Солонгос улсаар аялцгаая (Үлсан хот & Өмнөд Кёнсан муж)

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

Солонгос улсаар аялцгаая (Үлсан хот & Өмнөд Кёнсан муж)

Солонгосын зүүн эргийн газар нутагт хамаарах Өмнөд Кёнсан муж бол далайн эргийн үзэсгэлэнт газруудаараа алдартай муж юм. Тэдгээр үзэсгэлэнт газруудын нэг бол далайн эргийн дагуу орших Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд олон жижиг арлуудыг тойрсон усан аялал зохион байгуулагддагаараа алдартай.

Мөн далайн эргийн дагуу орших Үлсан, Кожэ зэрэг хотуудаар аялахад ер бусын үзэсгэлэнтэй дүр зургийг камерынхаа дуранд буулгах боломжтой. Эдгээр хотууд нь Солонгос улсын аж үйлдвэрлэлийн томоохон бүс нутгуудад тооцогддог байна.


Тонён агаарын дүүжин замын аялал

Энэхүү агаарын дүүжин замын аялал нь Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дээрээс нь сонирхох ер бусын мартагдашгүй аяллын дурсамжийг үлдээх болно. Агаарын дүүжин зам Мирыг уулын бэлд хүрээд шилэн гүүр болон 5 зүгт байрлуулсан тусгай цэгээр үргэлжлэх бөгөөд эндээс орчин тойрны байгалийн үзэсгэлэнг илүү тухлан харах боломжтой.


Дунпиран ханан зургийн тосгон

Дунпиран буюу “зүүн эргийн хадан цохио” гэсэн утга бүхий нэртэй энэхүү тосгон нь далай руу харсан, үзэгдэх орчин сайтай толгод дээр оршдог. Барилгуудын гадна ханан дээр зурсан уран бүтээлүүд тосгоны өнгө төрхийг засаж, зураг авахуулахад нэн тохиромжтой нөхцлийг бүрдүүлж өгдөг.


Скайлайн чарга

Лүж буюу тобогган чарга бол хөдөлгүүргүй уруу зассан зам дээр хүндийн жингээрээ гулгах зориулалттай чарга юм. Сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар чаргыг жолоодоход тун эвтэйхэн болгож өгсөн бөгөөд энд жолоочийн ур чадварыг сорих олон төрлийн бартаат зам бий.


Вэду ботаникийн хүрээлэн

Кожэ арлаас 4 км-ын зайд орших Вэ арал дээрх энэхүү цэцэрлэгт хүрээлэн бол Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсэг юм. Дорнын далай тэнгист 740 орчим нэр төрлийн халуун орны ургамлыг барууны хэв маягаар засаж тохижуулсан нь гайхалтай зохицлыг бүрдүүлж өгсөн. Энд хүрэлцэн ирснээр төрөл бүрийн ургамал, цэцгийн мандлаар аялах боломжтой.


Хакдунг хар сувдан далайн эрэг

Энэхүү далайн эргийн хайрга нь хар өнгөтэй, мөлгөр хэлбэртэй бөгөөд холоос нарны туяанд хар сувд мэт харагддаг. Далайн давлагаа эрэгт цохих чимээ нь зөөлөн, сэтгэл санааг тайвшруулан аргадах мэт сонсогддог. Далайн ус нь ер бусын цэвэр, тунгалаг учраас амрагч, аялагчид олноор цуглардаг газар юм.


Канжолгуд наран ургах газар

Энэ бол зүүн эргээс хамгийн түрүүн наран мандахыг харах боломжтой цэг юм. Жил бүрийн шинэ өглөөний анхны нарыг харахаар Солонгосын газар газраас ирсэн хүмүүс энд цуглардаг. Зүүн тэнгисийн хаяанаас мандан ургаж буй улайссан нарны дэвсгэр дээр цасан цагаан өнгөтэй гэрэлт цамхаг хослон, гайхалтай зураглал бий болгоно.


Тэхва голын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хулс модон ой

Тэхва голын дагуу 4 км орчим урт сунасан энэхүү хулс модон ой нь Тэхва голын улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг. Зуны дэлгэр цагт өндөр ургасан хулс модны сүүдэрт суухад сэрүүхэн аятай байдаг. Тэхва голын алсыг харах цэгээс ой модыг бүхэлд нь харах боломжтой.


Жинжүсон хэрэм (Чуксог асар)

1379 онд Японы эзэнт гүрний дайралтаас хамгаалах зорилгоор босгосон энэхүү цайз олон тооны сэргээн босголт, засварын ажлыг туулсан. Тойргийн урт нь 1760 м ба цайзын дотор талд Чуксог асар болон үндэсний музей байдаг. Чүксог асар бол анхлан бэхэлгээний зориулалттай байсан хэдий ч хожим хийдийн сонби буюу эрдэм номын зам мөр хөөсөн бичгийн хүмүүсийн амрах асар болсон. Мөн энд жил бүрийн аравдугаар сард дэнлүүний баяр зохион байгуулагддаг.


Жинхэ Гүнханжэ наадам

Чанвон хотын Жинхэ дүүрэгт ургах сакура цэцэг нэн үзэсгэлэнтэй. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл сакура цэцгийн дэлбээ цас мэт будран орох үед Жинхэ Гүнханжэ наадам зохион байгуулагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж