Зах зээлийн өрсөлдөөнд хүч түрэн гарч ирж буй, Монголын анхны гар утас “Hulan 21 plus” өчигдөр (2021.09.21) нээлтээ хийлээ. Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын төдийгүй гаднын зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Импортын бүтээгдэхүүний шинэ загварыг хүлээж, худалдан авалт хийдэг үе ард хоцорч, “Эхлэл”-ийн залуусын шинэ бүтээлийг гар дээрээ авах боломж бүрдлээ. Зорьж чадвал хийж, төлөвлөгөөтэй ажиллавал бүтээж болдгийн бодит жишээ бол “Hulan 21” гар утас юм.
2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийг бэлгэшээж, анхны гар утасныхаа нээлтийг хийж буй тус компанийн залуус бүгд шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж байна. Тиймдээ ч шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авч байгаа залуус танилцуулгаа итгэл төгс хийж, хэрэглэгчийн гарт хүргэхэд бэлэн болжээ.
АШГААС ИЛҮҮ УХААЛАГ УТАС ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭХ “НОУ-ХАУ”-Г СУДАЛЖ МЭДЭХ ЧУХАЛ БАЙЛАА
“EHLEL” БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.БАТЗАЯА:
-Сүүлийн есөн сарын турш гар утасны хөгжүүлэлт дээр ажиллалаа. Энэ бүтээн байгуулалтын өгч буй хамгийн том өгөөж бол гар утсыг дотоодод үйлдвэрлэх туршлага. Ухаалаг утас гэж юу болох, түүнийг үйлдвэрлэх үе шатууд хэрхэн өрнөдөг төдийгүй лицензийн асуудал, үйлдлийн систем гээд дурдаад байвал олон зүйлийг сурч, мэдсэн сарууд байлаа. Ухаалаг утас үйлдвэрлэх арга ухаан болох “Ноу-Хау”-г мэдэж, эх орондоо нутагшуулсан нь хамгийн том амжилт байлаа.
Бэрхшээл олон байсан. Түүхий эдээс эхлээд дотоодын түүхий эдийг 20 хувьд барина гэсэн амлалтдаа хүрэхийн тулд олон зүйлийг судалж, мэдэж авсан. Хоёрдугаарт, ухаалаг утасны хувьд хөгжүүлэлт чухал гэдгийг мэдэж авлаа. Импортын бусад бүтээгдэхүүнээс юугаар ялгарч, ямар онцлог гаргаж ирэх вэ? гэдгийг олж, гаргаж ирэхийн тулд зүтгэсэн. “Hulan 21” гар утсыг дэлхийн аль ч улс оронд ашиглах боломжтой. Ухаалаг утасны зах зээлд монгол брэнд өрсөлдөх боломжтойг харуулж байгаадаа баяртай байна. Дараа дараагийн загвар болох “Hulan 22, 23” дэлхийд өрсөлдөх үүд нээлттэй гэж харж байна.
Үнэ, үзүүлэлтийн хувьд хэрэглэгчдэд маш таатай нөхцөл санал болгож байна. Нэг утас авснаар олон төрлийн урамшууллын эрхийн бичиг, брэндийн бусад бүтээгдэхүүн дагалдуулан авч байгаа нь давуу тал. Энэ бол "Биднийг дэмжсэнд баярлалаа, цаашид илүү ихийг хийнэ" гэсэн амлалт. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шатанд захиалга бараг дүүрсэн. Итгэл хүлээлгэж, дэмжиж байгаа хүмүүстээ, шаргуу ажиллаж байгаа хамт олондоо баярлалаа.
Үйлдвэрийн хүчин чадлын тухайд сард 2000 гаруй ухаалаг утас үйлдвэрлэх боломжтой ажээ. Тэд өндөр зардлаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээсээ эхний ээлжинд ашиг харахаас илүүтэй зах зээлд өрсөлдөгч болохыг чухалчилж байгаагаа хэлсэн юм.
Япон, Солонгос, Герман гээд технологиороо танигдсан брэндтэй улс орнууд шиг Монгол Улс ч мөн “Hulan 21” гар утсаар танигдах боломжтой гэж харж байгаа нь “Ehlel” брэндийн бүтээлч залуусын хамгийн том ялгарах онцлог болжээ.
БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ ГЭДГИЙН БОДИТ ЖИШЭЭГ “ЭХЛЭЛ”-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХАРУУЛЖ БАЙНА
“Hulan 21” утсыг эхний ээлжид 5000 ширхэг үйлдвэрлэхээр болсон бөгөөд одоогоор 4300 гаруй хэрэглэгч урьдчилсан захиалга өгсөн. Захиалагчдын гарт бүтээгдэхүүнийг 20 хоногт багтааж хүргэхээр төлөвлөж буй аж. Тус гар утасны онцлог давуу талыг дурдвал маш их. Үүнээс гадна үнэ ханш нь иргэдэд тун боломжийн санагдаж байгааг нээлтийн үеэр зорин ирсэн хэрэглэгчид хэлж байлаа. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, хийц өөр байдаг төдийгүй импортыг орлож, эдийн засгийн эргэлтийг дотооддоо бий болгож байгаа нь хүмүүст таалагдаж байна гэсэн юм.
“Ehlel” брэндийн үйлдвэрлэж буй ухаалаг утасны хувьд Монголыг дэлхийн бусад улс оронд таниулах, сурталчлахаас гадна бас нэгэн давуу тал нь “GOOGLE”-ээс албан ёсоор лиценз авсан бүх “Android” утсуудын жагсаалтад орсон явдал.
Тодруулбал, Монгол Улсаас анх удаа монгол брэндийн утасны нэр албан ёсоор тус жагсаалтад оржээ. Та бүхэн E үсгэн дээрээс “Ehlel” гэж хайж үзэхэд шууд гарч ирэх юм. (GOOGLE ANDROID API /World all devices/)
Шалгах линк: https://storage.googleapis.com/pla…/supported_devices.html
“Hulan 21”-ийн өвөрмөц, давуу талуудаас дурдвал:
- Монгол хэл дээр бүрэн ашиглах боломжтой (23568 үг Монголоор хөрвүүлэгдсэн)
- Үйлдлийн систем Android 11 (хамгийн сүүлийн үеийн Version)
- Баттерей 5400mAh (цэнэгээ удаан барина)
- Зураг дарахад зурагны баруун доод буланд “Hulan21 Plus” гэж гарч ирэх боломжтой
- Хамгийн их хэрэглэгддэг аппликэйшнууд утсан дээр суусан
- Дуудлага, сэрүүлгийн ая, дэлгэцийн зургууд гээд бүгд танд монгол шинэлэг зүйлийг сонсгож, харуулах зэрэг боломжтой.
“EHLEL” КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ Ж.БАТСҮХ:
-Монгол технологийн бүтээгдэхүүн бий болгоно гэдэг маш том зорилго, их хүч хөдөлмөр шаардсан ажил. Үүнийг “Ehlel” брэндийн залуус маш амжилттай гүйцэтгэж чадлаа. Хийж чадна гэсэн итгэлээс аливаа ажил хэрэг бүтэх эхлэлээ тавьдаг. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний “Hulan 21” гар утсыг бүтээсэн "Ehlel"-ийн инженер, техник, удирдлагын баг хамт олонд халуун баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа. Бүтээлч залуусын хөдөлмөрийн дүнд монголчууд өнөөдөр өөрийн эх оронд үйлдвэрлэсэн гар утсыг хэрэглэх боломжтой боллоо. Чанар хамгийн чухал учир бид энэ баг хамт олныг дэмжиж ажиллаж буйдаа сэтгэл өндөр байна. Бодол биеллээ олдог гэдгийг манай залуусын бүтээл харуулж байна.
ТУС КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.ЧИНБИЛЭГ:
-Технологийн салбарыг эх орондоо хөгжүүлэх эхлэлийг тавьсан баг хамт олонд халуун баяр хүргэе. Нэрэндээ тохирч, уриандаа хүрч ажиллахыг эрхэм зорилго болгосон учир эдгээр залуусын бүтээл дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд үйлдвэрлэгдэж байна. Анхдагч байхын тухайд манлайлах, уриалах, тэргүүлэх гээд олон үүрэг, хариуцлагыг даах хэрэгтэй. Тэдгээрийг болоод үйлдвэрлэлээ тасралтгүй хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгаа залууст амжилт хүсэх нь зүйн хэрэг. Монголчууд нэг нэгнийхээ дэмээр өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадлаа. “Hulan 21” төслийн багийнхан "Ehlel" брэндээр хэзээд овоглоно. Хэдийгээр өнөөдрийн үйлдвэрлэл тооны хязгаартай байгаа ч цаашид илүү олон бүтээлийг хэрэглэгчийн гарт хүргэхээр ханцуй шамлан ажиллах болно. "Ehlel"-ийн бүтээгдэхүүн бүх монголчуудын хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байна.
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНД МОНГОЛ БРЕНДЭЭ ТАНИУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
“HULAN 21” ГАР УТАСНЫ АНХНЫ ХЭРЭГЛЭГЧ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ:
-Аливаа зүйлийн анхдагч болж эхлэлийг тавина гэдэг бол том сорилт. Манай багш хэлдэг. Битүү цасан хунгар дундуур зам гаргаж явах, эсвэл гаргасан мөрөөр явахын аль нь хэцүү болох талаар үргэлж ярьдаг. Яг л үүнтэй адилаар монгол залуус технологийн хөгжлийг эх орондоо бий болгож, бүтээж чадлаа. Энэ бол амжилт, бахархахгүй байхын аргагүй. "Ehlel" брэндийн хамт олны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тамирчид олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход гар утасны хувьд гологдох тохиолдол олон гардаг. Харин одооноос эх орныхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнээр олон улсад гангарч, сурталчлах боломжтой боллоо.
Технологийн үйлдвэрлэлийг тэргүүлж, анхдагч байсаар ирсэн “Ehlel” брэндийн залуусын үйл ажиллагаа цаашид илүү өргөн хүрээг хамрах аж. Тиймдээ ч зах зээл дээрх өрсөлдөөнийг чухалчилж, импортын бүтээгдэхүүнээс ялгарах үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна. "Ehlel"-ийн бүтээж хэрэглэгчдэдээ хүргэж буй “Hulan 21 Plus” утас нь зөвхөн “Ehlel” брэндийн үйл ажиллагаагаар та бүхэнд хүрч байгаа бус, аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажилласан хамтын хүчээр та бүхэнд хүрч байгаагаараа онцлог. Бүтээгдэхүүнд сав баглаа боодлын үйлдвэрлэл, хэвлэлийн үйл ажиллагаа, хэрэглэгчдэд хүрэх хүргэлт үйлчилгээ, төлбөрийн арга хэрэгсэл буюу зээл лизингийн үйлчилгээ гээд олон зүйл нэгдэж, цогц бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа аж.
Холбоотой мэдээ