НЭМЭЛТ: 17.30 ЦАГ
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia Mining 2021” уул уурхай, газрын тосны үзэсгэлэн энэ жил “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” уриатайгаар өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагч болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцож байна.
“Mongolia Mining 2021” уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа хэлсэн үгэндээ “10 дахь жилдээ болж буй “Mining Mongolia” арга хэмжээнээс манай компаниуд олон шинэлэг санаа, шилдэг техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан. Цар тахлын хүнд цаг үеийг давахад төр, хувийн хэвшлийнхэнд хамтын ажиллагаа хамгаас чухал. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарын олон компани эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулаад байна. Энэхүү сорилтыг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Үүнд, тогтвортой бодлого, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчин бүрдүүлэн, зарчимтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм” гэлээ.
Түүнчлэн уул уурхайн салбарын гол асуудлын нэг бол тээвэр, ложистик болохыг онцолж, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд Монголын гурван томоохон компани хамтран чингэлэг тээврийн терминал байгуулсан нь бодлогоо тодорхойлж чадвал үр дүнтэй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бий болдгийн бодит жишээ гэж Д.Хаянхярваа онцлов.
Тэрбээр “Төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь” сэдвээр хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд илтгэл тавилаа. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид компанийн хийж хэрэгжүүлэхээр зорьж буй алхмуудын талаар танилцуулав.
“Mongolia Mining 2021” арга хэмжээ есдүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд “Буянт Ухаа спорт” цогцолборт гурван өдрийн турш үргэлжилнэ. Уг арга хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хийж, мэдээлэл өгч байна.
“MONGOLIA MINING 2021” ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР НЭЭГДЭНЭ
Монголын хамгийн том, олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн “Mongolia Mining 2021” арав дахь жилдээ өнөөдөр (2021.09.22) нээгдэж байна. Энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах тус үзэсгэлэнд тогтмол оролцогч түнш орнууд болох Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг зохион байгуулагчид мэдээллээ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлоод байсан тус үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг билээ.
Энэхүү үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулж, салбарын компаниудын илтгэл тавигддаг.
Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байгаа билээ.
Монголын уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Алтан ивээн тэтгэгч”-ээр “Жиндиншин” ХХК, “Хера Экуйпмент” ХХК, “Новел” групп, “Мөнгөн ивээн тэтгэгч”-ээр “Цбон” ХХК, “Соёолон Интэрнэшнл” ХХК, “Соёолон Инженеринг” ХХК, “Юнайтед Белаз Машинери” ХХК, Ивээн тэтгэгч банкаар Худалдаа Хөгжлийн банк ажиллаж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ