Дэлхийн 5 улс 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинжуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхийн 5 улс 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинжуулж байна

Дэлхийн 5 улс 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинжуулж байна

Олон улсад хичээлийн жил эхэлж, хөл хорио, хязгаарлалтууд сулрахтай зэрэгцэн гоц халдварт дельта хувилбар эрчимтэй тархсаар байна. Өмнө нь бага насны хүүхдүүд цар тахлаар хүнд өвчилдөггүй гэж эрдэмтэд үзэж байсан ч дельта хувилбараас шалтгаалж энэ дүгнэлт өөрчлөгдөж эхэлжээ.

Тиймээс олон улс арга буюу хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулж, аль чадахаараа залуу үеэ хамгаалах бодлого баримталж байна. Жишээлбэл, АНУ болон Европын холбооны ихэнх орон 12-оос дээш насны хүүхдүүдээ хэдэн сарын өмнөөс эхлэн вакцинжуулж байгаа бол хэд хэдэн орон түүнээс ч бага насны хүүхдүүдийг дархлаажуулаад эхэлсэн.

Анх Хятад зургадугаар сард хүүхдүүдэд зориулан бүтээсэн цар тахлын эсрэг "Синовак", "Коронавак" вакцинуудыг гурваас дээш насны бүх хүүхдэд аюулгүй бөгөөд үр дүнтэйд тооцон яаралтай тусламжийн журмаар хийхийг зөвшөөрч, вакцинжуулалтыг даруй эхлүүлсэн. Удалгүй Хятадын жишгийг Чили, Арабын нэгдсэн Эмират улсууд даган хүүхдүүдээ вакцинжуулсан.

Тэгвэл хамгийн сүүлд Куба улс дотооддоо бүтээсэн вакциныг ашиглахыг зөвшөөрч хоёр настай хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн анхны орон болов. Гэвч эрх баригчид хүүхдүүдэд тарьж эхэлсэн вакцины талаар нарийн мэдээллүүдийг ДЭМБ зэрэг гадаадын ажиглагч байгууллагуудад хараахан өгөөгүй байгаа аж.

Харин Европын холбоо, АНУ, Канад тэргүүтэй барууны орнуудад "Pfizer/BioNTech" компанийн бүтээсэн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хийхэд аюулгүйг батлан, хэрэглэж эхэлсэн билээ. Тус компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр таваас 11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины үр дүнтэй болсон бөгөөд энэ онд багтаан зөвшөөрөл авахаар төлөвлөжээ.

Гэвч дэлхий даяар олон орон хүүхдүүд байтугай эмч нараа ч вакцинжуулж чадахгүй байгаа тул мэргэжилтнүүд баян орнуудыг илүү вакцинуудаа бусдад хандивлахыг уриалсаар байгаа юм.

12-ООС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНЖУУЛЖ БУЙ ОРНУУД

  • Хятад зургадугаар сараас хойш гурваас 17 насны бүх хүүхдээ "Синовак", "Коронавак" вакцинаар дархлаажуулж байна.
  • Чили зургаагаас дээш насны хүүхдүүдээ Хятадад бүтээсэн "Синовак" вакцинаар дархлаажуулж байна. Түүнээс өмнө зургадугаар сард 12-16 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн.
  • Эль Сальвадорт зургаагаас дээш насны хүүхдүүдийг "Синовак" вакцинаар дархлаажуулж эхлэхээр болжээ.
  • Арабын нэгдсэн Эмират улс Хятадын жишгээр гурваас дээш насны бүх хүүхдүүдийг "Синовак" вакцинаар дархлаажуулж байна. Өмнө нь Арабын нэгдсэн Эмират улс тавдугаар сарын дундуур "Pfizer/BioNTech" компанийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөнд Дубай 12-15 насны өсвөр настнуудаа вакцинжуулж эхэлжээ.
  • Куба улс дотооддоо бүтээсэн вакцинаар хоёроос дээш насны бүх хүүхдүүдээ вакцинжуулж байна.

12-ООС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНЖУУЛЖ БУЙ ОРНУУД

  • Сингапур зургадугаар сарын 1-нд 12-18 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.
  • Япон тавдугаар сарын 28-наас эхлэн 12-оос дээш насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.
  • Филиппин тавдугаар сарын 26-наас 12-15 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.
  • Хонгконгийн засгийн газар 12-оос дээш насныхны вакцинжуулалтыг эхлүүлснээ зарлажээ.
  • Израиль зургадугаар сарын 6-нд 12-15 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв. Гэхдээ түүнээс өмнө зарим онцгой нөхцөлөөр 16-аас доош насны зарим хүүхдүүдийг вакцинжуулж байсан юм.
  • АНУ тавдугаар сарын дунд үеэс 12-17 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.
  • Канад тавдугаар сарын эхээр "Pfizer/BioNTech" компанийн вакциныг 12-15 насны өсвөр настнуудад тарихыг зөвшөөрсөн тул вакцинжуулалтыг даруй эхлүүлсэн байна.
  • Бразил зургадугаар сарын 11-нд 12-оос дээш насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.
  • Франц 12-оос дээш насны өсвөр настнуудыг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.
  • Герман зургадугаар сарын 10-нд зөвхөн онцгой шаардлагатай хүүхдүүдийг "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулахыг зөвшөөрсөн байна.
  • Итали тавдугаар сарын 31-нд 12-15 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.
  • Унгар тавдугаар сарын дунд үеэс эхлэн 16-18 насны өсвөр настнуудаа вакцинжуулж буй.
  • Литва зургадугаар сард 12-оос дээш насны өсвөр настнуудыг дархлаажуулж эхлэв.
  • Испани 12-17 насны өсвөр настнуудаа хичээлийн жил эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө дархлаажуулж эхэлжээ.
  • Австри наймдугаар сарын сүүл гэхэд 12-15 насны нийт 340 мянган өсвөр настнуудыг вакцинжуулсан байв.
  • Эстони энэ намарт багтаан өсвөр насны хүүхдүүдээ вакцинжуулж эхлэхээр ажиллаж байна
  • Нэгдсэн Вант улсын эрх баригчид зургадугаар сарын 16-нд 12-15 насны өсвөр настнуудыг "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулахыг зөвшөөрсөн боловч сайд нар илүү нарийн судалгаа шаардлагатай хэмээн үзэж болгоомжилсоор байгаа юм.
  • Швейцарь зургадугаар сарын 4-нд 12-15 насны өсвөр настнуудаа "Pfizer/BioNTech" компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.
  • Норвеги цар тахлын халдвар авбал ноцтой хүнд өвчлөх эрсдэлтэй гэж үзсэн хүүхдүүдэд "Pfizer/BioNTech" компанийн вакцин тарьж буй.
  • Сан Марино 12-15 насны өсвөр настнуудаа вакцинжуулж эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ 5-11 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ВАКЦИН ҮР ДҮНТЭЙ БАЙНА

Цар тахлын эсрэг "Pfizer/BioNTech" компанийн 5-11 настай хүүхдүүдэд тусгайлан зориулж бүтээсэн вакцины туршилтын эхний дүн гарчээ. Эрдэмтдийн дүгнэснээр тус вакцин хүүхдүүдийн биед аюулгүй бөгөөд цар тахлын вирус эсэргүүцэгч хүчирхэг эсрэг биет үүсгэж чадаж байгаа аж.

Хүүхдийн вакциныг 10 микрограмм тунгаар 21 хоногийн зайтай хоёр тарих ёстой гэнэ. Мөн гаж нөлөөний хувьд насанд хүрэгчдэд зориулсан вакцин тариулсан 15-25 настнуудынхаас харьцангуй зөөлөн аж.

Иймээс эрдэмтэд хүүхдүүдэд зориулсан цар тахлын эсрэг энэ вакциныхаа туршилт, дүгнэлтийг үргэлжлүүлэн дуусгаж, үр дүнг нь АНУ-ын хүнс, эмийн удирдах газарт хүлээлгэн өгөх хэрэгтэй. Хэдий хүнс, эмийн удирдах газар вакциныг шууд хүлээн зөвшөөрлөө ч энэ үе шатуудыг дуусах хүртэл наанадаж энэ оны сүүл болох юм.

Түүнээс гадна таваас доош насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилт энэ оны сүүлээр эхлэх төлөвлөгөө бий гэнэ.

Эх сурвалж: CNN BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж