Монгол Улсын хэмжээнд Covid-19 цар тахлын улмаас 1059 хүн өөд боллоо. Гэтэл цар тахлын үед хэрэгжүүлэх оновчтой менежментийг одоо хүртэл олоогүй байгаа Эрүүл мэндийн яам, төр засгаас иргэд бурууг хайж байна. Учир нь халдварын тархалт нэмэгдэж, мутацид орсон хувилбараар өвчлөх тохиолдлын тоо өссөөр байхад дорвитой арга хэмжээ аваагүй байгаа юм. Хэрэв өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрдэмтдийн зөвлөл, Улсын онцгой комисс салбар яам нь асуудалд бодитой хандсан бол эндэх, өвчлөх хүмүүсийн тоо өсөхгүй байх байв.
Өдөр бүр тогтмол 10-аас дээш хүн Covid-19-өөр нас барж байна. Эдгээр тохиолдлын тоонд гэрийн нас баралтыг тооцож байгаа эсэх болон ямар тохиолдолд Covid-19-өөс хамаарч гэртээ нас барсан гэж үзэж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД АНГИЛАЛД БАГТАЖ БАЙНА
-Орны хүрэлцээнээс хамаарсан асуудал нийслэл төдийгүй орон нутагт тулгамдаж байна. Covid-19-ийн үед төр болон хувийн хэвшлийн ор дэлгэсэн эмнэлгүүд бүгд л байгаа нөөц боломжоороо ажиллаж байна. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг биеийн байдлаар нь авч үзвэл ихэнх хүн Covid-19-ийн хүндээс дээш буюу маш хүнд шинж тэмдэгтэй ангилалтай. Тэдгээрээс бид хэнийг нь ч "Таныг хүлээж авах боломжгүй" гэж явуулахгүй.
Хүнд хүмүүсээ 100 хувь эмнэлэгт хэвтүүлж эмчлэх боломж өдөр ирэх бүр буурч, аль аль талдаа хүндрэлтэй зүйлс гарч байна. Маш хүнд хүмүүсийн эмчилгээнд шаардагдах хугацаа уртасч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй иргэдийн дугаарлалт үүссэн.
Батлагдсан тохиолдол, түүний хавьтал болсон иргэдийг олж тогтоох, бүртгэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ улам хүндрэлтэй байдалд орсон. Улсын чанартай 50 гаруй эмнэлэг, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 271, нийт 56 мянган ажилчин өдөр, шөнөгүй зүтгэж байна. Цар тахлын үе хэдий ч бүх эмнэлэг шаардлагатай бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
ЭНЭ САРД COVID-19-ӨӨС ШАЛТГААЛСАН ГЭРИЙН НАС БАРАЛТЫН 9 ТОХИОЛДОЛ БАТЛАГДСАН
Есдүгээр сард Covid-19-өөс шалтгаалсан гэрийн нас баралтын есөн тохиолдол одоогоор батлагдаад байна. Гэрийн нас баралтыг дотор нь хоёр ангилж байна. Нэгдүгээрт, ар гэр нь хүсэлт гаргаад, хүнд болон маш хүнд өвдсөн, хавсарсан суурь өвчтэй хүмүүсийг эмнэлгээс гаргаж байна. Хоёрдугаарт, архаг, хууч өвчтэй учир өөрсдийн хүсэлтээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй байгаа хүмүүс. Эдгээр хүмүүс гэртээ нас барсан тохиолдолд 100 хувь Covid-19-өөс шалтгаалсан нас баралтад тооцох боломжгүй. Учир нь хавсарсан өвчлөлтэй гэж үзэж байгаа юм. Харин ямар нэгэн суурь өвчингүй, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс нас барсан тохиолдолд түүний нөхцөл байдлын дүгнэлтийг харгалзаж, гэрийн нас баралтад тооцдог. Ингэхдээ Covid-19-өөс хамаарч нас барсан уу гэдгийг тогтоож байж тохиолдлын тоонд оруулдаг.
Есдүгээр сарын 20-ны байдлаар дээрх есөн тохиолдлын дөрвөн сорьцод 100 хувь Covid-19-өөс шалтгаалсан гэдэг онош тавигдсан. Эмгэг судлалын зөвлөлөөс үлдсэн тавынх нь нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
COVID-19-ӨӨС ШАЛТГААЛЖ ГЭРТЭЭ НАС БАРАГСДЫН ИХЭНХ НЬ 60-ААС ДЭЭШ НАСНЫХАН
Covid-19-тэй иргэн шинжилгээний цэг дээр, ажлын байран дээрээ гэнэт өөд болжээ гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсан. Тэдгээр хүмүүсийг нас барахад хүргэсэн хүчин зүйл нь халдвар байсан эсэхийг тогтоохоор Шүүх шинжилгээний хүрээлэн ажиллаж байна. Эдгээр тохиолдлын шалтгаан баталгаажаагүй учир гэрийн нас баралтад тооцохгүй.
Энэ оны долдугаар сарын 18-наас өмнө бүртгэгдсэн бүх нас баралтад дүн шинжилгээ хийх эмгэг судлалын зөвлөл ажиллуулсан. Тус зөвлөлийн шинжилгээгээр халдвартай байсан, гэхдээ нас баралтын шалтгаан халдвар байгаагүй 70 гаруй тохиолдлыг илрүүлсэн.
Гол нь хорт хавдар, гэмтэл, харвалт болон бусад өвчний хүндрэлээр нас барсан нь тогтоогдсон. Насны бүлгийн хувьд 60-аас дээш насны иргэд гэрийн нас баралтад бүртгэгдээд байна. Цаашид ч мөн Covid-19-өөс шалтгаалж гэрийн нас баралт бүртгэгдвэл Эмгэг судлалын зөвлөл холбогдох газруудаас шалтгаан нөхцөлийг тодруулж, иргэдэд цаг тухайд нь мэдээлэх болно.
Холбоотой мэдээ