Д.Сумъяабазарын газрын "наймаа"

Хуучирсан мэдээ: 2021.09.21-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазарын газрын "наймаа"

Д.Сумъяабазарын газрын "наймаа"

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж буй. Энэ ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг дарга нар хариуцаж байгаа юм. Ингэхдээ Газрын зөрчил арилгах тухай нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд гараашуудыг буулгаж, нийтийн эдэлбэр газар болгож эхлээд байна. Уг захирамжийг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд баталж хэрэгжүүлснээс хойш газар чөлөөлөх ажлын явц 92 хувьтай үргэлжилж буй. Одоо нийтийн эдэлбэр газруудыг тохижуулах л үлдсэн гэх.

Тухайлбал, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт олон жил болсон тоосгон гараашуудыг нурааж, чөлөөлсөн газарт иргэдийн саналаар авто зогсоол, ногоон байгууламж байгуулах ажлыг эхлүүлсэн. Төр өмчөө буцаан авч байгаа нь сайн хэрэг ч иргэдийн саналаар гэх үгийн цаана хотын даргын газрын “наймаа”  юм биш биз гэх хардлага төрж буй.

Учир нь, нийтийн эдэлбэр гэх тодотголтой газруудын зураг төсөлд  ногоон байгууламж тусгасан ч бодит байдал дээр эсрэгээрээ. Жишээ нь, Баянзүрх дүүргийн 136 дугаар цэцэрлэгийн урд байрлах талбайд чөлөөлсөн газарт ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэгийн өргөтгөл хийхээр болж, тохижилтын ажлыг эхлүүлжээ.

Зураг төслөөс харахад ногоон байгууламжаас илүү авто зогсоол, барилгын зураг төсөл дийлэнх хувийг эзэлж байна. Зураг төсөлд хэдий цэцэрлэгийн өргөтгөл тусгасан ч бодит байдал дээр худалдаа үйлчилгээний зориулалттай байгууламж болохыг ч үгүйсгэхгүй. Мөн тус дүүргийн 84 дүгээр сургуулийн урд явган хүний зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийн цогц тохижилт хийхээр төлөвлөжээ.

Зураг төслөөс харвал ногоон байгууламжийн цогц төсөл гэхээс илүүтэй авто зогсоол давамгайлжээ. Энэ мэт  маш олон чөлөөлсөн газарт иргэдийн саналаас зөрүүтэй нь ногоон байгууламж бус авто зогсоол, барилга байгууламжид асуудал бий. Уг нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатарт зүлэгжүүлэлт муу байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт явуулах ёстой. Үүнийг хийх чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” гэж өнгөрсөн тавдугаар сард хэлж байсан. Үүгээр Улаанбаатарыг зүлэгжүүлж ногоон байгууламжтай болгох аяныг эхлүүлсэн гэж болно.

Гэвч түүний хэлсэн үг замхарч амжаагүй байтал чөлөөсөн газар дээрээ  авто зогсоол барих компанит ажил өрнөж эхэлжээ. Зарим иргэдийн зүгээс ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барина гэх анхны танилцуулсан зургаасаа өөр зүйлийг хийх гэж байна хэмээн шүүмжилж байв.

Эрх ашгийн сонирхол, газрын наймааны бизнес үе үеийн хотын дарга, нийслэлийн удирдлагуудаар дамжин далдуур цэцэглэж ирсэн нь өнөөдрийн зохион байгуулалт муутай хотын төвийн барилгуудыг хэлж болно. Үүний тод жишээ нь,  Жуковын талбайн газрын маргаан. Энэ асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “2001 оны Удирдах зөвлөлийн хурлаас үе үеийн алдар цуутай ээжүүдийг таниулахаар “Ээж” музейг байгуулах санал гаргасан. Үүний дагуу төсөл бичиж зураг гаргаж, нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлүүлэх санал тавихад Жуковын хөшөөний арын энэ газрыг олгосон. Ийнхүү барилгын ажил эхэлж, 2006, 2007 онуудад сууриа тавьж байтал Баянзүрх дүүргээс суурьтай нь тулгаад компанид газар олгосон. Улмаар хотын захиргаанаас 13 давхар орон сууц барих албан ёсны зөвшөөрөл өгсөн. Тиймээс ахмадууд маань ажлаа зогсоож, шүүхээр явсан. Явсаар байгаад 2017 онд шүүхийн сүүлчийн шийдвэр гарч, энэ дөрвөн байгууллага хууль зөрчиж, газар аваагүй байна гэсэн. Тиймээс хоорондоо хамтарч ажиллах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан учраас компаниудтайгаа тохиролцоод уг газарт ээж музей, спорт комплекс бүхий авто зогсоолтой ногоон байгууламж бүхий “Жангар цогцолбор” барихаар оршин суугчид болон холбогдох хүмүүсээс санал авахад 80 гаруй хувь дэмжсэн.  Улмаар кино театр, ээж театр, ногоон байгууламж бүхий үйлчилгээний төв хамт баръя гэх санал тавьсан. Тухайн санал нь таалагдсан учир бид уг төслийг танилцуулсан. Төслөө хотод танилцуулахад амаар дэмжсэн. Гэвч уг байгууламжийг яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байгаа” гэсэн юм. Яг ийм жишиг нийслэлд тогтчихсон гэхэд хилсдэхгүй. Газрыг авахдаа олон сайхан амлалт өгч, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай барина хэмээн хулхин дээр цэцэг ургуулаад өндөр өндөр байшин барилга барьчихдаг нь худал биш.

Үүгээр зөвхөн асуудал цэгцрэхгүй. Хотын төвлөрлийг сааруулж их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх асуудлын цаана мөн л газрын асуудал, төсөл хөтөлбөр, тендерийн асуудал яригдах биз ээ.

Хүүхдийн тоглоомын талбайгүй, ногоон байгууламжгүй, явган хүн нь ч аюулгүй зорчих талбайгүй нийслэлд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөө нь хэдэн жилийн даргаа газрын "наймаа" болоод, зориулалтын бус барилгуудаар дүүрчих вий, хотын дарга аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж