийвэл үгүй ээ мөн сайхан аа” гэж захиж байсан. Бид бэлтгэл хийх хоорондоо өвөл, зуны 200 метр замтай манеж, гадна талын тартан зам, зочид буудал, рестораныг нь судалсан. Үндсэндээ 2009 оноос энэ ажил эхлэлтэй. Үүний дараа бид Улан-Үдэ, Солонгосын манежийг үзэхэд их хуучирсан байсан. Тиймээс орчин үеийн Бээжингийн загвараар хийе гэсэн. 2010 оны аравдугаар сарын 10-нд бид нийслэлийн засаг даргад анх хүсэлтээ тавьсан. Хариуд нь 70 сая төгрөг гарган өгч, зураг төслөө хийгээрэй гэсэн. Гэтэл бэлэн зураг төсөл асар үнэтэй байлаа. Дахиад нийслэлийн Засаг дарга, НИТХ-д хүсэлтээ тавьсан. Ийнхүү 2012 онд дахин 20 сая төгрөг төсөвт суулгасан. Зураг төслийн тендер ч дотооддоо зарлагдаж, “108” гэх компани шалгарсан.

Монголд анх удаагаа баригдах байгууламж учир их ач холбогдол өгсөн. Хөнгөн атлетикийн талбайн зүлэг гэхэд хиймэл байж болдоггүй. Нэг бол таримал, эсвэл байгалийн зүлэг байх хэрэгтэй. Хамтдаа Солонгос, Бээжингийн манежийг судлан, хоёр жил болсны эцэст зураг нь бүтсэн. Эхлээд концесс байсан ч бүтэлгүйтэж, хөнгөлөлттэй зээл болсон. Гэвч зээл нь ч бүтэлгүйтсэн. Энэ хооронд Италийн “Mondo”, Оросын спортын барилга байгууламжийн компаниуд барьж өгье гэж санал тавьсан. Харамсалтай нь, хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй. Харин АСЕМ-ын уулзалтын өмнөхөн Гадаад хэргийн сайд Хятадын талтай гэрээ үзэглэж, буцалтгүй тусламжаар барьж өгөхөөр болсон. Хятадын талаас албаны хүмүүс ирж, судалгаа хийгээд буцахдаа “Танайх газраа шийдчихвэл бид хоёр жилийн дотор барьж өгье” гэсэн. Нийслэлээс 10 га газар Морингийн даваанд өгсөн. Хятадууд ирж хөрсний шинжилгээ хийгээд явсан. Монголын хийсэн зураг төсөл дээр хийхгүй өөрсдөө хийнэ гэсэн. Монголын эрс тэс уур амьсгалд тохируулсан, евро стандартын байгууламж барих хэрэгтэйг бид уламжилсан.

Солилцох захидал байгуулвал ажил нь эхэлчих гээд байдаг. Хятадууд өөрсдөө ирж барина. Сүүлийн солилцох захидал үлдсэн.

Пара гэлтгүй олимпын тамирчид маань ч тэнд тусгаарлагдаад, тэмцээн уралдааны бэлтгэлдээ гарах боломжтой. Хажуудаа 200 гаруй хүн хүлээх авах чадамжтай зочид буудалтай.

-Тэмцээн уралдаан зохион байгуулах, бэлтгэл хийх орчин нөхцөл нь удахгүй бүрдэнэ гэж ойлгож болох юм байна. Нөгөө талдаа пара тамирчдын, ялангуяа хөнгөн атлетикийн тамирчдын нөөц бололцоо хэр байдаг вэ?

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 10 гаруй хүүхэд их, дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгслөө. Лондон, Рио, Токиогийн наадмуудад оролцоод ажихад хөгжлийн бэрхшээлтэй тамирчин дасгалжуулагч болоод, дараагийн үеэ авч яваад байгаад юм. Жишээ нь, Японы тэргэнцэртэй спортын төрлийн дасгалжуулагч өөрөө тэргэнцэртэй хүн байлаа. Өөрөө тэр спортыг сайн мэддэг, мэдэрчихсэн хүн байгаа биз. Манай хөнгөн атлетикийн хувьд суугаа зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн төрөлд сайн тамирчин бэлдье гэвэл мөн ийм хүн байх хэрэгтэй. Босоо хүн шидэх, суугаа хүн шидэх өөр шүү дээ. Хүндрэл бэрхшээл, зөв техникийг нь мэддэг хүмүүсээ эхнээс нь их сургууль төгсгөөд байна. Ордон нь л баригдвал багш дасгалжуулагч нь бэлэн байна. Манай Э.Содномпилжээ ч 10 жилийн дараа гэхэд сайн дасгалжуулагч болно гэдэгт итгэлтэй байна.

-Тамирчдын хувьд?

-Бусад спортын төрлүүд маань жигд сайхан хөгжиж байна. Манай холбоо 2009 онд улсын аваргаа хийхэд 20 гаруй тамирчин оролцож байлаа. Одоо хамрах хүрээ нь томорчихсон. 250-300 тамирчин оролцож байна. Аймаг, орон нутгийн халамжийн хэлтэс нь тэмцээн, уралдааных нь зардлыг гаргаж байна. Мөн аймгуудад улсын аваргаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд Дархан, Сэлэнгэ, Архангайд зохион байгууллаа. Энэ жил Булганд хийе гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэг аймагт хийхэд тэндээс нь тамирчид гарч ирдэг. Их ач холбогдолтой байгаа биз. Наадам шиг л юм болдог доо. Одоо хүсэн хүлээгээд буй ордон маань баригдвал эрүүл, пара тамирчид хамт хичээллэх боломж бүрдэнэ. Жишээ нь, бид Хандгайтад очоод бэлтгэл хийхэд сайхан зочид буудал, заал нь байна. Гэвч бусад төрлүүдэд зориулсан заал, танхим, зам талбай алга. Налайхад хөнгөн атлетикийн сайхан зам байгаа боловч байрлах буудал, цас борооноос хамгаалсан дээвэр алга. Улсаас Токиогийн паралимпод ач холбогдол өгч, урьд урьдын жилүүдээс илүү их харж хандлаа. Тамирчдад 10 сая төгрөг, "Олимп хөгжил сан"-гаас тамирчин, дасгалжуулагч бүрт 500 ам.доллар өгч байх жишээтэй. Өмнө нь ийм байгаагүй. Энэ бүхэнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Одоо бидэнд ордноо бариад өгчих. Тэгвэл сэтгэл ханах гээд байна.

-Зориулалтын тоног төхөөрөмж, эдлэл хэрэглэлээ хаанаас зохицуулах вэ?

Манай спорт цогцолборын нэр их урт. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолбор гэдэг. Зарим дарга нар энэ урт нэрээ богиносго гэдэг юм. Энийг л хөндөж болохгүй. Учир нь гэрээн дээрээ тусгай тоноглол бүхий гэж тусгахаар хоосон байгууламж авахгүй гэсэн үг. Фитнесс, буудлага, алх хадаас гээд бүхий л зүйлсээ иж бүрэн авахын тулд ийм нэр өгсөн. Олон улсын паралимпын хороо ч туслахаа илэрхийлсэн. Энэ цогцолбор байгуулагдвал нам дор газрын тамирчид манайд өндөрлөг газар ирж бэлтгэл хийнэ гэдгээ хэлсэн. Цар тахал гээд ажил удаашраад байна. Одоо хамгийн сүүлийн солилцох захидал үзэглэх л үлдсэн. Салбар яамд биш, Ерөнхий сайдын хүрээнд энэ ажлыг эцэслээсэй. Ирэх аравдугаар сард явах сураг байсан. Тэр түвшиндээ л захидлаа солилцож, хөөцөлдөөсэй. Техникийн нөхцөл, газар нь шийдэгдээсэй. Дохионы буу дуугарах л үлдлээ.

Албаны хүний хэлж буйгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолборын барилгын ажил 2022 онд эхэлж, 2024 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү байгууламж баригдвал паралимпын 10 төрлийн баг тамирчид байрлаж, бэлтгэл сургуулилалтаа хийхээс гадна олимпод өрсөлдөх тамирчид ч цугларалтад гарах боломжтой. Мөн эх орондоо гадны баг тамирчдыг хүлээн авч, туршлага солилцож, тив дэлхийн тэмцээн, уралдаан ч явуулах нөхцөл бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж