Европын хөлбөмбөгийн өнгөрөгч зуны солилцоо наймааны цонх “галзуу” өрнөж, төсөөлөөгүй тамирчид бууриа сэлгэсэн. Хамгийн анхаарал татсан нь, Кристиано Роналдо өөрийн өсч өндийсөн "Манчестер Юнайтед" багтаа эргэн ирсэн бол түүний мөнхийн өрсөлдөгч Лионель Месси хэзээ ч явахгүй гэж байсан Барселонагаасаа явж, Парист төвхнөсөн.
Роналдо ч дасал болсон Премьер лигтээ гялалзаж, хоёр тоглолтод гурван гоол оруулснаас гадна Аваргуудын лигт нэг гоол шигтгээд амжсан. Харин Месси шинэ багийнхаа төлөө нийт гурван тоглолтод оролцож хараахан гоол хийгээгүй явна. Сүүлд л гэхэд Лионтой хийсэн тоглолтын 76 дахь минутад Почеттино түүнийг сэлгээнд суулгахад Аргентин эр ч ундууцаж, дасгалжуулагчаа үл ойшоосон.
Тухайн тоглолтын дараа ПСЖ-ийн ахлах дасгалжуулагч Почеттино “Багт маань гайхалтай тоглогчид байгааг хүн бүр мэднэ. Бидэнд 35 хүнтэй, баян бүрэлдэхүүнтэй. Эдгээр тоглогчоос 11 нь л талбайд гарна. Мөн тоглолтын үеэр чухал шийдвэр гаргана. Заримдаа сонголтууд маань үр дүнгээ өгнө. Заримдаа өгөхгүй. Ийм учраас би сэлгээний сандлын урд зогсоод юу хийхээ боддог. Үр дүн нь ямар байхыг, хэн нэгэнд таалагдах эсэхийг мэдэхгүй ч шийдвэр гаргадаг” гэжээ.
Ямартай ч Европын хөлбөмбөгийн урт удаан улирал эхэллээ. Неймар, Месси, Мбаппе гурвыг тун удахгүй гар нийлж, багуудын зүрхэнд шар ус хуруулсан хослол болно гэдэгт хөлбөмбөг сонирхогчид итгэж байна.