Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ энэ оны эхний хагас жилд 45 хувиар өсч, нэг баррель нь 80 ам.долларт хүрсэн. Энэ нь манай улсад шатахууны үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн гол шалтгаан билээ. Мягмар гариг (2021.09.21)-ийн байдлаар дэлхийн зах зээл дээр “Брент” маркийн газрын тосны аравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.89 хувиар өсч, 74.58 ам.доллартай тэнцсэн байна. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ БУЛАН”-даа энэ удаа газрын тосны бүтээгдэхүүний талаарх мэдээллийг онцоллоо.
"ОПЕК+" ӨДӨРТ ОЛБОРЛОХ НЕФТИЙН ХЭМЖЭЭГЭЭ САР ТУТАМ 400 МЯНГАН ТОРХООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН, ААЖМААР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өссөн. Нью-Йоркийн биржид энэ сарын эхээр “WTI” маркийн нэг торх нефтийн аравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.40 ам.доллараар өсч, 69.99 ам.долларт хүрсэн. Мөн “Brent” маркийн нефтийн арваннэгдүгээр сард нийлүүлэх үнэ 1.44 ам.доллараар өсч, 73.03 ам.долларт хүрэв.
Нефтийн үнийн өсөлтөд АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл голлон нөлөөлснийг “Синьхуа” уламжилсан. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас мэдээлснээр, тус улсын нефтийн нөөц наймдугаар сарын 27-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд 7.2 сая торхоор буурчээ.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн долоо хоногт бензиний нөөц 1.3 сая торхоор, нэрмэл түлшний нөөц 1.7 сая торхоор тус тус буурав. Үүнтэй зэрэгцэн худалдаачид нефть олборлогч томоохон орнуудын олборлолтын бодлогын талаарх шийдвэрийг үргэлжлүүлэн дагахаар болсон юм.
Мөн нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүд болон түүний холбоотнууд (ОПЕК+) өдөрт олборлох нефтийн хэмжээгээ сар тутам 400 мянган торхоор үргэлжлүүлэн, аажмаар нэмэгдүүлэхээр тохиролцов.
“ОПЕК+” мэдэгдэлдээ “Covid-19 цар тахлын үр дагаврууд тодорхойгүй байдлыг бий болгосон хэвээр байгаа ч эдийн засгийн сэргэх үйл явц түргэсч байгаатай холбоотойгоор зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд бэхжиж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нөөц үргэлжлэн буурсаар байна” гэж дурджээ.
Зах зээлд хэт их хэмжээний нефть нийлүүлэх нь үнийг унагаж болзошгүй бол олборлолтоо хязгаарлах нь “ОПЕК+”-ын гишүүдийн орлогод нөлөөлөх юм. Иймд гишүүн орнууд хорьдугаар уулзалтаараа олборлолтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй байгаа орнуудын төлөвлөгөөгөө нөхөх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал сунгах хэрэгтэй хэмээн үзжээ. Тэдгээр орнуудын хувьд холбогдох төлөвлөгөөгөө есдүгээр сарын 17-нд танилцуулах ёстой. “ОПЕК+” дараагийн уулзалтаа ирэх аравдугаар сарын 4-ний өдөр товлоод буй юм.
ОХУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
ОХУ-д шатахууны үнэ хамгийн сүүлд өнгөрсөн онд буурсан. Энэ сарын 7-ноос 14-ний хооронд бензин, есдүгээр сарын 14-нөөс 21-ний хооронд дизель түлшний үнэ тус тус буурчээ. Мөн үед бензин нэг копейкоор хямдарч, нэг литр нь 45.74 рубль болж байсан бол дизель түлш 48.02 рубль болж, хоёр копейкоор буурсан аж. Жилийн хугацаанд бензиний үнэ 3.19 рубль буюу 7 орчим хувиар, дизель түлшнийх 2.6 рубль буюу 5.4 хувиар тус тус өссөн байна.
Бензиний үнэ дунджаар 15 копейкоор буурч, нэг литр нь 48.93 рубль, дизель түлш долоон копейкоор буурч, нэг литр нь 50.62 рубль болжээ. Тодруулбал, АИ-92 бензиний үнэ 17 копейкоор буурч, 45.99 рубль, АИ-95 16 копейкоор буурч, 49.82 рубль, АИ-98 найман копейкоор буурч, литр тутамд 57.57 рубль болсон байна.
ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирсан үзүүлэлттэй байгаа аж. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлжээ. Бирж дээрх арилжааны хэмжээ нь Монополийн эсрэг алба болон Эрчим хүчний яамны хэмжээнээс нэлээд давсан байна.
Оросын Эрчим хүчний яамнаас "Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дотоодын зах зээлийн бөөний болон жижиглэнгийн үнэ буурсан. Шатахууны үйлдвэрлэлийг мөн өндөр түвшинд байлгасан" гэж мэдээлэв. Тус яамнаас тооцоолсноор, цаашид шатахууны жижиглэнгийн үнэ инфляцын түвшинтэй ойролцоо хэмжээгээр өөрчлөгдөх төлөвтэй байгаа аж.
МОНГОЛ УЛС АИ-92 ШАТАХУУНЫ 18 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд есдүгээр сарын 7-ны байдлаар газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байв. Өнөөдөр (2021.09.21)-ийн байдлаар дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд буй юм. Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй, нийлүүлэлт нь ирэх аравдугаар сард тогтворжих төлөвтэй байгаа аж.
Манай томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть”-ийн “Ангарск” үйлдвэр засвартай байгаа нь шатахууны нийлүүлэлтэд нөлөөлжээ. Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй, харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгдээд байна.
Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас өргөн хэрэглээний 1 литр АИ-92 шатахууны жижиглэн борлуулалтын үнийг тооцоолжээ. Энэ оны долдугаар сард ОХУ-аас хилийн Наушки өртөөгөөр орж ирсэн 1 тонн АИ-92 шатахууны хилийн үнэ 695 ам.доллар байжээ. Ам.долларын ханшийг 2852 төгрөгөөр тооцвол энэ нь 1.982.140 төгрөг болж буй юм.
Монгол Улс шатахууныг 100 хувь импортоор, Сингапурын биржийн үнээр худалдаж авдаг. Тодруулбал, манай улс нийт шатахуун импортынхоо 93 хувийг ОХУ, 4.6 хувийг БНСУ, 1.9 хувийг БНХАУ-аас, бусад улс орнуудаас үлдсэн хувийг нь авдаг. Жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар шатахууны хэрэглээгээ хангадаг. Харамсалтай нь, бид жил бүр нэг сая орчим тонн газрын тос түүхийгээр нь БНХАУ руу экспортолдог, тиймээс газрын тосны үйлдвэр зайлшгүй шаардлагатай юм.
Монгол Улс дахь шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамааралтай. Гэхдээ албаныхан Монголд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүн ашиг нэмсэн үнээр биш, өөрсдийн өртөг, тэр ч бүү хэл өртгөөсөө доогуур үнээр хэрэглэгчдэдээ хүрч байгааг онцолж буй юм.
Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани байдаг ч 50 орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нэг тэрбум ам.долларын импорт хийж буй аж. Эдгээр идэвхитэй 50 компанийн 30 орчим нь жижиглэнгийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Шатахууны зах зээлийн 60 хувийг бөөний, 40 хувийг жижиглэнгийн борлуулалт эзэлдэг. Нийт бүтээгдэхүүний 50 хувь нь дизелийн түлш, үлдсэн 50 хувь нь АИ-92, АИ-95 АИ-80 болон онгоцны, бусад шатах тослох бүтээгдэхүүн байдаг аж.
Эх сурвалж: BLOOMBERG, TASS, REUTERS, OIL PRICE
Холбоотой мэдээ