Польш улсаас хил дээрээ төвлөрүүлсэн цэрэг, техник хэрэгслийнхээ тоог нэмэгдүүлж, цагаачдын урсгалын эсрэг хүчээ зузаатгав. Беларусьтай залгаа хилийн бүсэд Польшийн засгийн газраас 500 цэрэг, тусгай техник хэрэгслийг нэмж илгээжээ. Польшийн ерөнхий сайд мэдэгдэлдээ “ Минск, Москвагаас ирж буй цагаачдын нарийн зохион байгуулалтад орсон урсгалтай тулгараад байна. Бид хилээ хамгаалж, тэднийг нэвтрүүлэхгүй байхын тулд ажиллана” гэжээ.
Европын холбооны Польш, Литва зэрэг орнууд Беларусиас ирэх цагаачдын их урсгалын эсрэг хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэх болсон. Сөрөг хүчнийг нухчин дарах Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн дэглэмийн эсрэг Европын холбоо хориг тавьснаар цагаачдын урсгал нэмэгджээ.
Түүнчлэн цагаачдын урсгалыг дагаад Covid-19 цар тахлын халдвар нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хил давсан 13 цагаачаас халдвар илэрчээ.
Польшид энэ сарын сүүлээр цар тахлын эсрэг тогтоосон онц байдлыг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
Энэ он гарсаар 8000 гаруй хүн хууль бусаар Польшийн хилийг давахыг оролдсоны 3800 орчим нь энэ есдүгээр сард иржээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ