Монголд гурван хүн тутмын нэг нь 18 хүртэлх насны хүүхэд. Харамсалтай нь, өнөөдөр харгис нийгмийн золиос нь бидний үр хүүхэд болж байна. Томчуудын хэнэггүй, хайнга зангийн балгаар өдөр бүр ямар нэгэн байдлаар бяцхан зүрх зогсч, бас эрүүл мэндээрээ хохирсоор. Улсын хэмжээнд жилд 138 мянган хүн бэртэж гэмтэн, амь насаа алддагийн 30 хувь нь хүүхэд. Статистик мэдээллээр дараахь байдалтай байна.
Бүгд хий дэмий халаглахаас биш, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хараа хяналт тавих тухай хэн ч хайхарсангүй. Миний л хүүхэд өвдөж гэмтээгүй бол бусдын хүүхэд эндэж, зовж, амиа алдах нь дүүрсэн хэрэг гэсэн хувиа хичээсэн үзэл нийгэмд “бугласан”-ыг аравхан настай охин амиа алдаж нотолсон нь ердөө л жилийн өмнө. Хөл хорио, цар тахал гэж сүржигнэсэн цаг үед Сэлэнгээс Улаанбаатар хүртэл амьдрах гэж хичээсэн бас тэмцсэн.
Өвчин зовлон өөрт ирэхээс нааш хүнийх л байдаг хойно. Албан тушаалтнуудын хүнд суртлын өмнө хөөрхий охин хүчин мөхөстсөн. Хэрэв төрийн байгууллага нь уялдаа холбоотой ажиллаж, эмнэлгийнхэн хүнийрхүү зангаар хүйтэн сэтгэл гаргалгүй тусалсан бол өдийд тэр охин 11 настай, үеийнхэнтэйгээ тоглоод гүйж явах байлаа. Бас аав, ээждээ ч амьдын хагацал үзүүлэх хүртэл гашуун сургамж болж, нулимстай нь үлдээхгүй байсан биз ээ. Хүүхдүүд л болсон хойно тоглоно, гүйж харайна, унаж бэртэнэ. Гэхдээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гээд өчүүхэн шалбархайг ч тоохгүй орхиж болохгүйг аравхан настай охин амиа алдаж нотолсон. Сануулбал,
2020.11.16-19. Эмнэлгийн тусламж үзүүлэхэд 10 настай охины эцэг эхийн мэдээллээс, Арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө гэсэн учир Баянгол (Баруунхараа) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовиур намдсан боловч унтаадуу, унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. Арваннэгдүгээр сарын 19-нд өглөө босохдоо толгой өвдлөө гэсэн, бөөлжсөн. Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 20-нд мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, хүүхдийг зөөвөрлөж огт болохгүй тухай хэлсэн ч Улаанбаатар руу эцэг, эх нь зөөвөрлөсөн байдаг.
Охины ээж Х.Ураннавч “Мандал сумын эмнэлэгт миний охин очихдоо алхаж чадахгүй болж, “Тархины цус харвалт байж магадгүй” гэсэн онош гарч, нугасны ус аваад, Улаанбаатар хот руу явуулахаар болсон. 22-ын товчоон дээр очиход “Голомттой бүсээс ирсэн тул эмнэлэг хүлээж авахгүй" гээд биднийг гурван цаг орчим хот руу оруулаагүй. Хүүхдийн маань аппаратны хүчилтөрөгч дуусах гээд байсан учир бид арга ядаад Зүүнхараа руу буцахаар болсон. ЭХЭМҮТ рүү олон хүн хэл дуулгаж байж арай гэж охиныг минь нийслэл рүү оруулахаар болсон” гэж хэвлэлд ярилцлага өгч байв. Охин эмнэлэгт хэвтээд удалгүй арваннэгдүгээр сарын 25-нд амь насаа алдсан юм.
Талийгаач охин Н-тэй адил маш олон хүүхэд энх цагт эндсээр. Бас эрүүл мэндээрээ хохирч байна. Дөнгөж нэг ой найман сартай хүү ах, эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ын өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч өнөөдөр тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнхэн нь хандивын аян эхлүүлээд байгаа юм.
Хүүгийн аав Б.Баяртүшиг “Гурван хүүхэд маань ээжтэйгээ хамт гэртээ байсан. Тухайн үед ээж нь гал тогооны өрөөнд хоол хийж, бага хүү маань буйдангаас унаж, дээшээ харсан байдалтай уйлаад хэвтэж байсан юм билээ. Эхнэр маань хүүг тэвэрч, миний хүү тайвшраад унтсан. Хүү маань 30 минут орчим унтаад сэрэхдээ маш хүчтэй орилж уйлаад, бөөлжсөн гэсэн. Бид гурав ахынхаа хамт эмнэлэг явахаар болж, энэ дашрамд түргэн дуудсан. Гэрээс гараад явж байхад өөдөөс түргэн ирж, үзүүлсэн. Гэтэл хүүг минь зүгээр толгой нь хөдөлсөн байна, бариач олоод, бариулахыг зөвлөсөн. Дүүргийн эмч нар хүүг минь хурдан оношилж, хүүгийн биеийн байдал маш хүнд байна, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд оч гэж хэлсэн. Гэвч гэмтлийн эмч нар биднийг хугацаа алдсан тул яаралтай хагалгаанд оруулахаар болсныг дуулгасан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хүүг БНСУ-д эмчлүүлэхэд ойролцоогоор 800-900 сая шаардлагатай байгаа аж.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж буйгаар, эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулах нь хүүхдийн ослын гол шалтгаан болжээ. Савлуураас унахдаа толгойгоо гэмтээгээд нас барсан харамсалтай тохиолдол гарсныг ч эмч нар хэлж байгаа юм. Тус төвд эмнэлгийн тусламж авч буй гурван хүүхэд тутмын нэг нь хүүхэд байна.
Осол гэмтлийн дийлэнх хувийг уналт эзэлдэг байна. Тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболд “16 хүртэл насны хүүхдийн бэртэл гэмтэл их байна. Эмнэлгийн тусламж авч буй хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байгаа юм. Улирлаас хамаарахгүй гэмтлийн тэргүүлэх шалтгааныг уналт эзэлдэг. Хүүхдийн бэртэл гэмтэл наснаасаа хамаарч харилцан адилгүй. Бага насны 0-4 насны хүүхэд ахуйн хүрээнд ор, шатнаас унах, түлэгдэх, тавилгад даруулах гэх мэт эцэг, эхийн хараа хяналт хэсэг сулрах үед, болгоомжгүй байдлын улмаас бэртдэг. Харин 5-аас дээш насны хүүхдүүд харьцангуй бие дааж эхэлдэг тул эцэг, эхийн хараа хяналт суларч тоглоомын талбай, авто зам дээр бэртэх, нохойд хазуулах зэрэг гэмтэл авдаг. Ерөнхийдөө асран хамгаалагчдын хараа хяналт суларснаас болж хүүхэд бэртэж гэмтэж байна” гэсэн юм.
Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж хоногт 60-70 хүүхэд гэртээ ахуйн осолд өртдөг байна. Шалтгаан нь үрсээ тоодоггүй эцэг, эхчүүд. Ихэнхдээ л ажлын зав гарахгүй байна, харах хүн байхгүй зэрэг шалтгаанаар хүүхдээ хараа хяналтгүй орхиж, эрсдэлд оруулдаг нь нийтлэг алдаа гэхэд хилсдэхгүй. Өчүүхэн төдий анхаарлаа сулруулж, хайнга загнахад ямар их эрсдэл дагуулдагийг онцгойлон анхаарах шаардлагатай юм. Энхрий үрс маань хэдий болтол бяцхан биеэрээ хариуцлагыг мэдрүүлэх вэ?
Холбоотой мэдээ