Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болоод 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон Файзер вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.
Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Сингапур зэрэг орнууд нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж. Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой. Харин коронавируст халдвараар огт өвчлөөгүй иргэд нэг болон хоёр тунгийн вакцинжуулалтад хамрагдсанаас хойш гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэйг НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа онцолж байв.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Оюунчимэг “Манай хорооны вакцинжуулалтын цэгт ирж буй иргэдийн 70 хувь нь нэмэлт гурав дахь тундаа хамрагдаж байгаа бөгөөд дийлэнх нь залуучууд байна. Вакцин хийлгэсний дараа гурван хоногтоо вакцин хийсэн газар нь хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ. Тиймээс тус хэсэгтээ хүрч болохгүй, хүйтэн жин тавихгүй, ямар нэг тос түрхэхгүй, хөндөхгүй байх хэрэгтэй. Халуун, бүлээн шингэн зүйл сайн ууж, дулаан хувцаслан, сайтар унтаж амрах шаардлагатай” хэмээн зөвлөж байлаа. Тус хорооны өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын нөөц хүрэлцээтэй байгаа бөгөөд вакцины цэг дээр хороо хороогоороо ээлжлэн, хоёр хоногийн давтамжтай ажиллаж байна. Вакцинаа хийлгэхээр ирсэн иргэд дархлаагаа дэмжихийн тулд бүх тундаа хамрагдахыг уриалж байлаа.
Нийслэлийн хэмжээнд 49 цэгээр 60 баг нэмэлт тунгийн вакцинжуулалтыг хийж байна. Вакцинжуулалтын цэгийн мэдээллийг “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон Эрүүл мэндийн яам, УОК-ын цахим хуудаснуудаар дамжуулан тогтмол мэдээлж байгаа юм. Иймд иргэн та өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандан, дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ