Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн нь спортын салбарт шуугиан дэгдээв. Тэрбээр ийн шийдвэрлэснээсээ их спортоос улс төр рүү урвасан тамирчдын жагсаалтыг нэгээр нэмэгдүүллээ.

Түүнээс өмнө улс төрд хөл тавьж, улсынхаа ерөнхийлөгч болтлоо “дэвшсэн” зургаан тамирчин бий.

  • Боксын тамирчин Иди Амин (Уганда улсын ерөнхийлөгч 1971-1979)
  • Регбигийн тамирчин Еамон де Валера (Ирланд улсын ерөнхийлөгч 1959-1973)
  • Самбо бөхийн тамирчин Х.Баттулга (Монгол Улсын ерөнхийлөгч 2017-2021)
  • Хөлбөмбөгийн тамирчин Ахмед Бен Белла (Алжер улсын ерөнхийлөгч 1963-1965)
  • Хөлбөмбөгийн тамирчин Жорж Веа (Либери улсын ерөнхийлөгч 2018-одоог хүртэл)
  • Хөлбөмбөгийн тамирчин Валдон Довиёого (Науру улсын ерөнхийлөгч 2007-2011)

Энэ бол тамирчнаас Төрийн тэргүүн болсон хүмүүсийн нэрс. Сайд, дарга болсон түмэн буман жишээ дэлхийн спортод бий. Энэ жишиг Монголыг ч тойрсонгүй, Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, сүмогийн Кёкүшюзан Д.Батбаяр гээд спортын дэвжээгээ улс төрийн тайзаар сольсон тамирчин цөөнгүй. Улс, аймаг, сумын цолтой 10 гаруй бөх орон нутагтаа Засаг дарга хийгээд явж байна.  Жишээ нь, Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гэх мэтчилэн.

Нөгөөтэйгүүр их спортыг улс төрийн карьер, эрх мэдэл хүрэх гишгүүрээ болгох сонирхолтой улстөрчид бий.  Товчхондоо, Монголын улс төр, спортын салбар нэг хөнжилд хэдийнэ орсон.  Тамирчид нь төрийн ордонд тухлаж, улстөрчид нь спортын ордонд төвхнөх нь эрүүл үзэгдэл яавч биш. Улс төр, спорт цус ойртохын хэрээр төр чадамжгүйд хүрч, спорт хэрүүл талцалын үүр уурхай болж хувирав. Хамгийн сүүлийн жишээ, боксын холбооны бохир хэрүүлийг хэлж болно.

Монголын спортын холбоодыг улстөрчид атгадаг гэхэд буруудахгүй. Учир нь тэд баян, мөнгөтэй бас эрх мэдэлтэй учраас спортын холбоодоо тэдэнд найр тавин өгөхөөс өөр аргагүйд хүрдэг.

  • Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан /БСШУ-ын сайд асан/
  • Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд/
  • Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ-ын гишүүн/
  • Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын туслах асан Ц.Чингарьд/
  • Даамны холбооны ерөнхийлөгч А.Ундраа /УИХ-ын гишүүн асан/
  • Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга / Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга/
  • Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй /НИТХ-ын дарга асан/
  • Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн асан/
  • Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд /УИХ-ын гишүүн асан/
  • Тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөлийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Цогтбаатар /УИХ-ын гишүүн/ нарын нэрлэж болно.

Уг нь улс төр нь улс төрөөрөө спорт нь спортоороо явбал гоё. Шулуухан хэлэхэд тамирчид нь улс төрөөс, улстөрчид нь спортоос амбицаа тат!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж