Юун алсын хараа, амьдралаа хараач!

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Юун алсын хараа, амьдралаа хараач!

Юун алсын хараа, амьдралаа хараач!

Зуун жилийнхээ босго дээр МАН муугаа харууллаа. Амаа олохгүй сайрхан буй МАН-ын засаглах ч гэж дээ, зусаг зурам шиг залуус нь “том даргынхаа” зулгийг нь долоох гэж татвар төлөгчдийн мөнгөөр алсын америкийг хүртэл зорьжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болж, анхны Төрийн тахилга хийхэд л албан тушаал, ашиг сонирхлоо хамгаалахаар араас нь давхилдсан тэд өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцож буй Ерөнхийлөгчийн араас хүртэл очоод амжжээ. Парламентын даргын айлчлал яг ямар ач холбогдолтой нь туулийн бүрхэгээс өнгөц дүгнэвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ч тэдний тоонд багтаж байна. Г.Занданшатар Стэнфордын их сургуультай танилцаж,  “Apple Inc” компанийн төлөөлөл, Кино комиссын гүйцэтгэх захиралтай уулзсан зэргээс харвал “энтертайнмент” хийж яваа бололтой.

“Apple Inc” компани Монгол Улсад Covid-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа УИХ-ын дарга илэрхийлжээ. Түүний явсан гол зорилго нь Ерөнхийлөгчтэй нам, засгийнхаа цаашдын явдлын талаар уулзаж, заавар зааварчилгаа авахад оршино гэдгийг улс төрийн хүрээллийнхэн ярьж байна.

Монголын төрийн гурван том институтийн хоёр тийнхүү гадаадад явах хойгуур Монгол бүхэлдээ гал алдлаа. Өнөөдөр Монголд тархалтыг хянах нь байтугай алдчихсаныг гэрчлэх тоо баримтууд толгой өвтгөж байна.

Covid-19-өөр 276 мянга 507 хүн өвчилсөн, түүнээс 1047 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Эмнэлэгт 21 мянган 397 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн ажиглалтад 56 800 хүн байгаа гэхээ мартсангүй. “Гэрийн ажиглалт” гэх гоёчилсон, төөрөгдүүлсэн үгээр илэрхийлээд байгаа боловч үнэндээ 56 мянга 800 гээд байгаа нь эмнэлэгт багтаагүй, гэртээ өөрсдийгөө эмчилж буй хүмүүсийн тоо. Ингээд тооцвол өнөөдрийн байдлаар 80-аад мянган хүн тахалд нэрвэгдчихсэн гэсэн үг. Эмнэлэг оргүй болж, иргэд өөрөө өөрсдийгөө эмчилж байна. Шинжилгээ өгөх ч боломжгүй болов. Монгол цар тахалд сүйрч байна. Covid-19 туссанаас бол ужиг өвчин нь хөдөлж өнгөрсөн хүмүүсийг тоолоод эхэлбэл өдөрт бид хэдэн хүнийг энэхүү цар тахлаар алдаж аймшигт тоо гарцаагүй гарах нь тодорхой.

Боломж гарвал иргэдийг буруутгаж, болж өгвөл хааж, боож ирсэн хэр нь өөрсдөө намын баяр, морь мал уралдуулж, үй олноор нь цуглуулан халдвар тарааснаа ч ил цагаан зарладаг болчихлоо. Хувийн бизнесийнхэн болохоор тусгай зөвшөөрлөө барьцаалан хариуцлагын гэрээгээ дөнгөлүүлж, төрийн эрх мэдэлтэн болохоор хүссэнээрээ дургидаг тийм л тэгш бус байдал нийгэмд газар авчихлаа.

Орон нутагт найр, наадам, бүсийн уралдаан зохион байгуулж халдвар тархаасан Засаг дарга нартай хэн ч хариуцлага ярьсангүй.

Гэтэл нүүрсний машин тэвшийг чингэлгээр солиход хүртэл гүйцэтгэх засаглалын тэргүүн оролцох жишээтэй. Ажлаа сайжруулах гэж баахан албан тушаалтан томилдог ч тэд нь өмнөхөөс нь дордуулдаг, үлгэн салган явж байсан ажлыг нь таг гацаадаг болчихлоо.

Тав хоногийн дараа Монголд тэг зогсолт хийхэд бэлэн болчихлоо. 28-30 хоногийн шатахууны нөөц байна гээд байсан АМГТГ-ынхан зургаахан хоногийн дараа дахиад сайтар магадлая гэж даапаалаад сууж байна. Салбар хариуцсан сайд нь юу хийж байсныг чөтгөр бүү мэд.

Дахиад л Ерөнхий сайд нь өөрийн биеэр шатахуун импортлогчидтой уулзаж байх жишээ.

Монгол Улсын Засгийн газарт алсын хараа байтугай ойрын бодлого алга. Ерөнхий сайд нь “Цахим засаглалд шилжсэнээр авлигын индекс буурч, хувь хүнээс хамаарсан төрийн хүнд суртал багасна” гэж уянгалаад байдаг.

Гэтэл түүнээс наана шатахуунгүй таг гацаад, уулархаг нутгаар цас ороод эхэлсэн энэ өдрүүдэд монголчууд ургацаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. Бидэнд цар тахал, шатахууны хомсдол бодитоор аюул учруулаад эхэлчихлээ. Өнөөдрийн шатахууны хомсдол ирэх өдрүүдэд бараа, бүтээгдэхүүний үнийг тэнгэрт хадаах нь дамжиггүй.

Нөхцөл байдлыг бодитоор харж, бодлогоор төр барьдаг гэдгийг энэ бүхэн харуулаад буй хэрэг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сэтгэл хөөрлөөр асуудалд хандаж, шийдвэрээ гаргахдаа иргэдийг тандаж байгаад эвгүйтэх шинжтэй бол өөрчлөх, гал унтраах байдлаар асуудалд хандаж ирсэн нь хуримтлагдсаар тэнгэрт тулсан асуудал болчихлоо.

Гүйцэтгэх засаглалд ташуур өгч байх ёстой парламент нь ч цар тахлын хуулиар өөрсдийгөө чөдөрлөж, найзан дундаа найр тавьснаас өнөөдөр Монголын эдийн засаг бүхэлдээ 1992 оны хямрал шиг байдалд орчихсон талаар эдийн засагчид “гасалж” байна.

Хууль бус нам засаглахын балгийг бид улсаараа амсч явна.

Мал гэвэл хойшоо, мах гэвэл урагшаа гэгчээр ажил хийдэг хүн төрд алга. Харин төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулж, хэнтэй нийлж тонох вэ гэсэн хоноцын цэвдэг сэтгэлтнүүд л зайдагнаж байна.

Цаасан дээр ”Cэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэх юм уу “ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсч, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна” гэж тооцоо судалгаагүй мөрөөдлөө бичээд Монгол Улсын урт хугацааны бодлого гэж хууль тогтоогчдоор батлуулаад амьдрал сайжирдаггүй аж.

Газар хороох шатахуунгүй, асуудлыг шийдэх бодлогогүй хэвтэж яаж амьдрах вэ?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж