Монголд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, дельта вирусийн давлагаа эхэлсэн. Эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдэж, иргэд тусламж авч чадалгүй гэртээ амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарлаа. Эгзэгтэй энэ цаг үед Эрүүл мэндийн яамны статистик тоон мэдээлэл үнэн бодитой эсэхэд хүмүүс эргэлзэх болов. Учир нь салбар яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан хариуг мэдээлж байгаагаа зарласан. Ингэснээр өдөрт батлагдах тоон мэдээлэл буурч, 2000-аас хэтрэхгүй болов.
Монгол Улс хоногийн дата мэдээг олон улсын стандартын дагуу боловсруулж хүргэж байхаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн юм. Ингэснээр түргэвчилсэн оношлуурын хариу нь эерэг гарсан иргэдийн сорьц баталгаажиж байж хоногийн тоон мэдээнд нэгтгэгдэнэ. Дээрх дата мэдээлэл нь зөвхөн баталгаажсан сорьцын эерэг гарсан тохиолдол болохыг албаныхан мэдээлсэн юм.
Тодруулбал, улсын хэмжээнд есдүгээр сарын 20-нд 2851 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барсан. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Covid-19-ийн олон улсын статистик тоон мэдээллээр Монголд 5509 тохиолдол бүртгэгдсэн байх аж. Харин нийт батлагдсан тохиолдол 300 мянга давж, 307.878 болсон талаар ДЭМБ мэдээлжээ.
Зөрүүтэй мэдээллийн тухайд Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын олон улсын тоон статистик Монголын Эрүүл мэндийн яамнаас зөрүүтэй мэдээлэл нийтэлсэн байсан. Эрүүл мэндийн яамнаас өчигдөр (2021.09.21) мэдээллээ засч залруулах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу шинээр бүртгэгдэж буй Covid-19-ийн тоог засч байгаа гэх и-мэйл хүлээн авсан. ДЭМБ-ын албан ёсны фэйсбүүк хуудаст мэдээлэхдээ мэдээллээ тулгалгүй нийтэлсэн байна гэдэг хариу илгээсэн байна гэсэн” гэв.
Мэргэжилтний хэлсэн үг үнэн, худал эсэхийг ДЭМБ-ын олон улсын статистик мэдээллийг албан ёсны вэб сайтаас нь шалгахад Монгол Улсад есдүгээр сарын 21-нд шинээр 2543 тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралт 1059 болсон. Мөн нийт батлагдсан тохиолдлын тоо 280.735-д хүрсэн гэж тоон мэдээллээ зассан байв.
ДЭМБ-ын олон улсын статистик мэдээллээр есдүгээр сарын 17-нд Монгол Улсад 5239 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 1010-д хүрсэн. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 288734 болсон гэжээ. Харин Эрүүл мэндийн яамнаас тухайн өдөр улсын хэмжээнд 2797 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барснаар нас баралт 1010-д хүрсэн гэж мэдээлсэн.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн сүүлийн тав хоногийн статистикийг танилцуулъя.
- 2021.09.21-нд улсын хэмжээнд нийт 2543 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барснаар нас баралтын тоо 1059-д хүрэв.
- 2021.09.20-нд улсын хэмжээнд нийт 2851 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барснаар нас баралт 1046-д хүрэв.
- 2021.09.19-нд улсын хэмжээнд нийт 2777 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барснаар нас баралтын тоо 1035-д хүрэв.
- 2021.09.18-нд шинээр 2893 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барснаар нас баралтын тоо 1023-т хүрэв.
- 2021.09.17-нд улсын хэмжээнд нийт 2797 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барснаар нас баралт 1010-д хүрэв.
Холбоотой мэдээ