Сурвалжлага: Аутизмтай хүүхдүүд энгийн сургуульд суралцах эрхтэй | News.MN

Сурвалжлага: Аутизмтай хүүхдүүд энгийн сургуульд суралцах эрхтэй

Сурвалжлага: Аутизмтай хүүхдүүд энгийн сургуульд суралцах эрхтэй

Сурвалжлага: Аутизмтай хүүхдүүд энгийн сургуульд суралцах эрхтэй

-Миний хүү аутизмын хамгийн хөнгөн хэлбэрээр оношлогдсон. Цэцэрлэгийн багш нь бусад хүүхдүүдээс өөр болохыг хэлж байсан ч сургаж чадахүй гэж байгаагүй. Хүү маань Сүхбаатар дүүргийн 50 дугаар сургуульд  суралцдаг. Сургуулийн удирдлага, багш, анги хамт олонд нь талархаж байна. Аутизмтай хүүхдээ энгийн сургуульд явуулах нь ихэнх эцэг, эхчүүдийн мөрөөдөл гэж  Л.Золбаяр ярилаа.  Тус сургуулийн бага, дунд ангид аутизмтай хүүхдүүд суралцдаг бөгөөд сурагчид эцэг эхчүүдээс нь сөрөг хандлага гаргаж байгаагүй аж.

50 дугаар сургуулийн багш “Аутизмтай хүүхдүүдийн хувьд тэр болгон ажиглагдахгүй ч  хааяа гэнэт уурлахаараа чангаар хашгирах  эсвэл гомдохоороо хүүхдүүдийн өмнө уйлах тохиолдол гардаг. Анхандаа хэцүү байсан. Гэхдээ байдал өөр болсон. Хүүхдүүд хоорондоо дасаад, эцэг, эхчүүд ойлгодог болсон. Энгийн сургуульд явснаар аутизмтай хүүхэд хэл яриа нь сайжирч, ахиц гарч байна. Нийгмийн харилцаанд орохоор хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл хүртэл өөрчлөгдсөн. Аав, ээжүүдийнх нь сэтгэл санаа дээрддэг, сайжирдаг. Өмнө нь хүүхдээ дагуулаад тусгай сургууль руу ордог байсан бол одоо энгийн сургуульд ордог болсон” гэв.

“Бид аутизмыг нийгмээрээ эмчилнэ. Түүнээс эмээр эмчилдэг байсан бол аль хэдийнэ эмчилчихсэн байгаа шүү дээ. Тэдэнд чадвар бий. Тиймээс түүнийг нь хэрхэн хөгжүүлэх, нийгэмшүүлэх тал дээр  боловсролын салбар ажиллах хэрэгтэй” талаар хүүхдийн сэтгэцийн эмч Д.Энхтуяа онцолжээ.

Нэгэн үеэ бодвол хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн зовлон бэрхшээлийг ойлгодог болсон сайшаалтай. Гэвч тэдгээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар байна.

Тодруулбал, саяхан Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль энэ жил нэгдүгээр ангид элссэн аутизмтай хүүг сургахаас татгалзжээ. Хүү хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд Сэтгэц судлалын үндэсний төвөөс “Заавал тусгай сургуульд сургах шаардлагагүй. Энгийн хүүхдүүдтэй хамт сурах боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тэрбээр  27 дугаар цэцэрлэгт хоёр жил суралцсан бөгөөд цагаан толгойн бүх үсгээ уншиж чаддаг, англи хэлний 26 үсгийг цээжилсэн, ой тогтоолт сайтай болохыг ээж нь тодорхойлжээ.

АУТИЗМТАЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ

-Би реклам хараад, хүүхдээ ганцаарчилсан сургалттай цэцэрлэгт өгөхөөр шийдсэн. Ингээд багштай нь уулзаад, хүүхдийнхээ онцлогийг тайлбарлаж өгөхөд "Зүгээр дээ. Та төлбөрөө төлөөд, маргааш аваад ирээрэй" гэсэн.  Үүнийг сонсоод хүү бид хоёр бөөн баяр, дэлгүүрээр явж унтлагын хувцас, углааш аваад явж байтал эргээд утсаар яриад  "Эгч ээ, би буруу ойлгуулсан байна. Таны хүүхдийг авах боломжгүй гэж манай захирал хэллээ. Учир нь бид сургагдсан багш нар биш. Яах гэж ийм хүүхэд авна гэсэн юм бэ гээд захиралдаа баахан загнууллаа" гэсэн. Үүнийг сонсоод уйлмаар болсон тухайгаа нэгэн ээж бичжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2019 оны А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харъяа дүүргийн сургуульд суралцах боломж нээгдсэн билээ. Гэсэн ч дээрх журмын хэрэгжилт бодит амьдрал дээр хангалтгүй байна. Үүний гол шалтгаан нь аутизмтай хүүхэдтэй ажиллах багш нарын хомсдол юм. 

Барууны орнуудад дэмжигч багш буюу туслах багш нар хүүхдэд ганцаарчилсан сургалт өгдөг гэнэ. Анхаарал шаардсан, багшийн тус хэрэгтэй болсон үед дэмжлэгийн өрөөг ашигладаг аж. Тухайлбал, хичээлийн цагаар багш 30 хүүхдэд зааварчилгаа өглөө гэхэд аутизмтай хүүхэд анхаарахгүй өнгөрөх магадлалтай. Тэр үед дэмжигч багш хичэээлээ ойлгоход нь туслахаас гадна ангийнхантайгаа харьцахад нь туслах гүүр болдог аж. 

Багшлах боловсон хүчин бэлтгэдэг МУБИС төгсөгчдөдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил, ур чадварыг хангалтгүй зааж байгаа нь нууц биш. Хоёрхон кредит цагт тусгай хэрэгцээт боловсролын хичээлээр сонсгол, харааны бэрхшээл, дауны хам шинж, аутизмын талаар ойлгож суралцахад хэцүү. Энэ талаар сайн суралцаагүй багш ажлын байран дээр гараад бусадтай харилцахаас айдаг, зайлсхийдэг аж. Үнэнд би энэ хүүхдэд хичээл зааж чадахгүй гэж байгаа багш сургуулийн захиргаа тэднийг гадуурхаж, ялгаварлаж байгаагаас ялгаагүй юм.

УЛСЫН, ЭСВЭЛ ХУВИЙН СУРГУУЛЬД ЯВУУЛЪЯ ГЭХЭЭР ЯЛГАВАРЛАХ БАЙДАЛ ГАРДАГ

Монголын Аутизмын холбооны тэргүүн А.АМАРБУЯН:

-Аутизм олон төрөл. Нийтлэг шинжүүд бий. Хүнд хөнгөнөөсөө шалтгаалан сургуульд явах эсэх нь хамаардаг. Сууж чаддаг, тодорхой хэмжээнд суралцах чадамжтай нь сургуульд явж байна. Маш хүнд хэлбэрийн аутизмтай, эсвэл багадаа ямар ч тусламж дэмжлэг авч байгаагүй, онош нь хоцорсон зэрэг шалтгаанаар зарим нь гэртээ үлддэг. Сургуулийн насны аутизмтай хүүхдээс 20 хувь нь  боловсролын үйлчилгээ авч байна. Ихэнх нь тусгай сургуульд сурдаг.

Цөөн тооны хөнгөн хүүхдээ улсын, эсвэл хувийн сургуульд явуулъя гэхээр ялгаварлах хандлага багагүй гардаг. Тиймээс эцэг, эхчүүд “Хүүхдээ ингэж зовоож байхаар гэртээ өөрсдөө харъя, эсвэл тусгай сургуульд явуулъя” гэдэг.

Тусгай сургуулийн сургалт аутизмтай хүүхдэд 100 хувь таарч байгаадаа биш, “Арай илүү ойлгох юм даа” гэдэгтээ байна. Ядаж багш нар нь боломжгүй зүйл хүүхдээс шаардахгүй. Жишээ нь, энгийн сургуулийн тавдугаар ангийн хүүхдээс тавдугаар ангид эзэмшсэн байх боловсрол шаардаж болно. Харин тусгай сургуулийн тавдугаар ангийн хүүхдийн хүлээж авах чадвар өөр учраас заавал ийм байх ёстой гэж шаарддаггүй. Хүүхдийг хэвэнд цутгахыг шаарддаггүйгээрээ тусгай сургуулийн сургалт ялгардаг. Гурвалжинд гурвалжин, дөрвөлжинд дөрвөлжинг нь хийдэг модон тоглоом байдаг даа. Яг тийм загвараар багш нар “Энэ хүүхэд гурвалжин дотор багтах ёстой” гэж хараад байдаг. Хүүхэд бөөрөнхий байж болно. Гурвалжинд чихэхийн оронд бөөрөнхий хэвийг нь багш гаргаж өгөх ёстой.

МЭРГЭЖЛИЙН ОЙЛГОЛТ АВААГҮЙ БАГШ НАРЫГ БУРУУТГАХ АРГАГҮЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга, хүүхдийн хөгжлийн зөвлөх С.БАТХИШИГ:

-Бүх хүүхэд өөртөө тохирсон боловсролын үйлчилгээ авах эрхтэй. Өөртөө тохирсон гэдэг нь тухайн хүүхдийн одоо байгаа хөгжлийн бодит байдал дээр үндэслэн цаашид ямар чадварыг нь хөгжүүлбэл энэ хүүхдэд ирээдүйд бие даан амьдрах боломж бүрдэх вэ гэдгийг үнэлж чаддаг, тэрэнд нь тохируулан боловсролын агуулгаа гаргаж чаддаг газарт хүүхэд суралцахыг өөртөө тохирсон боловсрол авах эрх гэдэг.

Энэ нь тусгай хэрэгцээт боловсролын үзэл санааны нэг. Тухайлбал, эцэг эх гэрийнхээ хажуугийн хамрах тойргийн сургуульдаа хүүхдээ сургамаар байгаа тохиолдолд тухайн сургууль хүүхдэд тохирсон боловсролын үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн.

Хуучин цаг шиг ангийн 40 хүүхдэд нэг хөтөлбөрөөр явж, хоцорсон хүүхдэдээ бүх хичээлээ нөхөх гэж зүдэрдэг ойлголтоор одоогийн хүүхдүүдэд хандаж болохгүйг багш нар, захирлууд сайн ойлгох хэрэгтэй. Яг энэ хуучны ойлголтоор л таны хүүхдийг сургуульд авахгүй гэвэл буруу юм.

Харин ямар арга зүйгээр, ямар хөтөлбөрөөр явбал хүүхэд, эцэг эх, багш нарын аль аль талд зөв сургалтын үйл ажиллагаа болох вэ гэдгийг судлах, олон улсын туршлага нэвтрүүлэх шаардлагатай. Бид олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хангалттай хэрэгжүүлж ирсэн. Орон даяар бүх сургуульд энэ шинэ арга зүй туршлагыг яаралтай нэвтрүүлэх нь бидний өмнө тулгамдсан асуудал болоод байна. Түүнээс биш арга зүй байхгүй, тодорхой мэргэжлийн ойлголт аваагүй багш нарыг буруутгах аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авсан ерөнхий боловсролын сургуулиуд тухайн хүүхдэд зориулсан "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө" гарган ажиллах шаардлагатай. Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ л тохирсон хөтөлбөртэй сургууль сонгох нь зөв болов уу. Хүүхдийг ойлгох л газар бол ЕБС, тусгай сургууль, хүүхдийн хөгжлийн төвүүдийн аль нь ч бай боловсрол авч буй хэлбэр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-22 185.220.101.37

******** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-22 103.212.119.205

https://newspress.mn/v1/p/news/945
Энэ ярилцлагаас замбараагүй байдлаар иш татаж авсан байна.

Avatar

Зочин 2021-09-22 103.80.210.183

өөрсдөө буруу байж буруу гарын хүмүүст ийм хүүхэд илгээж тарыг нь таниулах гэж байхад өөрсдөө наад хүүхдээ малла. чадахгүй бол устгаад дараагийн үйлээ хүлээ.

Avatar

A 2021-09-22 106.129.21.197

Баас

Avatar

Зочин 2021-09-22 192.82.76.26

Манай хүүхэд хөнгөн хэлбэрийн аутизмтай улсын сургуульд явдаг. Бусад хүүхдүүдээсээ хичээл нь хоцроод байдаг. Багшид нь бас хэцүү л байдаг байх. Гэнэт муухай орилно. Хажууд суугаа хүүхдээ зодно. Хичээл дундуур ганцаараа анги дундуур явна. Бусад эцэг эхчүүдийг ойлгоосой л гэж хүсэх юм даа.

Avatar

Зочин 2021-09-22 68.145.61.75

Gadaadad hundhelberiin iim huuhded 3 bagsh ajilladag Neg huuhed deer hel yaria hogjuuleh biyeiin hodolgoon hogjuuleh emcnilgee geed 3 hun odorjin ajilladag Tusgai dotuur bairtai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж